Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр          Дугаар 181/ШШ2017/00643               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/1-д байрлах, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс /РД:9087001/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 23 дугаар байр, 303 тоотод байрлах, “Лайткапитал хаус” ХХК /РД:2887452/-д холбогдох 

 

Татварын өр 292,969,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Татвар төлөгчийн 2887452 тоот регистрийн дугаартай “Лайткапитал хаус” ХХК нь 2005 онд байгуулагдсан улсын бүртгэлийн 9011085009 тоот гэрчилгээтэй, барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Тус компани нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 292,969,247 төгрөгийн өр, төлбөртэй байна. Бид нэхэмжлэл гаргахдаа өр, төлбөрийн хэмжээг 371,104,547 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байх тул шаардлагаа 292,969,247 төгрөг болгож багасгаж байна.

Хариуцагч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын 95,387,833 төгрөгийн, хувь хүний орлогын албан татварын 194,314 төгрөгийн өртэй болох нь тус компанийн гаргаж өгсөн тайлангаар тогтоогдоно. Харин хяналт шалгалтын актаар 197,387,100 төгрөгийг төлбөртэй нь 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 253132 тоот улсын байцаагчийн актаар тогтоогдож байгаа. Уг акт өнөөдөр хүчин төгөлдөр болсон.

Бид татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Лайткапитал хаус” ХХК нь нийслэлд лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, авто машингүй, бусдаас авах авлагагүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “...Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана...”, 70 дугаар зүйлийн 70.1-д “...Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэж заасны дагуу тус компаниар 292,969,247 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Татварын өр төлбөртэй байгууллагын талаар бид тусдаа программ дээр тооцооллыг хийдэг бөгөөд миний хийсэн тооцоолол тайланд тусгагдсан дүнгээс жаахан зөрүүтэй, дутуу байгаа боловч энэ дүнгээрээ нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

            Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон журмын дагуу шүүхэд хандсан байгаа боловч хариуцагч компани нь 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 95,387,833 төгрөгийн өр гараагүй, мөн хүн амын орлогын албан татварын тайлангаар 194,314 төгрөгийн өртэй гэж тайлагнаагүй, ийм төлбөр гараагүй тул төлөх үндэслэлгүй.

            Харин хяналт шалгалтын актаар 197,387,100 төгрөгийн төлбөртэй гарсан нь үнэн. Гэхдээ энэхүү төлбөр нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй тул өршөөгдсөн гэж үзэж байна. Иймд одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хяналтын шалгалтын актаар тогтоосон төлбөр өршөөлд хамрагдах үндэслэлтэй талаар шүүхийн шийдвэр тусгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан нотлох баримтуудад хариуцагч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан гэж үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Лайткапитал хаус” ХХК-аас татварын өр 371,104,547 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95,387,833 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 194,314 төгрөг, хяналтын шалгалтын актаар тогтоосон татварын өр 197,387,100 төгрөг, нийт 292,969,247 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын өр болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн өр гараагүй, харин 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн актаар 197,387,100 төгрөгийн төлбөр тавигдсан нь өршөөлд хамрагдаж, төлбөрөөс чөлөөлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

“Лайткапитал хаус” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны 12 дугаар сарын тайлангаар 95,880,232.60 төгрөгийн дутуу төлөлттэй, Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны 1 дүгээр улирлын тайлангаар 195,000 төгрөгийн дутуу төлөлттэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 253132 актаар 197,387,100 төгрөгийн татварын өртэй болох нь хэрэгт авагдсан тайлангууд, улсын байцаагчийн акт болон татварын тооцооллын жагсаалт, татварын өрийн тооцоолол болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Татварын улсын байцаагчийн 253132 тоот актын хүчин төгөлдөр эсэх болоод нэхэмжлэгчээс гаргасан тайлангууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хариуцагч маргаагүй тул шүүх актыг хүчин төгөлдөр, тайлангуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх эдгээр баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Татварын Ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу хугацаа тогтоосон мэдэгдэх хуудсыг удаа дараа “Лайткапитал хаус” ХХК-ийн захирал Н.Мөнхбатад гардуулсан боловч тус компани татварын өрийг тогтоосон хугацаанд төлөөгүйн улмаас мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан дарааллын дагуу татварын өрийг гаргуулах ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч өр барагдуулах боломжгүй нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 8/612 тоот, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 505 тоот, Баянгол дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 676 тоот, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 1/400 тоот, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 491 тоот, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 340 тоот, Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 31 тоот, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн  2016 оны 01/363 тоот, Хаан банкны 2016 оны 29/4692 тоот албан бичгүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уг компанид хөдлөх болон үл хөдлөх ямар ч хөрөнгө байхгүй, дансанд нь мөнгө байхгүй” гэх тайлбаруудаар тогтоогдсон байна.

 

            Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх нь Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

            Тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүргийг Татварын ерөнхий хуулийн 18.1.6-д зааснаар татвар төлөгч хүлээдэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны 12 дугаар сарын тайлангаар тайлагнасан 95,880,232.60 төгрөг, Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны 1 дүгээр улирлын тайлангаар тайлагнасан 195,000 төгрөгийг тус тус “Лайткапитал хаус” ХХК нь төлөх үүрэгтэй.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь дээрх 2 татварын өрөнд нийт 95,582,147 төгрөгийг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Тэрчлэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын 253132 тоот актаар ногдуулсан 142,526,900 төгрөгийн нөхөн татвар, 154,600 төгрөгийн хүү, 53,068,000 төгрөгийн торгууль, 1,637,600 төгрөгийн алданги, нийт 197,387,100 төгрөгийн татварын өрийг 2012 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулах үүргээ хариуцагч гүйцэтгээгүй, уг хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өрийг захиргааны шийтгэл гэж үзэх үндэслэлгүй, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд татварын өр хамаарахгүй тул шүүх хариуцагчаас 197,387,100 төгрөгийн татварын өрийг мөн гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Лайткапитал хаус” ХХК-аас нийт 292,969,247 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

    

1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг баримтлан “Лайткапитал хаус” ХХК-аас татварын өр 292,969,247 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “Лайткапитал хаус” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,622,796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА