Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01812

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1508 дугаар магадлалтай   

   Д ийн нэхэмжлэлтэй,

            Б ид холбогдох

       Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамноров, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Худалдагч Д  би худалдан авагч Б ид 04-92 УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, HONDA MOBILIO маркийн В1490 хөдөлгүүртэй GB11202048 арал, кузовтой машиныг 2 талаас харилцан тохиролцож, 2015 оны 04 сарын 10-ны өдөр ломбардад тавьж төлбөр тооцоог дуусгах нөхцөлтэйгөөр 3,500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь 1,800,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх 1,700,000 төгрөгийг машинаа ломбардад тавиад өгнө гэсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 1,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 онд Б ийн эхнэр Д.Бадамноров Д ээс кроп нь эвдэрсэн машин авч байсан бөгөөд тухайн үедээ төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ анх 3,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд  2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Уг машиныг бид засаад авах боломжтой гэж бодсон боловч засвар аваагүй тул худалдан борлуулах гэхэд 500,000-700,000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлгээтэй байсан. Ингээд зарж борлуулж чадахгүй олон сар болж, 2015 оны 10 дугаар сард 1,670,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн үедээ худалдаж авсан хүмүүс байнга хэл ам хийж ирдэг байсан. Одоо Д ийг яагаад ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б оос 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б оос 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнчимэгт олгож шийдвэрлэжээ.                                                           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1508 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамноровын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1508 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д , хариуцагч Б  нарын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэн хариуцагчаас машины үлдсэн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Б  нь миний нөхөр бөгөөд сургуульд суралцаж байгаагүй, бичиг үсгийн боловсролгүй хүн. Анх энэ машиныг худалдаж авах үед нэхэмжлэгч Д  нь бидэнд амаар тохиролцохдоо 2,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Бид Д т 2,000,000 төгрөгийг төлж дуусгасан. Д  нь тухайн үед миний хажууд гэрээ байгуулаагүй. Гэтэл манай нөхрийн бичиг үсэг мэддэггүйг далимдуулж, намайг эзгүйд 3,500,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зуруулсан байсныг би шүүх хурлын өмнө хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Тиймээс шүүгчийн үндэслэл нотолгоо болгож, авч үзсэн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хийгдээгүй гэрээ гэж үзэж байна. Гэтэл шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан шинжлэхдээ, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв шийдвэрлэхдээ гэрээг хуулийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр эсэхийг хянаагүй, зөвхөн нэг талын хуурч хийсэн, гэрээг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 2 шатны шүүх хуралдааны үеэр энэ гэрээг миний нөхөр Б ийг хуурч хийсэн байна, ийм агуулгатай гэрээнд гарын үсэг зурснаа би сая шүүхэд дуудагдсанаас хойш мэдсэн. Өмнө нь энэ талаар мэдээгүй гэх тайлбарыг хэлсэн боловч миний тайлбарыг хүлээж аваагүй нэг талын тайлбар, баримтыг үндэслэн, шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул энэ хэргийг тал бүрээс нь дахин хянаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б ид холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг 2,000,000 төгрөгөөр авахаар тохирч, мөнгөө төлсөн гэж маргажээ.

Д , Б  нар нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 04-92 УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, HONDO MOBILIO маркийн машиныг 3,500,000 төгрөгөөр тохиролцон худалдахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Талууд гэрээ байгуулсан болон гэрээний дагуу автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин автомашины төлбөрт нэхэмжлэгч 1,800,000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч 2,000,000 төгрөг төлсөн гэж маргасан байна.

Зохигчид гэрээний зүйлийн үнэ болон төлөгдсөн мөнгөний дүнд маргаж мэтгэлцсэн байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах-худалдан авах №2260 гэрээ”-нд нэг талаас худалдагч тал болох Д  нь 04-92 УНЦ улсын дугаартай хар өнгөтэй Хонда мобилио маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч болох Б  нь автомашины үнэнд 3,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээний 3-т “...худалдах үнийг 3,500,000 төгрөгөөр 2 тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2015 оны 04 сарын 10-ны өдөр төлж дууссан.”, гэрээний 7-д “нэмэлт нөхцөл төлбөр тооцоо дууссан”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 7 хоногийн дотор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр дээр шилжих үүргийн тухай заасан байх бөгөөд гэрээг нотариат гэрчилсэн байна. Иймээс хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлсэн  гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 198 дугаар зүйлийн 198.1, 43 дугаар зүйлийн 43.2.3-т нийцэх бөгөөд нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрөө нэхэж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, худалдаж авсан автомашиныг барьцаалан хариуцагч зээл авч үлдсэн төлбөрөө төлөх ёстой гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хариуцагч уг автомашиныг 2015 оны 10 сард 1,670,000 төгрөгөөр бусдад худалдсан тухай баримт хэрэгт авагдсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гэрээнээс зөвхөн төлбөрийн хэмжээ тохиролцсон хэсгийг үнэлж, хариуцагчийг автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

 Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1508 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Б ид холбогдох 1,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Бадамноровын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 38,950.00 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН