Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01915

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01915

 

 

Г.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр УТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Баярхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1998 оноос Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тасралтгүй 20 гаран жил ажилласан. Дуурь бүжгийн эрдмийн театрын үе үеийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан эд хариуцагч няравын албан тушаалд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

2018 онд Дуурь бүжгийн эрдмийи театрын удирдлага солигдож намайг энэхүү албан тушаалд удсан тул өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэх болсон. Миний бие удирдлагын зүгээс тавьсан энэхүү шаардлагыг зөвшөөрч 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөр албан тушаалд шилжин ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн утгатай хүсэлтийг бичсэн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын Б/67 дугаартай тушаал гарч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт гаргаагүй бөгөөд шинэ удирдлагын зүгээс өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэснийг зөвшөөрч хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Иймд миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Оюун-Эрдэнэ нь Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт эд хариуцагч няраваар ажиллаж байгаад, уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Г.Оюун-Эрдэнэ нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох нягтлан бодох, бүртгэл, санхүүгийн боловсрол мэдлэггүй тул эд хариуцагч, бэлэн мөнгөний няравын ажлын байрны шаардлага хангахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч бичгээр уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан болно.

Ажил олгогчийн зүгээс түүнтэй харилцан ярилцаж, өөр ажлын байр буюу эмэгтэй хувцасны эрхлэгч, үйлчилгээний ажилтан гэсэн орон тоон дээр ажиллахыг санал болгосон боловч тэрээр эдгээр ажлыг гүйцэтгэж чадахгүй гэсэн болно. Иймд Г.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийг хариуцагч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 862 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театраас улсын тэмдэгтийн хураамжид 44 748 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Г.Оюун-эрдэнэ нь Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт эд хариуцагч няраваар ажиллаж байгаад,уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч, ажил олгогч ажлаас чөлөөлсөн бопно. Г.Оюун-эрдэнэ нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох нягтлан бодох, бүртгэл, санхүүгийн боловсрол мэдлэгггүй тул эд хариуцагч, бапэн мөнгөний няравын ажлын байрны шаардлага хангахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно.

Харин нэхэмжлэгчийн зүгээс өөр ажлын байраар хангаж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу ажил олгогчоос эмэгтэй хувцасны эрхлэгч, үйлчилгээний ажилтан гэсэн ажлын байр санал болгосон боловч Г.Оюун-эрдэнэ нь уг ажлын байрнуудад ажиллаж чадахгүй гэсэн учраас түүнийг Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Г.Оюун-эрдэнийн бичгээр гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг зэргийг хуулийн дагуу үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүи болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Дуурь бүжгийн эрдмийн театр УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Оюун-Эрдэнэ нь Дуурь бүжгийн эрдмийн театрт 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эд хариуцагч няраваар ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/67 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

 

Хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1, 8.3, 9.1.8 дахь заалтуудыг баримтлан ажилтан Г.Оюун-Эрдэнийн хүсэлтээр чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилтантай хяналтын тооллогын үр дүн болон ажлын байранд гарсан гэх зөрчлийн талаар хэлэлцэж, нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж байгаа тухай мэдэгдэж, өөр ажил санал болгосныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болох нь зохигчдийн тайлбар, Б.Сарангэрэлийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, зохигчдийн тайлбарыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж дүгнэхгүй. Харин ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу гаргасан гэж дүгнэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагавар болох олговрыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 1 862 404 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Дуурь бүжгийн эрдмийн театр УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА