Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00100

 

Э.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1908 дугаар магадлалтай

Э.Эын нэхэмжлэлтэй,

“У” УТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э нь тус байгууллагад 2010 онд жижүүрээр ажилд орсон. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан боловч Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсанаар хүчингүй болгосон.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр номын тооллого хийгдэх үеэр ахмад ажилтан Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар ажил дээр ирж бууз жигнэж өгсөн бөгөөд нэг шил архи задалахад тухайн үед байсан хүмүүс бүгд амсаад өгсөн. Гэтэл Хүний нөөц Ж.Золбоо архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн. Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа нараар тайлбар бичүүлсэнийг харуулж, урьдчилан бичсэн бичиг дээр Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нараар зуруулж авсан.

Тэнд байсан 10 хүнээс Э.Э, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нар ажлаас халагдаж, Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, Б. Батбаяр, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэн болно. Хэрэв Э.Эыг архи уусан гэж үзэж байгаа бол тэнд байсан 10 хүмүүс бүгд уусан байхад алагчилж үзээд 3 хүнийг ажлаас халж, 3 хүний цалинг бууруулах арга хэмжээ авч 4 хүнд арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.

Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй. Ажлаас халагдахгүйн тулд хэн ч гэсэн уугаагүй хүнийг уусан гээд хэлж чадна шүү дээ. Хүн болгон өнөөдөр зээлтэй ажлаас халагдахгүйн төлөө байдаг. Захирал намайг өмнө нь маргаан үүсгээд явсан гээд халсан гэж үзэж байна.

Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд явуулахаар тооллогын комисс томилж тооллогын ажил явагдсан.

Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дэх салбар номын санд архидалт болж байна гэсэн уншигчийн гомдол утсаар ирсэн. Гомдлын дагуу шалгалтаар очиход Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүр Э.Э, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Э.Тайванжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Энхтуяа, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Цэцэгмаа, Төв номын сангийн ном зүйч О.Долгорсүрэн, номын санд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр Э.Эыг ажлаас нь халсан, тухайн өдөр өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа, жижүүр Э.Э нарын 10 хүн байсан нь үнэн.

Байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталсан. Энэ журмаар тус байгууллагын дотоод хяналт шалгалт хийх харилцааг зохицуулсан. Байгууллага Дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт хийж ажилчиддаа зохих арга хэмжээ авсан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн өдөр тэнд байсан хүмүүст ялгамжтай арга хэмжээ авсанд гомдож байна гэж байгаа нь ойлгомжгүй байна, өнөөдөр энэ хуралдаанаар зөвхөн Э.Эын гомдлын талаар яригдаж байгаа гэж ойлгож байгаа.

Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж байгаа тул Э.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой дутагдал гаргасан. Иймд Э.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Э.Эыг Угийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1908 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.17-ны өдрийн 181/ШШ2018/01569 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.27-ны өдрийн 1908 тоот магадлалтай тус тус танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрөн хяналтын гомдол гаргаж байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн гэрээг дуусгавар болгож байгаа тушаал шийдвэрээ гаргах ёстой. Ингэснээр ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангах юм.

Нэхэмжлэгч миний бие хэдийгээр жижүүр гэсэн нэртэй боловч СХД, ХУД дэх салбар номын сангийн дунд өдөр өдрөөр ээлжлэн явж ажил үүрэг гүйцэтгэдэг, аж ахуйн туслах ажилтан юм. Номын сан нь дохиолол, хамгаалалтын байгууллагатай хамтран ажилладаг тул миний бие хүмүүсийн цүнх савыг шалган оруулах гэсэн үүрэг ажлын байрны тодорхойлолтоор хүлээдэггүй болно. Номын тооллого хийж байхад гаднаас уншигч авдаггүй, мөн тухайн болсон үйл явдлын үеэр ч ямар нэгэн уншигч байгаагүй. Номын сан нь ХУД-ийн үйлчилгээний төвийн зөвхөн хоёр давхарт байдаг бөгөөд миний бие 2 дугаар давхрын үүдэнд сууж байсан.

Энэ үед 14 цаг өнгөрөөгөөд хоёр ахмад настан ирсэнээс хойш 20-30 минут өнгөрсний дараа үйлчлэгч Шинэцэцэг таныг хоол ид гэж байна гэхээр нь миний бие 2 удаагийн давтамжтайгаар ороод хоол идэхэд тэнд тооллого хийж байсан хүмүүс бүгд байсан болно. Хоёр дахь удаагаа бууз идээд гарах гэтэл нэг шил архи задалж байсан бөгөөд эрхлэгч Тайванжаргал болон Энхтуяа нар ажлын байран дээр ажлын цагаар болохгүй гэхэд ахмад настангууд заавал уу гэж байгаа юм бишээ та нар ёслоод өгчих, идээний дээж шүү дээ гэхээр нь ёслоод өгсөн /сэржим өргөөд/ болохоос балгасан буюу уусан зүйл огт байхгүй болно. Зөвхөн тэнд байснаар нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм бол бүгдээрээ байсан гэж маргасан атал хоёр шатны шүүх ууснаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол тус шүүхүүдэд нэхэмжлэл, гомдол гаргаад явахгүй байсан. Мөн архи уух, согтуурсан гэдэг ойлголт бол балгах залгихыг хэлэх болов уу гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд балгаж залгиагүй, тухайн өдөр машинтай явж байсан учраас амандаа ч хүргэлгүй, сэржим өргөөд өгсөн болно. /хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт хуулбар/

Хариуцагч нь нэхэмжлэгчийг архи уугаагүй юм бол өөрөө цагдаа дээр очоод үүнийгээ нотлох ёстой гэж хоёр шатны шүүхэд тайлбарладаг. Архи хэрэглээгүй, архидан согтуураагүй байж цагдаад очиж архи уусан эсэхээ тодорхойлуулах гэдэг нь ойлгомжгүй хэрэг. Ажил олгогч нь архи уусан байна гэж хардаж байсан бол тухайн үед нь цагдаа дуудаж баримтжуулсан бол ямар нэгэн маргаан гарахгүй, ялгаварлан гадуурхсан шийдвэр гарахгүй байх байсан. Үүнийг хоёр шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн тухайн асуудалд буруутай болон буруугүй эсэх талаар нэхэмжлэгчээс хариуцагч ямар нэгэн тайлбар аваагүй бөгөөд тайлбар гаргах боломжоор хангаагүй зөвхөн гэрч нарын тайлбарт үндэслээд хариуцагч ажлаас халсан тушаал шийдвэрээ гаргасанд гомдолтой байна гээд байхад үүнийг харгалзаж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3.3-т “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм. Иймээс тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ” гэж заасан байгааг анхаарч үзнэ үү.

Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид: ... шударга ёс ... эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна”, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байгааг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасан байгааг зөрчөөд, өмнө нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байсныг МҮЭ-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах комисст хандаж уг тушаалыг хүчингүй болгуулсан, ажил олгогч буюу хариуцагчид шударга шаардлага тавьдагийнхаа төлөө ажлаас халагдсандаа гомдолтой байна гэж 2 шатны шүүхэд нэхэмжлэл, гомдлоо гаргаж ирсэн болно. Түүнээс биш хариуцагчийн гаргаж тавьж буй архи уусан гэх үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад тус шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа шалгалтаар очиход дараах хүмүүс архи уусан байдалтай байсан гээд нэр бүхий 6 хүний нэрийг дурдаад, хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцаж, гэрч болон ажилчдыг дуудаж тайлбар бичүүлж авсан гэж тайлбар гаргасан байсан. /XX-17/ Үүний дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой /XX-37/ танилцахад он сар нь уг үйл явдал болсон 2018.04.17-ны өдөр биш 2018.04.19-ний өдөр буюу үйл явдал болсноос хойш 2 өдрийн дараа байгааг 2 шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн дээрх үнэн зөвийг баталгаажуулсан гээд байгаа хүмүүсийг дуудахад Л.Шинэцэцэг тухайн дуудсан өдөр буюу маргааш нь байхгүй байсан тул түүний оронд номын санч Ц.Бямбаа явсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн утгандаа дурдсан бөгөөд үүнийг хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Б.Батбаяр гэрчлээд байхад яагаад Ц.Бямбаагийн биш байхгүй байгаа Л.Шинэцэцэгийн гарын үсэг байгаа юм бэ? Үүнийг шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн гэрч нар болон нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбар дараах нэг зүйл дээр тохирдог. Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоо биднийг ажлаа хэвийн хийж байхад ирсэн хэрнээ шүүхэд хариу тайлбар гаргахдаа “архи ууж байгаа байдалтай байсан” гэдэг.

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ц.Цэрэннадмид тухайн архи уусан гэх асуудалд огт оролцоогүй ажлаа хийж байсан юм бол хэн хэн архи уусан гэх байдлыг хэрхэн мэдэж байгаа юм бэ? Мөн гэрчээр асуугдсан О.Энхмаа нь бууз жигнээд тухайн өрөөнд байгаагүй орж гарч байсан, мөн Ц.Цэрэннадмидын өрөөнд түүнтэй сууж байсан гэж мэдүүлсэн. Ц.Цэрэннадмид, О.Энхмаа нар нь хүүхдийн уншлагын танхимаас буюу Ц.Цэрэннадмидын ажлын байрнаас тухайн үйл явдлыг харсан гэж байгаа ч бодит байдал дээр эрхлэгчийн өрөөг харах боломжгүй юм. О.Энхмаа нь тэнд байсан хүмүүс бүгд архи уусан нь харваас мэдэгдэж байсан гэж мэдүүлсэн нь архи уусныг тогтоох багаж хэрэгслийн үүрэг гүйцэтгэсэн болж байна. Мөн гэрчээр асуугдсан гэх зөрчлийн тухай тэмдэглэл бичсэн Б.Батбаяр бол тухайн өрөөний эзэн буюу тус архи уусан гэх үйл явдал болсон салбарын эрхлэгч, хариуцпагатай албан тушаалтан нь болно. Тэрээр дээрх Ц.Цэрэннадмид ажлаа хийж байсан, О.Энхмаа бууз жигнэж байсан гэдгийг гэрчилсэн байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Тухайн үйл явдалд хамт байсан Б.Батбаярт хариуцагч ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрөөж байгаа нь хачирхалтай. Үилчлэгч О.Энхмаа нь тус шүүхэд гэрчээр асуулгасны дараа номын санч болон тушаал дэвшсэн нь хардлага төрүүлж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр асуугдсан захиргааны зүгээс дарамт байсан эсэх тухай асуухад “нэг шил архиа хоёр шил архи болгож бичиж өг” гэсэн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Эндээс үзвэл энэхүү гурван гэрчид ямар дарамт байсан болон гэрчээр архи уусан гээд үгээ нийлүүлээд асуугдвал юу амласан эсэх нь тодорхой байгаа болно. Мөн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо цаг хугацааны хувьд болон хүний тоо, үйл явдал зөрж байгаа ч ганцхан Золбоог ирэхээс өмнө тухайн үйл явдал болсон гэх өрөөнөөс гарч, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг дээр тохирч байгаа нь уг архи уусан гэх үйл явдал нотлогдохгүй байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Тухайн өдөр архи уусан гэх үйл явдалд хариуцагчийн гэрч нарын мэдүүлгээр тэтгэвэрт гарсан 2 ахмад настантай нийлээд 8 хүн байсан гэх, хэргийн материалд нотлох баримтаар өгсөн тодорхойлолтууд болон миний 5 гэрч асуулгах хүсэлтээс Бямбаа болон Ж.Энхтуяа нарыг гэрчээр асуухад тэтгэвэрт гарсан хүмүүстэй нийлээд 12 хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Ингэж гэрч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад зөвхөн хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлгийг шүүхээс үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 8 байна уу, 12 байна уу ялгаагүй нэхэмжлэгч болон Тайванжаргал, Д.Энхтуяа нарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаад, Цэцэгмаа, Долгорсүрэн, Бямбаа нарт цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулснаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүмүүс архи ууснаа хүлээн зөвшөөрсөн тул ажлаас халаагүи гэсэн байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын дотоод дүрэм журамд үнэнээ хэлсэн бол оногдуулах сахилгын шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Шүүх хурал дээр нэг хүний асуудал яригдсан боловч тухайн архи уусан гэх асуудалд дан ганц нэхэмжлэгч хамааралтай бус олон хүн байсан гэдгийг хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нотолж байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод хяналт шалгалтын комиссын дарга Ж.Золбоо шалгаад зөрчлийн тодорхойлолт хийгээд уг гарсан зөрчлийг баталгаажуулан авсан юм бол яагаад 2017.05.24-ний өдөр баталсан А/24 тоот тушаал болох Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлаагүй юм бэ? Өөрөөр хэлбэл хариуцагчаас эхлээд өмнөх хойшилсон шүүх хурал дээр байхгүй гээд гаргаж өгөөгүй боловч сүүлд нь гаргаж өгсөн баримт болох /ХХ-74/ 2018.04.07-ны өдөр Б/33 тоот тушаалаар баталсан 5 гишүүний 4 гишүүн нь ямар үүрэгтэй тус комисст оролцож байгаа нь тодорхой бус, тус журмын 2.3-т ...хараат бус, ил тод, шударга, ... зарчимд тулгуурлана, 2.6-д .... ижил зөрчилд адил арга хэмжээ авна, 3.7-д .. улиралд нэгээс доошгүй удаа захиргааны хурлаар хэлэлцүүлж ... , гэж заасан боловч захиргааны хурал болоогүй учир уг асуудлыг хэлэлцүүлээгүй, 3.8-т ... илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулах, гэж заасан боловч ямар ч тайлбар авалгүйгээр хөндлөнгийн этгээд болох өөрсдийгөө уугаагүй гэж мэдүүлж байгаа этгээдүүдээс авсан, 3.9-д шаардлагатай бол ... зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар номын сангийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх гэж зааснаар хэзээ, ямар сахилгын шийтгэл ногдуулах тухай санал тавьсан эсэх тухай нотлох баримт байхгүй. /ХХ-34/ Хамтын гэрээний 8.6-д “ҮЭ-ийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх аливаа шийдвэр гаргахдаа 1 долоо хоногоос багагүй хугацааны өмнө ҮЭ-ийн хороонд танилцуулж, саналыг тусгаж байх” гэж заасан боловч нэхэмжлэгч ҮЭ-ийн гишүүн бөгөөд татвар төлөгч учир ҮЭ-ийн хороон дарга Цэцэгмааг гэрчээр асуулган ҮЭ-ийн гишүүн мөн эсэхийг тодоруулах гэтэл шүүгч миний хүсэлтийг хүлээж аваагүй нь дан ганц нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд хяналтын гомдлоо гаргаж байна.

Иймд тус шүүх магадлалдаа миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.17-ны өдрийн 181/ШШ2018/01569 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.27-ны өдрийн 1908 тоот магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.Э нь “У” УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Э. Энхбаатарыг “У” УТҮГ-ын харъяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрээр ажиллаж байхад нь Захирлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/20 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн гэрээний 3.2. дахь заалтуудыг баримтлан “...албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцаааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.-т “ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Э.Э нь тус байгууллагад жижүүр ажилтай, байгууллагын эд хөрөнгө, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй атлаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд, ажлын цагаар бусдад архидан согтуурах  боломж олгож,  согтууруулах ундаа хэрэглэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д “төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн архи уугаагүй, амсаад өгсөн гэж тайлбарыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүгнэлтийг хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь тухайн өдрийн үйл баримтыг нотлуулахаар Ж.Энхтуяа, Ц.Бямбаа, Д.Энхтуяа, Д.Цэцэгмаа, Э.Тайванжаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх зарим гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг тайлбар гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.1, 38 дугаар зүйлийн 38.6., 25 дугаар зүйлийн 25.1.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1908 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД