Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01569

 

2018 оны 07 сарын 17 өдөр    Дугаар 181/ШШ2018/01569   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У УТҮГ -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүхэд ирүүлсэн нэхэмжлжл болон түүний төлөөлөгч хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Э нь тус байгууллагад 2010 онд жижүүрээр ажилд орсон бөгөөд сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2018.01.29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан боловч Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсаны улмаас 2018 оны 02 сард шинээр томилогдоод ирсэн захирал Индра хүчингүй болгосноор ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.2018.04.17-ны Мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байсан. Цайны цаг /13.00-14.00/-аар манай байгууллагын ахмад ажилтан болох Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар ирэхдээ тооллого хийж байсан хүмүүс рүү 2 тортой юм бариад орсон.

Харахад ямар ч байсан 3 кг хөлдүү бууз харагдаж байсан. Үүнээс хойш 40-50 минутын дараа үйлчлэгч Л.Шинэцэцэг таныг орж ирээд халуун хоол ид гэж байна гэхээр нь яваад ортол 4 ширхэг халуун бууз аягалаад өгөхөөр нь идсэний дараа архи задлаад хундагалаад өгөхөд өнөөдөр би ажилтай ууж болохгүй гэхэд ёс юм чинь амсаад өг гэхээр нь амсаад өгсөн болно.

Тухайн үед: Б.Батбаяр /ХУД-ын салбарын эрхлэгч/, Ц.Цэрэннадмид /ХУД дэх салбарын Хүүхдийн танхимын номын санч/,Ц.Бямбаа /ХУД дэх салбарын Нийтийн танхимын номын санч/, Энхмаа /ХУД дэх салбарын үйлчлэгч/, Л.Шинэцэцэг /ХУД дэх салбарын үйлчлэгч/, Э.Э /ХУД дэх салбарын жижүүр/, Э.Тайванжаргал /БЗД дэх салбарын эрхлэгч/, Д.Энхтуяа /СХД дэх салбарын үйлчлэгч/, Д.Цэцэгмаа /ХУД дэх салбарын номын санч, Үйлдвэрчний хорооны дарга/, О.Долгорсүрэн /Төв номын сангийн ном зүйч/, Ж.Цогзолмаа /Өндөр настан/, Ж.Энхтуяа /Өндөр настан/ нар байсан бөгөөд бүгд амсаад өгсөн болно.

 

Ингээд жижиг жигнүүрээр хэд хэд таслаад жигнэсэн бөгөөд гарах гэхээр дараагийн бууз болно байж бай гэхээр нь ахмад ажилтан нартай ярилцаад сууж байтал 16.00 цагийн орчимд ХУД дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж Хүний нөөц Ж.Золбоо утсаар ярьж байна, одоо очлоо гэж байна гэсэн.

 

Хүний нөөц Ж.Золбоо орж ирээд нэг ч үг ярилгүй гарсан ба харин ХУД дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж түүнээс архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн. Маргааш өдөр нь цайны цагийн дараа ХУД дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр фондод орж ирэн Ц.Цэрэннадмид, Л.Шинэцэцэг, Энхмаа нарыг нэр цохон дуудаж байна, явж уулзаад ирье гэсэн.

 

Тэр өдөр Л. Шинэцэцэг байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Бямбаа тэдэнтэй хамт явсан. Хэсэг хугацааны дараа Ц. Бямбаа ном бүрдүүлэгч Э. Дэлгэрмөрөнгийн утсаар залгаж Д. Энхтуяатай ярьж, Индра та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийн бичиж өг гээд загнаад байна . Би юу бичих юм бэ? гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн . Бүгдээрээ ярилцаад бидний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон очиж уулзаж учираа ололцъё гээд 17.30 цагийн үед төв номын сан дээр ирсэн. Биднийг очиход нарийн бичгийн өрөөний үүд/ захирлын үүдний өрөө/, захирлын өрөөний үүд хоёулаа нээлттэй байсан /дараа нь биднийг хаалга өшиглөж орж ирсэн гэж буруутгасан/ бөгөөд захирал Д.Индра Хүний нөөцийн өрөөнөөс гарч ирэхэд нь тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас биднийг хүлээж авахгүй гэсэн.

           

Араас нь дагаж өрөөнд нь орвол Уянгаа манаачаа дуудаад эд нарыг хөөж гарга гэсэн. Нарийн бичиг жижүүр рүү ярьж дуудсан боловч жижүүр биднийг хараад буцаад явсан. Захирал Д.Индра нарийн бичиг Энх-Уянгыг дуудаж биднийг ирэхээс өмнө Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц. Бямбаа, Энхмаа нараар бичүүлсэн бичгээ бидэнд холоос харуулан та нартай архи уусан, сөнг чинь түшиж өгсөн, уусныг чинь харсан хүмүүсийн бичиж өгсөн зүйл энэ байна. Энэ бол баримт Та нар үгүй гэх үү гэсэн. /Б.Батбаяр, Цэрэннадмид, Ц.Бямбаа, Энхмаа нарын өөрсдийн бичсэнээс гадна урьдчилан бичиж бэлдсэн бичиг дээр гарын үсэг зурахыг шаардаж хоёроор нь/ Ц.Цэрэннадмид ,Энхмаа/ зуруулж авсан. Мөн 04 дүгээр сарын 19- ний өдөр ХУД дэх салбарын үйлчлэгч Л.Шинэцэцэгийг дуудан гараар бичсэн болон компьютерт шивж урьдчилан бэлдсэн 2 бичиг дээр гарын үсэг зуруулсан бөгөөд гараар бичсэн бичгийг нь Д.Индра захирал надаар уншуулалгүй зуруулсан гэж бидэнд хэлсэн/ 04 дүгээр сарын 24- ний өдөр БЗД дэх салбарын эрхлэгч Э.Тайванжаргалыг дуудаж уулзаад Энхбаатар, Энхтуяа, Тайванжаргал гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа. Гэхдээ өөрийн чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Тайванжаргал Захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу ? гэж хэлсэн. Тэгэхэд Д.Индра Өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд. Яагаад энэ хоёрыг/ Д.Энхтуяа, Э.Э нар/ хамгаалаад байгаа юм. Энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд Эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20% хасуулах сонголт өглөө. Өөрөө сонго гэхэд нь Хамт л байсан, адилхан шийтгэл авъя. Гэхдээ ямар ч шийтгэл байсан би хүлээн зөвшөөрөхгүй ээ гээд өрөөнөөс нь гарсан.

Тэнд байсан 10 хүнээс Э.Э, Д. Энхтуяа, Э.Тайванжаргал нар ажлаас халагдаж, Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 % хасах сахилгын шийтгэл авч, Б. Батбаяр, Ц.Цэрэннадмид, Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэн болно.

Хэрэв Э.Эыг архи уусан гэж үзэж байгаа бол тэнд байсан 10 хүмүүс бүгд уусан байхад алагчилж үзээд 3 хүнийг ажлаас халж, 3 хүний цалинг бууруулах арга хэмжээ авч 4 хүнд арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.

Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй. Ажлаас халагдахгүйн тулд хэн ч гэсэн уугаагүй хүнийг уусан гээд хэлж чадна шүү дээ. Хүн болгон өнөөдөр зээлтэй ажлаас халагдахгүйн төлөө байдаг. Захирал намайг өмнө нь маргаан үүсгээд явсан гээд халсан гэж үзэж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр /2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг/ хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд явуулахаар тооллогын комисс томилж тоологын ажил явагдсан.

            Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дэх салбар номын санд архидалт болж байна гэсэн уншигчийн гомдол утсаар ирсэн. Гомдлын дагуу шалгалтаар очиход Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүр Э.Э, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Э.Тайванжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Энхтуяа, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Цэцэгмаа, Төв номын сангийн ном зүйч О.Долгорсүрэн, номын санд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлага тавигдаагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр Э.Эыг ажлаас нь халсан, тухайн өдөр өндөр настан Цогзолмаа, Энхтуяа, жижүүр Э.Э нарын 10 хүн байсан нь үнэн.

Байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталсан. Энэ журмаар тус байгууллагын дотоод хяналт шалгалт хийх харилцааг зохицуулсан.

Байгууллага Дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт хийж ажилчиддаа зохих арга хэмжээ авсан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн өдөр тэнд байсан хүмүүст ялгамжтай арга хэмжээ авсанд гомдож байна гэж байгаа нь ойлгомжгүй байна, өнөөдөр энэ хуралдаанаар зөвхөн Э.Эын гомдлын талаар яригдаж байгаа гэж ойлгож байгаа.

Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж байгаа тул Э.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой дутагдал гаргасан.

Иймд Э.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Угийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Э.Эыг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж маргажээ.

 

Угийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд жижүүрийн ажил эрхэлж байсан Э.Э-ыг .. ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/20 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8,21-27,37,68,69,75-77 -р хуудас/

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Э.Эыг хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Э.Э нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Ажил олгогч, ажилтан Э.Э нар нь гэрээний нөхцлийн харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6,7, 68, 69-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний 3.2.-д Ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл болно гэж,

3.1.-т Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон тохиолдолд гэрээг дуусгавар болгоно гэж тус тус заажээ. /хх-ийн 6, 7, 68, 69-р хуудас/

Ажилтан Э.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа / архи уусан / хэрэглэсэн, архидан согтуурах нөхцөлөөр хангасан болох нь тухайн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон байх бөгөөд зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 6, 7 ,21-24, 37, 38, 62-67, 74-77-р хуудас/

Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1., 3.2., Дотоод журмын 12.4.3-т заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, архидан согтуурах нөхцлөөр хангасан болох нь хөдөлмөрийн гэрээ дотоод журам болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 21-24, 37, 38, 62-67-р хуудас/

Э.Э-ыг дээрх үндэслэлээр Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

            Иймд Угийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Э.Эыг У-ийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО