Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01225

 

С ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 683 дугаар магадлалтай

С ийн нэхэмжлэлтэй

“Л” ХХК-д холбогдох

Татварын өр төлбөр 292 969 247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Б.Даваагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгчийн 2887452 тоот регистрийн дугаартай “Л” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95 387 833 төгрөг, хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өр 197 387 100 төгрөг, нийт 292 969 247 төгрөгийн өр төлбөртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Л” ХХК нь лавлагаагаар гарсан үл хөдлөх эд хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, автомашингүй, бусдаас авах авлагагүй болно.

Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу тус компаниас 292 696 247 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон журмыг илэрхий зөрчсөн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хяналт шалгалтын актаар 197 387 100 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ уг өр нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өршөөлийн хуульд хамрагдсан гэж үзэж байгаа учир уг төлбөрөөс чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар хариуцагч “Л” ХХК-иас татварын өр төлбөрт 292 969 247 төгрөгийг гаргуулан Ст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 622 796 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 683 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01988 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад маргаж буй тайланг цаасаар гаргаж өгсөн талаар /ХМ 98 дахь талын ард талын нүүрэнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 1009 тоот тэмдэглэлийн “Илтгэгч шүүгчээс: Тайлангийн 2 баримт байна. Энэ нь цахимаар гарсан тайлан уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цаасаар өгч байсан баримт гэв” гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх цахимаар өгч байсан мэтээр үзлэг хийсэн. Цахимаар хэлбэрээр тайлан өгсөн мэтээр дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “цахим хувь нь хэвлэж өгсөн хувьтайгаа таарч байна” гэж тэмдэглэгдсэн байдаг. Хэвлэсэн гэх хувь нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм. Анхан болон давж заалдах шатны шүүх үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа боловч үзлэгийн тэмдэглэл нь татварын өртэй гэж эргэлзээгүйгээр нотлохгүй. Зөвхөн хэвлэсэн хувьтайгаа таарч байгаа эсэхийг л тогтоож байгаа баримт юм.

Тус хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 1009 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 001/ХТ2017/00909 тоот тогтоолоор шийдвэрлэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Дээрх магадлал, тогтоолын хянавал хэсэгт “нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагчийн татварын тайланг эх баримтаар гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн сангаас гаргуулж авсан хэлбэрээр бус түүнийг хуулбарласан атлаа “хуулбар үнэн” дардас дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагад нийцэхгүй байна. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар эдгээр баримтууд нь нотлох чадвараа алдана” гэж заасан. Иймээс хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгөгдөөгүй.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэнийг ч гэрчээр асуулгах эрхтэй. Хариуцагчийн зүгээс татварын тайланг бичгээр өгч байсныг нотлуулахаар гэрчээр Н.Батбаярыг асуулгахаар хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч нь эрх зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй. Гэтэл уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаан болсон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт цаг авсан тул оролцож чадаагүй. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох мэтгэлцэх боломжоор хангаагүй. Сээс татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд ажиллагааг хийсэн талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1. 48.1. 67. 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 74 дүгээр зүйл /Татварын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага/-ийн 74.1,-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл татвараа хугацаанд нь тайлагнаагүй татвараа нуун дарагдуулсан этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны байгууллагын зүгээс оногдуулах хариуцлагын талаар дээрх хуулийн зохицуулалтад хуульчилж өгсөн байна. Татварын улсын байцаагчийн 253 152 тоот актад “Л” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгах тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” байх тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэж байгаа талаар дурдсан /улсын байцаагчийн актад “дээрх 1 440 585.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 142 526.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 154.6 төгрөгийн хүү 53 068.0 мянган төгрөгийн торгууль, 1 637.6 төгрөгийн алданги, нийт 197 387 1 мянган төгрөгийн” гэж бичсэн/ байна. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” 10 дугаар зүйлийн 10.1,-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” 10.2.-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 181/ШШ2017/03165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 683 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95 387 833 төгрөг, хяналт шалгалтын актаар тогтоогдсон татварын өр 197 387 100 төгрөг, нийт 292 969 247 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тус өр төлбөр нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь татвар төлөгчийн өөрийн тайлангаар тодорхойлсон өр, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн  253132 тоот актаар тогтоогдсон өр бөгөөд Улсын байцаагчийн актын талаар хариуцагч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Т нь татвар төлөгчийн хугацаандаа төлөх татварын өрийг төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг  явуулсны дараа актын биелэлтийг хангуулах, татварын өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-д нийцсэн талаарх дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1.-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг өөрөө төсөвт төлөх үүрэгтэй.

Шүүх талуудын хооронд татварын өрөөс үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Татварын Ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж дүгнэсэн нь тус хуулийн зорилготой нийцсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай дээрх хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой тул хуулийн этгээдийн татварын өр тус хуульд хамаарахгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 58 дугаар зүйлийн 56.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 122 796 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт оруулсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД