Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01508

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01508

 

 

 

 

Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Дамбадоржид холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Дамбадоржид 04-92 УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, HONDA MOBILIO маркийн В1490 хөдөлгүүртэй GB11202048 арал, кузовтой машиныг 2 талаас харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ломбарданд тавьж төлбөр тооцоог дуусгах нөхцөлтэйгөөр 3 500 000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь 1 800 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх 1 700 000 төгрөгийг машинаа ломбарданд тавиад өгнө гэсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 1 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дамбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Дамбадорж би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 онд миний эхнэр Д.Бадамноров Д.Эрдэнэчимэгээс кроп нь эвдэрсэн машин авч байсан бөгөөд тухайн үедээ төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ анх 3 500 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд 2 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан.

Уг машиныг бид засаад авах боломжтой гэж бодсон боловч засвар аваагүй тул худалдан борлуулах гэхэд 500 000 - 700 000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлгээтэй байсан. Худалдан борлуулж чадахгүй олон сар болж, 2015 оны 10 дугаар сард 1 670 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дамбадоржоос 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дамбадоржоос 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамноров давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь бид амаар тохиролцож 2 000 000 төгрөг өгсөн. Би дахин мөнгө төлж чадахгүй. Дор хаяж 2-оос дээш жил унсан бол ч яах уу, 10 сар унсан, эвдэрсэн хэцүү машин өгсөн. Бид хоёрыг ашигласанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимг нь хариуцагч Б.Дамбадоржид холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг 2 000 000 төгрөгөөр тохирсон гэж маргажээ.

Д.Эрдэнэчимэг, Б.Дамбадорж нар нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 04-92 УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, HONDO MOBILIO маркийн машиныг 3 500 000 төгрөгөөр тохиролцон худалдахаар гэрээ байгуулсан, нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшилд автомашиныг шилжүүлсэн, Б.Дамбадорж нь автомашины үнэнд 2 000 000 төгрөг төлсөн болох нь автомашин худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 3 дугаар тал/

Зохигчид HONDO MOBILIO маркийн автомашины үнийн талаар болон төлөгдсөн мөнгөний дүнд маргаж мэтгэлцсэн.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан. /хх-3/ Гэрээний 3-т Автомашин худалдах үнийг 3 500 000 /гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгөөр 2 тал харилцан тохиролцсон ... гэж заасан.Талууд худалдаж буй эд хөрөнгийн үнийг гэрээндээ тодорхой заасан, 3 500 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Хариуцагч ... автомашины үнийг 2 000 000 төгрөгөөр тохирсон гэж, нэхэмжлэгч ... хариуцагч өмнө нь 200 000 төгрөгийн хүнс, ундааны тооцоотой байсан тул уг төлбөрт суутгасан гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримтгүй, хариуцагч, нэхэмжлэгч нар эдгээр тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ