Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0614/З |
Дугаар | 221/МА2018/0256 |
Огноо | 2018-04-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0256
Д.А, А.Х нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, А.М-Ө, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, М.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлоор, Д.А, А.Х нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Р” ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан иргэн Д.А, А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж гомдолдоо: Анхан шатны шүүх нь зөвхөн нэг талыг баримталсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.
Манай яам нь Улсын Их Хурлын 1995 оны Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богд уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталснаар мөрдөн ашиглаж байгаа бөгөөд 1995 оноос хойш манай ашиглаж буй Богд уулын дархан цаазат газрын кадастрын зурагт өөрчлөлт ороогүй байгаа болно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгох нь манай байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А- 135 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан боловч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн 3 удаа өөрчлөгдсөний улмаас ажлын хэсгийн гишүүд өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар дүгнэлт гараагүй болно. Энэ талаар шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/4872 тоот бичгээр хүргүүлсэн. Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1338 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 тоот бичгээр ирүүлсэн хилийн заагийн талаарх зурган нотлох баримт нь шийдвэр гаргаагүй ажлын хэсгийн тогтоосон хил хэмээх хэмжилтийг үндэслэж гаргасан нь хууль бус байна
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн талаарх Нийслэлийн өмчийн харилцааны газрын /хуучин нэр/ ашиглаж буй хил болон Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас гаргаж өгсөн хилийн цэсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, М.Б нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 дугаартай албан бичгээр ирүүлсэн 4 хуудас зургийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар судлан дүгнэлт хийхдээ шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нь учир дутагдалтай болсон юм.
Шүүхээс дээрх баримт бичгийг үнэлэхээс өмнө Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 09 сарын 09-ны өдрийн 1/1157 тоот “Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн тухай” шүүхэд ирүүлсэн бичигт “ тогтоол дээрх шонгууд газар дээрээ болон байр зүйн зураг дээр тэмдэглээгүй байгаа шалтгаанаар үнэн зөв тодорхойлоход хүндрэлтэй байсан болно. Энэхүү эргэлтийн цэгүүдийг хооронд нь холбож, үнэн зөв хил заагийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгээс Богдхан уулын хил заагийг харуулсан зургийг гаргуулан авахыг санал болгож байна” гэж бичиж “Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоосон зураг”-ийн хамт ирүүлж байсан.
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 10 сарын 21-ний өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх агуулга бүхий тайлбар, нотлох баримтуудыг шүүхэд дахин ирүүлсэн байдаг.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Богдхан уулын хил заагийг үнэн зөв тодорхойлох талаар шийдвэр гараагүй бөгөөд энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулгыг шүүх авч хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын зохион байгуулалтыг хариуцдаг.
Тус яамнаас шүүхэд ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11/5973 дугаар албан бичиг-Кадастрын зураг, 2016.01.29-ний өдрийн 04/594 дугаар бичиг, зурган мэдээллийн нотлох баримтуудаар иргэн А.Х, Д.А нарын ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгааг баталгаажуулсан байдаг.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан боловч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн 3 удаа өөрчлөгдсөний улмаас ажлын хэсгийн гишүүд өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар дүгнэлт гараагүй талаар шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/4872 тоот бичиг ирүүлсэн байна.
Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1338 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 тоот бичгээр ирүүлсэн хилийн заагийн талаарх зурган нотлох баримт нь шийдвэр гаргаагүй ажлын хэсгийн тогтоосон хил хэмээх хэмжилтийг үндэслэж гаргасан байгаа нь нотлох баримтын эх сурвалж болж чадаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.
Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 781 дугаар албан бичиг, 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 590 дугаар албан бичгээр Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар иргэн А.Х, Д.А нарт Хан-Уул дүүргийн нутагт орших тус дархан цаазат газрын Ташгайн аманд газар эзэмших эрх авсан бөгөөд 775 дугаар гэрчилгээгээр болон 769 дүгээр гэрчилгээгээр тус тус дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрчилгээ авсан, гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж буй талаарх мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг.
Гэтэл шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар 11-ний өдөр ирүүлсэн 1000 тоот албан бичигт “... 2008 онд газар ашиглах хүсэлт гаргасан эсэхийг байгууллагын архив, газар ашиглагчийн хувийн хэргээс шалган үзэхэд газар ашиглах хүсэл гаргаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна” дарга “Ц.Д’’-ыг төлөөлөн өөр этгээд гарын үсэг зурж ирүүлсэн бичгийг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан нь нэг талыг барьсан, нотлох баримт шаардлага хангаагүй байхад үнэлсэн гэж үзэж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 1000 тоот албан бичиг нь Архивын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тогтоол, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталж Улсын бүртгэлд 2009 оны 07 сарын 30-ны өдөр 3067 дугаар бүртгэгдсэн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.11-д “Байгууллагын даргын эзгүйд албан баримт бичигт үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурна” гэснийг зөрчиж ирүүлсэн албан бичиг нь нотлох баримтын “үнэн зөв” байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 101 дүгээр зүйл тус бүрийг зөрчиж гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар бүхий шийдвэр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Маргааны тухайд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгогдсон газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгогдох газарт эсхүл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний хүрээнд олгогдох газарт хамаарна хэмээн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл болон бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж, харин газрын байршил болон давхцалын талаар талууд маргаагүй байна.
1. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Р” ХХК-д Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн 5500 м.кв газар, мөн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “И” ХХК-д эзэмшүүлсэн 20000 м.кв газар, мөн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Б-д эзэмшүүлсэн 50000 м.кв газрууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарт тус бүрт нь ашиглуулахаар олгосон нийт 10 га газартай тодорхой хэмжээгээр давхцалтай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “энэ хуулийн 16.1.1-16.1.4, ...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох” бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна.
Маргаан бүхий газрын байршил нь Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалтай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарахгүй байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тэмдэглэсэн цэгэн тэмдэгтүүдийг холбосон зургаар тогтоогдож, нийслэлийн нутаг дэвсгэрт харъяалагдаж байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өөрийн эзэмшүүлж болох нутаг дэвсгэрт гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгох нь манай байгууллагын бүрэн эрхэд хамаарч байгаа гэх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар Байгаль орчны сайдын /хуучнаар/ 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Х, Д.А нарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон 10 га газар нь дээрх хуульд заасан тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй болох нь тогтоогдсон тул уг тушаал нь илт хууль бус, өөрөөр хэлбэл, эрх хэмжээгүй этгээд маргаан бүхий газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тиймээс гуравдагч этгээд “И” ХХК-ийн бие даасан шаардлага үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нарт олгосон газраас өөрт холбогдох хэсгийг буюу “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан шаардлагаас хальж, бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бие даасан шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан, мөн маргаан бүхий акт гаргасан этгээдийг буруу бичсэн байх тул Тогтоох хэсгийн 2 дахь заалтад зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугааршийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны...” гэснийг “...Байгаль орчны...” гэж, “...А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус...” гэснийг “...”А.Х, Д.А нарт холбогдох хэсгийн “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсэг илт хууль бус...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж,хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ