Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01507

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01507

 

 

 

А.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Болдсүрэнд холбогдох

37 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Дуламсүрэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 онд Ц.Болдсүрэн өөрийн орон сууцаа зарах гэж байгаа, 47 000 000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдаж аваарай гэж хэлсний дагуу нийт 47 000 000 төгрөг өгсөн. 2013 онд хотод ирж Ц.Болдсүрэнгээс орон сууцаа авах гэхэд өгөх орон сууц нь болохгүй байна өөр орон сууц өгье байр түрээслээд сууж бай, байрны түрээсийн мөнгийг би өгнө гэсэн. 2015 оны 02 дугаар сард Ц.Болдсүрэнтэй уулзаж шаардлага тавихад 12 000 000 төгрөг буцааж өгсөн ба өөрийн орон сууцыг худалдан борлуулж үлдэгдэл 35 000 000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан.

2015 оны 6 дугаар сард Ц.Болдсүрэнтэй уулзахад 2015 оны 3 дугаар сард орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавьж 50 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 47 825 726 төгрөгийг банканд нэмж төлөөд орон сууцыг ав гэсний дагуу opон сууцыг шилжүүлж өгнө гэсэн болзолтой зээлийн гэрээнд нэмэлт хийж тухайн зээлийг төлж 23 500 000 төгрөг нэмж өгөн орон сууцыг өөрийн нэр дээр авахаар тохиролцож 7 сарын хугацаанд нийт 14 400 000 төгрөг төлсөн. Банктай гэрээ байгуулсан өдөр Ц.Болдсүрэнд 3 500 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Банктай байгуулсан гэрээ нь надад хохиролтой өмчлөгч уг орон сууцаа шилжүүлэх эсэх, хэд гэж үнэлэх нь тодорхой биш, орон сууцны үнэ зах зээлийн үнээс өндөр болж байгаа учраас банкны зээлийг би цаашид төлөхөөс татгалзсан. Учир нь орон сууцны өмчлөгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэвэл барьцаанд байгаа орон сууцыг маргаангүй шилжүүлэх тухай болзол биелэгдэх боломжгүй, нэмж мөнгө шаардаж байна. Иймээс орон сууц худалдаж авахаар Ц.Болдсүрэнд төлсөн 38 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Болдсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Болдсүрэн болон А.Дуламсүрэн нарын хооронд 2011 оноос хойш байр авах асуудал яригдаж, 46 000 000 төгрөгийг Ц.Болдсүрэнд өгсөн байдаг. Талууд төлбөрийг хоорондоо тохиролцож Ц.Болдсүрэнгийн нэр дээр байсан орон сууцыг А.Дуламсүрэн худалдан авахаар болсон буюу 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр шийдвэрлэсэн ба энэ талаар талууд маргадаггүй. Орон сууцны үнийг тооцохдоо талууд дараах байдлаар тохиролцсон нь нотлогддог.

Өмнөх 36 000 000 төгрөгийн өглөг авлагын асуудлыг А.Дуламсүрэн авахаас татгалзаад байрны үнэд оруулан тооцох. Уг байр банкны барьцаанд байсан тул банканд төлөх зээлийн үлдэгдэл болох 47 825 726.13 төгрөгийг байрны үнэд тооцох, банкны өмнө хүлээх Ц.Болдсүрэнгийн үүргийг өөр дээрээ шилжүүлж авсан. Дээрх мөнгөний нийлбэр буюу 83 825 726.13 төгрөг дээр 23 500 000 төгрөгийг А.Дуламсүрэн нь Ц.Болдсүрэнд нэмж төлөх буюу нийт орон сууцны үнийг 119 825 726.13 төгрөгөөр тооцож талууд тохиролцсон байна.

2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2012012158A тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь А.Дуламсүрэн болон Ц.Болдсүрэн нарын хамгийн сүүлд бичгээр хийсэн нэг талаар тооцоо нийлсэн баримт, бас цаашид талуудын хооронд харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсон эцсийн тохиролцоо юм. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн агуулга нь энэхүү гэрээний 2-т ... зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлж дууссаны дараа Ариг банк ХХК нь 2 өрөө орон сууцны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч А.Дуламсүрэнд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг А.Дуламсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгнө., 3-т Болдсүрэн нь өөрийн хүсэлтээр зээлийг иргэн А.Дуламсүрэн төлөхөөр шилжүүлэн өгч байгаа ба уг зээлийн барьцаа болох 2 өрөө орон сууцыг А.Дуламсүрэнд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг иргэн Дуламсүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгнө, 4-т 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор иргэн Дуламсүрэн нь Болдсүрэнд 23 500 000 төгрөгийг төлсөн байна. 5-т 4-р зүйлд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд Нэмэлт гэрээг Ц.Болдсүрэнгийн зүгээс цуцлах үндэслэл болно, 6-д Банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний бусад нөхцөл хэвээр мөрдөгдөнө гэж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

А.Дуламсүрэн нь энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тул Ариг банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №01165 дугаар шийдвэр гарсан ба зээлийн төлбөрийг А.Дуламсүрэн хариуцаж төлж барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Болдсүрэнгийн нэр дээрх банкны барьцаанд тавьсан орон сууцнаас төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. А.Дуламсүрэн нь шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргахдаа дээрх Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнээс өмнөх асуудлыг дурдсан ба энэ нь нэгэнт энэхүү нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэгдсэн асуудал болно. Харин талуудын хамгийн сүүлд тохиролцсон тохиролцоо буюу дээрх 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2012012158A тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлд заасны дагуу 23 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг Ц.Болдсүрэнд өгсөн ба үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ А.Дуламсүрэн биелүүлээгүй тул үүнийг Ц.Болдсүрэн нь шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч А.Дуламсүрэн нь талуудын эцсийн тохиролцоо буюу Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу банкны өмнө үлдэгдэл зээлийг төлөх, Ц.Болдсүрэнд 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийсэн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Дуламсүрэнгийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй юм гэжээ.

Нэхэмжлэгч А.Дуламсүрэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл бол 2011 онд байр авахаар амаар хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 73 дугаар зүйлд үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэж болох нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж заасан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх заалтаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 37,2 хувийн хүүтэй, 36 сар буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бэлэн бусаар зээлдэгчид мөнгө олгоё гэснийг А.Дуламсүрэн төлөхөөр өөрчилж байна гэсэн байгаа. Энэ маргааныг шүүхээр шийдвэрлэсэн учраас үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. Энэ зээлийн гэрээнд өмнө нь өгсөн 46 000 000 төгрөгийг ингэнэ, тэгнэ гэсэн юу ч байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй тул тайлбар гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Болдсүрэнгээс 37 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дуламсүрэнд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдсүрэнгийн А.Дуламсүрэнгээс 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 450 төгрөгийг, хариуцагч Ц.Болдсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болдсүрэнгээс 345 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дуламсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ... нэхэмжлэгч А.Дуламсүрэн нь 2011 онд орон сууц худалдан авах талаар хариуцагч Ц.Болдсүрэнтэй амаар харилцан тохиролцож 2013 он гэхэд 46 000 000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 12 000 000 төгрөгийг буцаан үлдэгдэл 34 000 000 төгрөг байгаа гээд 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдөр А.Дуламсүрэн гэрээнээс татгалзсан гэж үзэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 34 000 000 төгрөгийг А.Дуламсүрэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний байдлаар А.Дуламсүрэн болон Ц.Болдсүрэн нарын хооронд 34 000 000 төгрөгийн өглөг авлагын асуудал байсан нь үнэн гэвч А.Дуламсүрэн нь Ариг банк ХХК-ийн барьцаанд байгаа Ц.Болдсүрэнгийн байрыг худалдан авахаар тохиролцож, өмнөх 34 000 000 төгрөгийн авлагыг А.Дуламсүрэн буцаан авахаас татгалзсан буюу байрны үнэд оруулан тооцож, Ариг банк ХХК-д төлөх 47 825 726.13 төгрөгийн зээл төлөх Ц.Болдсүрэнгийн үүргийг А.Дуламсүрэн цаашид төлөхөөр өөр дээрээ шилжүүлэн аваад төлж дуусгасны дараа орон сууцны гэрчилгээг А.Дуламсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгөх, А.Дуламсүрэн нь Ц.Болдсүрэнд нэмж 23 500 000 төгрөгийг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг баталгаажуулсан өдрөө А.Дуламсүрэн нь Ц.Болдсүрэнд 3 500 000 төгрөгийг төлсөн байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2102012158 тоот гэрээ байгуулагдсанаар А.Дуламсүрэн болон Ц.Болдсүрэн нарын өмнө 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан иргэд хоорондын хэлцэл өөрчлөгдөж, үлдэгдэл 34 000 000 төгрөгийг А.Дуламсүрэн нь Ц.Болдсүрэнгээс авахаас татгалзаж, уг мөнгийг Ц.Болдсүрэнгээс худалдаж орон сууцны үнэд оруулан тооцох болсон гэдэг нь дээрх нэмэлт гэрээ, түүний дагуу зээл хүүг тодорхой хугацаанд хариуцаж төлсөн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын тайлбар, бусад үйл баримтаар хангалттай нотлогдож байна.

Орон сууц эрхийн доголдолтой, мөн "Ариг банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэснээр гэрээний тохиролцоо биелэгдэх боломжгүй гэж шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах үед уг орон сууц зээлийн барьцаанд байсан гэдгийг, зээлийг А.Дуламсүрэн төлж дуусгахаар өөрийнх нь нэр дээр гэрчилгээ шилжүүлэх ёстойг тэрээр ойлгож мэдэж уг гэрээнд гарын үсэг зурсан ба энэ өдрөөс хойш зээлийн үүргийг биелүүлэн төлж байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө худалдан авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан бөгөөд А.Дуламсүрэн өнөөдрийг хүртэл уг орон сууцны эрхийн доголдлын талаар ямар нэг шаардлага гаргаагүй байхад шүүх хөндлөнгөөс эрхийн доголдолтой гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. А.Дуламсүрэн нь Ариг банк ХХК-ийн өмнө Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу үүргээ биелүүлээгүй тул банк нэхэмжлэл гаргаснаар А.Дуламсүрэн нь банканд 58 519 762.73 төгрөгийг төлөх, хэрэв төлөхгүй бол Ц.Болдсүрэнгийн өмчлөлийн орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрээр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцлаагүй бөгөөд зээлийн үүрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу А.Дуламсүрэн Ц.Болдсүрэнгийн өмнө хүлээсэн үүрэг болох 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр орон сууцны үнийг 47 825 726.13 төгрөг + 23 500 000 төгрөг нийт 71 325 726.13 төгрөг байхаар тусгасан боловч хариуцагч уг орон сууцны үнийг 119 825 726.13 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэн маргаж байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй буюу нэхэмжлэгч Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу хүлээсэн үүргээ банк болон Ц.Болдсүрэнгийн өмнө биелүүлээгүйн улмаас А.Дуламсүрэнд орон сууцыг шилжүүлэх үр дагавар үүсээгүй байхад нэхэмжлэгчийн надад хохиролтой, өмчлөгч уг орон сууцаа шилжүүлэх эсэх /зээлийн үүргийг биелүүлж дуусахаар шилжүүлнэ гэж Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлд зааснаар шилжүүлэх боломжтой гэж үнэлэх нь тодорхой биш /тодорхой 34 000 000 + 47 000 000 + 235 000 000/ орон сууцын үнэ зах зээлийн үнээс өндөр гэсэн А.Дуламсүрэнгийн буруугаас зээлийн үүргийг шилжүүлэх үед 47 000 000 байсан бол шүүхийн шийдвэрээр 58 000 000 болж өссөн/ тайлбараар гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна". 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

"... Орон сууц худалдах худалдан авах гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр А.Дуламсүрэн гэрээнээс татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэрээнээс татгалзсанаар дуусгавар болсон тул хариуцагч Ц.Болдсүрэн гэрээний үүрэг 20 000 000 төгрөгийг шаардах эрхгүй юм" гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. А.Дуламсүрэнгийн гэрээнээс татгалзсан үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч А.Дуламсүрэнгийн "надад хохиролтой өмчлөгч уг орон сууцаа шилжүүлэх эсэх, хэд гэж үнэлэх нь тодорхой биш, орон сууцны үнэ зах зээлийн үнээс өндөр гэсэн тайлбараар" дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь ямар ч хууль ёсны нотлох баримтаар нотлогдоогүй болох нь хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт, тайлбараар хангалттай нотлогддог. Ц.Болдсүрэн болон А.Дуламсүрэн нар нь орон сууц худалдан авахаар тохиролцсон, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэл буюу 34 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл тусдаа асуудал биш бөгөөд энэ үүрэг нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах үндэслэл болсон, хоорондоо салшгүй холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар хангалттай нотлогдож байна. Иймд А.Дуламсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч А.Дуламсүрэн нь хариуцагч Ц.Болдсүрэнд холбогдуулан гэрээнээс татгалзсаны 37 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

А.Дуламсүрэн нь 2011 онд Ц.Болдсүрэнтэй орон сууц худалдан авах талаар тохиролцож, 2013 он гэхэд түүнд 46 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 12 000 000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл 34 000 000 байсан, 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр хариуцагчид 3 500 000 өгч, нийт 37 500 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон./хх-4-5,

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан Иргэд хоорондын хэлцэл, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ гэх нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж, шилжүүлэхээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлээр шилжүүлж өгөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж байгаа тохиолдолд өмчлөх эрх А.Дудамсүрэнгийн нэр дээр шилжсэнээр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл худалдагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, өгөх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. Хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

Түүнчлэн Ариг банк ХХК, А.Дуламсүрэн, Ц.Болдсүрэн нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр байгуулсан 2102012158А дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба а хариуцагчийн барьцаалсан орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан бичиг зэргээр тогтоогдсон./хх-ийн 148-149,155-156 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ц.Болдсүрэн нь худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, худалдан авагч гэрээнээс татгалзсанаар талуудын хоорондын гэрээ дуусгавар болсон учраас 20 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ