Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Б.Д-д холбогдох,

   Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.                                                                            

                                 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдагч Д.Э би худалдан авагч Б.Д 04-92 УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, HONDA MOBILIO маркийн В1490 хөдөлгүүртэй GB11202048 арал, кузовтой машиныг 2 талаас харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ломбарданд тавьж төлбөр тооцоог дуусгах нөхцөлтэйгөөр 3,500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь 1,800,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх 1,700,000 төгрөгийг машинаа ломбарданд тавиад өгнө гэсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 1,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 онд миний эхнэр Д.Бадамноров Д.Эээс кроп нь эвдэрсэн машин авч байсан бөгөөд тухайн үедээ төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ анх 3,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан.

Уг машиныг бид засаад авах боломжтой гэж бодсон боловч засвар аваагүй тул худалдан борлуулах гэхэд 500,000-700,000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлгээтэй байсан. Ингээд зарж борлуулж чадахгүй олон сар болж, 2015 оны 10 дугаар сард 1,670,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн үедээ худалдаж авсан хүмүүс байнга хэл ам хийж ирдэг байсан. Одоо Д.Эийг яагаад ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу гаргуулна гэж тодорхойлсон.

Зохигч хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2260 дугаартай автомашин худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 3 дахь тал/          

Уг гэрээгээр нэг талаас худалдагч тал болох Д.Э нь 04-92 УНЦ улсын дугаартай хар өнгөтэй Хонда мобила /Honda mobilo/ маркийн тээврийн хэрэгсэлийг шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч болох Б.Д нь автомашины үнэнд 3,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.

Гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл, зориг, агуулга, зорилго зэргээс дүгнэн үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

Талууд гэрээ байгуулсан болон гэрээний дагуу автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин автомашины үнэнд нэхэмжлэгч 1,800,000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч 2,000,000 төгрөг төлсөн гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нь 200,000 төгрөгийн хүнс, ундааны тооцоотой байсан тул уг төлбөрт суутгасан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нотлоогүй тул, хариуцагч худалдан авсан автомашины үнэнд 2,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ худалдах худалдан авах гэрээ байгуулж автомашиныг шилжүүлэн авсан боловч 3,500,000 төгрөгийн үнэнд хүрэхгүй, бусдад 1,670,000 төгрөгөөр худалдсан тул хэт өндөр үнийг төлөх боломжгүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн бусдад хямд үнээр худалдсан гэх энэхүү тайлбар, татгалзалаар хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Б.Д-оос автомашин худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгт олгох үндэслэлтэй гэж үзэв.                                                                                                                                      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-оос 1,500,000  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ