Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01009

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01009

 

 

 Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00643 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Лайткапитал хаус ХХК-д холбогдох

 

Татварын өр 292 969 247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лайткапитал хаус ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 292 969 247 төгрөгийн өр, төлбөртэй байна. Бид нэхэмжлэл гаргахдаа өр, төлбөрийн хэмжээг 371 104 547 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байх тул шаардлагаа 292 969 247 төгрөг болгож багасгаж байна. Хариуцагч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын 95 387 833 төгрөгийн, хувь хүний орлогын албан татварын 194 314 төгрөгийн өртэй болох нь тус компанийн гаргаж өгсөн тайлангаар тогтоогдоно. Харин хяналт шалгалтаар 197 387 100 төгрөгийн төлбөртэй болох нь 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 253132 тоот улсын байцаагчийн актаар тогтоогдож байгаа. Уг акт өнөөдөр хүчин төгөлдөр болсон. Бид татварын өрийг төлүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээ хаах зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Лайткапитал хаус ХХК нь үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, автомашингүй, бусдаас авах авлагагүй. Иймд Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу 292 969 247 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Татварын өр төлбөртэй байгууллагын талаар бид тусдаа программ дээр тооцоолол хийдэг бөгөөд тооцоолол нь тайланд тусгагдсан дүнгээс жаахан зөрүүтэй, дутуу байгаа боловч энэ дүнгээрээ нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч компани нь 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 95 387 833 төгрөгийн өр гараагүй, мөн хүн амын орлогын албан татварын тайлангаар 194 314 төгрөгийн өртэй гэж тайлагнаагүй, ийм төлбөр гараагүй тул төлөх үндэслэлгүй. Харин хяналт шалгалтын актаар 197 387 100 төгрөгийн төлбөртэй гарсан нь үнэн. Гэхдээ энэхүү төлбөр нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй тул өршөөгдсөн гэж үзэж байна. Иймд одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хяналтын шалгалтын актаар тогтоосон төлбөр өршөөлд хамрагдах үндэслэлтэй талаар шүүхийн шийдвэр тусгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг баримтлан Лайткапитал хаус ХХК-аас татварын өр 292 969 247 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Лайткапитал хаус ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,622,796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчид тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг олгоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтад үндэслэж хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Татварын улсын байцаагчийн 253132 тоот актын хүчин төгөлдөр эсэх болоод нэхэмжлэгчээс гаргасан тайлангууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хариуцагч маргаагүй тул шүүх актыг хүчин төгөлдөр, тайлангуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх эдгээр баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 30 тоот тогтоолын 1 дэх хэсэгт "иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй" гэж заасан. Иймд дээрх баримтуудыг нотлох баримт гэж үзэхгүй. Хариуцагч талаас дээрх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүх хуралдааны явцад хэлсэн. Гэтэл шүүх хэргийн оролцогчоос гаргасан тайлбарыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчид маргасан эсэхээс үл хамааран хуулийн шаардлага хангаагүй баримтыг нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд тухайн баримтыг үнэлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг зөрчиж, хариуцагчаас их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны 12 дугаар сарын тайлангаар тайлагнасан 95 880 232.60 төгрөг, 2014 оны 01 дүгээр улирлын тайлангаар тайлагнасан 195 000 төгрөгийг төлөх үүрэгтэй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 12 дугаар сарын тайлан, 2014 оны 01 дүгээр улирлын тайлангаар "Лайт капитал хаус" ХХК-д өр төлбөр гараагүй /нотлогдоогүй/.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өрийг захиргааны шийтгэл гэж үзэх үндэслэлгүй, Анхны ардчилсан сонгууль болж байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд татварын өр хамаарахгүй тул шүүх хариуцагчаас 197 387 100 төгрөгийн өрийг мөн гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д татвараа хугацаанд нь тайлагнаагүй татвараа нуун дарагдуулсан этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны байгууллагын зүгээс оногдуулах хариуцлагын талаар дээрх хуулийн зохицуулалтад хуульчилж өгсөн. Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн зөрчилд оногдуулсан захиргааны хариуцлагыг захиргааны шийтгэлд хамаарахгүй тул өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "4.3-д зааснаар анхан шатны шүүхийн дүгнэж буй шиг зөвхөн захиргааны шийтгэл хүлээсэн этгээд бус, мөн зөрчил гаргасан этгээдийг хамааруулахаар хуульд хуульчилсан ба хяналт шалгалтын актаар илэрсэн зөрчилд оногдуулсан захиргааны хариуцлагаас "Лайткапитал хаус" ХХК-ийг уг хуулийн үйлчлэлд хамааруулах ёстой. Иймд 253152 тоот актаар оногдуулсан 197 387 100 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж өршөөгдсөн болохыг магадлалд тусгаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Лайткапитал хаус ХХК-д холбогдуулан татварын өр 292 969 247 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Лайткапитал хаус ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /хх 35-37/, 2014 оны 1 дүгээр улирлын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /хх 38-39/ зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь төрийн байгууллагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах боломжтой боловч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллага нотлох баримт гаргахдаа дээр дурдсанаар өөрөө баталгаажуулах нь талуудын тэгш байх зарчимд нийцэхгүй юм.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06ы өдрийн 181/ШШ2017/00643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Лайткапитал хаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 622 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ