Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/02077

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Д-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.Б-д холбогдох

 

 60.100.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2011 онд Д  нь Б тэй танилцаж, байр авах хүсэлтэй байна гэсэн ярианы дагуу 47.000.000 төгрөг өгсөн. Энэ 2 өрөө орон сууц авч өгнө гэсэн аман хэлцэл байгуулсан. Тэрнээс хойш 2013 он хүртэл 47.000.000 төгрөгөө өгсөн байдаг. 2013 онд хотод орж ирээд орон сууцаа яасан бэ гэхэд түрээсийн байранд сууж бай би ямар ч байсан байр авч өгнө гэж хэлсэн.

Тэгээд Б г хүлээж 2 жил байр түрээсэлж амьдарсан. 2015 онд 2011 оны тохиролцоо биелэгдэхгүй болохоор цагдаад өгөөд, Өвөрхангай аймгийн цагдаа дээр Б  байцаалт өгсөн байдаг. Энэ байцаалт өгөхдөө 12.000.000 төгрөг өгөөд, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруугийн 79-121 тоот байраа зараад мөнгийг та нарт өгнө гэсэн хэлцэл хийж, тохиролцсоноор гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэлцэлийг Өвөрхангай аймагт нотариатаар баталгаажуулж хийсэн.

Үүний дагуу 6 сард байраа авъя гэж ирэхэд, би байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Чи Ариг банктай миний зээлийн төлөөд, энэ байрыг ав. Тэгээд 23.500.000 төгрөг гээд хоорондоо тохиролцоо хийсэн байгаа юм. 14.400.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан учраас энэ хэсгийг орхиж байна. Б  яг энэ үед байр авна гээд тохиролцоод хоорондоо ярилцаад, чи надаа 20.000.000 төгрөг өг гээд, 3.500.000 төгрөг аваад, зээлийн гэрээ хийгээд, зээлийн гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас Б д 38.500.000 төгрөгийг төлсөн. Банкинд төлсөн 14.400.000 төгрөгөөсөө нэхэмжлэгч татгалзсан. Энэ тусдаа асуудал. 2013-2014 онд 16 сар байр хөлсөлсөн 7.200.000 төгрөг, үүнийг нотлох баримт байхгүй учир энэ нэхэмжлэлээсээ татгалзаагүй болохыг дурдаж байна.

Нийт 45.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Үндсэн нэхэмжлэл бол 2011 онд амаар хийсэн хэлцэл. Худалдах, худалдан авах гэрээ биш. Энэ гүйцэтгэх, үүрэг болгоод байгаа гэрээ. Д  хариуцлагатай байсан бол ийм юм болохгүй байсан гэдэг. Иргэний хуулийн 73 дугаар зүйлд үндсэн нэхэмжлэлийг хэлэлцэж болох нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл хэлэлцдэг. Үүнийг шүүх шийдвэрлэдэг. Таны бариад байгаа зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1 дээр ...тоот зээлийн гэрээний 1.1 дэх заалтаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 37,2 хувийн хүүтэй, 36 сар буюу 2018 оны 03 сарын 18-ны өдөр бэлэн бусаар зээлдэгчид мөнгө олгоё гэснийг Д  төлөхөөр өөрчилж байна гэсэн байна. Зээлийн гэрээний гол нөхцөл мөнгө олгогдож, мөнгө авдаг ш дээ. Та ямар гурвалсан гэрээний тухай яриад байгаа юм бэ, өр шилжих гэрээ бол шал өөр. Энэ зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт. Энэ зээлийн гэрээний талаар хэлэлцээд, 20.000.000 төгрөг, 14.000.000 төгрөг гээд нэхээд байгаа чинь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг. Та нэхэмжлэлээ Д  байраа төлөөд, банкны мөнгийг төлчихөөд, Б д 47.000.000 төгрөг өгчихөөд, хүү төлөөд, ингээд нэмээд бодохоор Сүхбаатар дүүргийн 2011 онд худалдаж авсан байрыг 126.000.000 төгрөгөөр зарж байна. Энэ бол залилан байна. Энэ бол 14.000.000 төгрөгөөр хохирсон. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол 47.000.000 төгрөг хүүтэй нь төлчихөөд, дээр нь Б д 20.000.000 төгрөг өгчихөөд, Б  байрын шилжүүлэх үү, та банк шилжүүлнэ гэж хэлсэн. 3 дугаар заалтан дээр Д гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, энэ талаар маргааныг банк болон Д  үүсгэхгүй болно. Банк ингэдэг этгээд биш. Банк гуравдагч этгээдийг зээлийн харилцаандаа оруулж ирээд, зээлдэгч, хамтран зээлдэгч биш хүнийг, энэ гэрээнд Д д ямар эрх байна. Энэ татгалзсан ба нэгэнт дууссан эрх зүйн харилцаа. Иргэд хоорондын хийсэн харилцаа энд хүчин төгөлдөр, анх үүссэн хэлцэл. Энэ 46.000.000 төгрөгийн харилцаа хэзээ яаж дуусссан юм бэ, энэ бол дуусаагүй. Энэ зээлийн гэрээнд өмнө нь өгсөн 47.000.000 төгрөгийг ингэнэ, тэгнэ гэсэн юу ч байхгүй. Үүний тухай яригдаагүй учир үндэслэлтэй. Гэхдээ эдний хоорондоо тохиролцсон зээлийн гэрээний үүрэг байгаа. Д г байранд байлгасан гэсэн нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд өнөөдөр яригдах асуудал биш учир тайлбар гаргах үндэслэл байхгүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2011 оноос хойш Б , Д гээс мөнгө авсан асуудал яригдсан байдаг. Бичгээр мэдүүлсэн баримтан дээр 46.000.000 төгрөг гээд дурдагдсан байдаг. Байр авч өгнө гэсэн асуудал яригдсан байдаг. Байрандаа оръё гэсэн асуудал яригдаад, оруулах байр нь банкны барьцаанд байсан.

Тиймээс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2012012151/А тоот гээд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээ маань өнөөдөр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр. Энэ гэрээгээр байрныхаа асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал багтсан. Гурвалсан гэрээ хийсэн байдаг. Б гийн банктай хийсэн зээлийн гэрээний үүрэг болох 47.825.726 төгрөгийг Д  төлөх, өөрөөр хэлбэл өрийг шилжүүлж авсан гэсэн үг.

Харин энэ зээлийн төлбөрийг төлвөл зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2-т зааснаар бүрэн төлж дууссаны дараа Ариг банкинд байгаа 2 өрөө байрны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч Д д хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг Д гийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн байгаа. Д гийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Тиймээс Д гийн нэр дээр шилжүүлэх асуудал нь хийгдээгүй байна. Уг гэрээний 4-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор иргэн Д  иргэн Б д 23.500.000 төгрөгийг төлсөн байна гэж заасан. Энэ маань зээлийн барьцаанд байгаа мөнгөн дээр өмнөх барьцаа зээлийн үлдэгдэл дээр нэмээд 53.500.000 төгрөгийг Д , Б д төлнө гэсэн зүйлийг зохицуулсан.

Энэ гэрээний нэмэлт байгуулснаас хойш Д  үүргээ биелүүлээгүй. Б гийн хувьд өөрчлөлт орсоноос хойш ямар нэг зөрчсөн зүйл байхгүй. Энэ 2 гэрээний заалт биелэгдээгүй учраас Д гийн байр шилжээгүй, банкны барьцаанд шийдвэр нь гарчихсан. Д  банкны зээл төлөх үүрэгтэй боловч төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байдалтай явж байгаа. Талуудын хооронд хамгийн сүүлд хийгдсэн бичгийн тохиролцоо бол энэ нэмэлт өөрчлөлт байгаа. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу асуудлыг шийдэх нь зүйтэй.

Тиймээс Д гээс Б гийн хувьд гэрээний 1-д зааснаар 23.500.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг авсан 20.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Түрээсийн асуудалтай холбоотой ямар ч зүйл яриагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Харин гэрээний нэмэлт өөрчлөлт хийсний дараа Б  байрныхаа түлхүүрийг Д гийн хүүхдэд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш олон сар байр ашиглаж байгаад өнгөрсөн оны сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэлэхгүйгээр гараад явсан байдаг. Тэрийг нь Б  мэдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариу тайлбартай холбоотой. Нэмэлт бол талуудын хооронд хамгийн сүүлд хийгдсэн бичгийн тохиролцоо. Энэ нь талууд өөрсдөө чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр тохиролцоод хийгдсэн асуудал байгаа. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан байгаа. Хэрэв нэхэмжлэгч тохиролцоогоо шууд үгүйсгээд, мөн гэрээ цуцлах асуудал яригдаад байгаа. Зөвхөн мөнгө нэхэмжлээд байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр Б д энэ хүнээс мөнгө авах эрхтэй. 20.000.000 төгрөгөө авах эрхтэй байгаа. Д гийн хувьд нэмэлт өөрчлөлтийн хүрээндээ хэрвээ банкинд мөнгөө төлсөн бол Б д мөнгөө өгчихсөн бол байрны гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж өг гэдэг асуудал ярих боломжтой байсан. Гэвч асуудлаа нэмэлт өөрчлөлтөөр өнөөдөр өмнөх асуудлаа шийдвэрлэсэн байхад өмнөх асуудлыг яриад байна. Энэ нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 219.1-д зааснаар Д  үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод, харин гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээний 4-т заасны дагуу Д гээс 20.000.000 төгрөгөө шаардаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           

 Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б д холбогдуулан 60.100.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б  нь нэхэмжлэгч Д д холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны зээлийг 7 сарын хугацаанд төлсөн 14.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б д холбогдуулан Орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн 35.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 3.500.000 төгрөг, 16 сар орон сууц хөлслөн суухад гарсан зардал 7.200.000 төгрөг, нийт 45.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь орон сууц худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2102012158А тоот гэрээ хүчин төгөлдөр байгаа, Б нь 20.000.000 төгрөг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Д  нь орон сууц худалдан авах зорилгоор амаар тохиролцож 2013 онд 46.000.000 төгрөгийг хариуцагч Б д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэд хоорондын хэлцэл”-ээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн ба хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 79-121 тоот орон сууцыг нэхэмжлэгчид худалдах зорилгоор 46.000.000 төгрөг авсан байна.

 

Нэхэмжлэгч Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 47.000.000 төгрөг төлсөн гэх боловч Иргэд хоорондын хэлцэлд 46.000.000 төгрөг гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн хариуцагч Б  нь 12.000.000 төгрөгийг Д д төлсөн, одоо 34.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. /Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/

 

Талууд “Иргэд хоорондын хэлцэл”-д “...46.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 79-121 тоот орон сууцыг худалдахаар төлнө” гэж тохиролцсон байдлаас үзэхэд талууд орон сууц худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц худалдан авахад зориулж өгсөн мөнгийг буцаан өгч, уг гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

 

Хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк, Д , Б  нарын хооронд 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу 3.500.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч уг мөнгө орон сууц худалдан авахад зориулан өгсөн ба талуудын хүсэл зориг, тохиролцоо хэрэгжих боломжгүй болсон тул 3.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь байр хөлслөн суусан гэж 7.200.000 төгрөг шаардсан боловч баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Б гээс 2011 онд шилжүүлсэн 34.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б д 3.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсөн хохиролд 7.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2011 онд шилжүүлсэн мөнгийг хариуцагч Б  нь 2015 онд төлөхөөр баталгаа бичиж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, баталгаа бичиж өгсөн өдрөөс тоолсон болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б  нь нэхэмжлэгч Д д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк, Д , Б  нарын хооронд 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 4-т заасан 20.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үнсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талууд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк, Д , Б  нарын хооронд 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд:

 

  1. 2102012158 тоот зээлийн гэрээний 1.1 дэх заалтад /Банк нь 50.000.000 тавин сая төгрөг/-ийг Эргэлтийн хөрөнгө зориулалтаар жилийн 37,2 % хувийн хүүтэйгээр 36 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл /бэлэн/ бэлэн бусаар зээлдэгчид олгоно гэснийг өөрчлөн банк нь зээлийн үлдэгдэл 47.825.726, 13 төгрөгийг жилийн 37,2% хувийн хүүтэйгээр 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг, Нарт-д оршин суугч Амгай овогтой Дуламсүрэнг РД:ЙП66011001/,  /цаашид “Зээлдэгч” гэх/ төлөхөөр гэж өөрчлөлт оруулав.
  2. 2102012158 тоот зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлж дууссаны дараа Ариг банк /цаашид “Банк” гэх/ нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 79-р байрны 121 тоотод орших Ү-2203026096 улсын бүртгэлийн дугаартай 46,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг, худалдан авагч, зээлдэгч Д г /РД:........................../-д хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг Д гийн нэр дээр шилжүүлэн өгнө.
  3. Б  /РД:............5/ нь өөрийн хүсэлтээр зээлийг иргэн Д  төлөхөөр шилжүүлэн өгч байгаа ба уг зээлийн барьцаа болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 79-р байрны 121 тоотод орших Ү-........................ улсын бүртгэлийн дугаартай 46.1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг иргэн Д гийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй, энэ талаар элдэв маргааныг банк болон иргэн Д тэй үүсгэхгүй болно.
  4. 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн дотор иргэн Д  нь Б д 23.500.000 төгрөгийг төлсөн байна гэж тохиролцож гэрээ байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2-т нэхэмжлэгч Д г худалдан авагч, зээлдэгч гэх томъёоллоор бичсэн, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б гийн зээлийг төлөөд хариуцагчид 23.500.000 төгрөгийг шилжүүлээд байрыг Д гийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцсон”, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Байр худалдан авах зорилгоор зээл шилжүүлэн авсан” гэх тайлбараас үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Арин банк, Д , Б  нарын хооронд 2102012158А дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Д  байрыг худалдан авах зорилгоор өрийг шилжүүлэн авч, Б д мөнгө төлөхөөр тохиролцсон байна. 

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1165 дугаар шийдвэрээр Д гээс 58.519.762 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож, хариуцагч Б д холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл буюу Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 79-р байрны 121 тоотод орших Ү-2203026096 улсын бүртгэлийн дугаартай 46,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэсэн. /хх-ийн 51-55 дах тал /

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б д 3.500.000 төгрөг шилжүүлсэн болох талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д  нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 79-р байрны 121 тоотод орших Ү-2203026096 улсын бүртгэлийн дугаартай 46,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 2011 онд 34.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөг, Б гээс шилжүүлэн авсан зээлийн хүүнд 12.351.400 төгрөг төлсөн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1165 дугаар шийдвэрээр Д гээс 58.519.762 төгрөг /шилжүүлэн авсан зээлийн төлбөр/ төлөхөөр шийдвэр гарсан, мөн Б д 20.000.000 төгрөг төлнө, нийт 128.371.162 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

 

2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банк, Д , Б  нарын хооронд 2102012158А дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2011 оны байр худалдан авах тохиролцоог үргэлжилсэн шинжтэй нэг гэрээний харилцаа гэж үзэх боломжгүй ба уг гэрээнүүд нь тусдаа шинэ гэрээний харилцаа гэж үзнэ.

 

Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 79-р байрны 121 тоотод орших Ү-2203026096 улсын бүртгэлийн дугаартай 46,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авах гэрээний зорилго биелэх боломжгүй болсон тул хариуцагчид 20.000.000 төгрөг төлөх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б гээс 37.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.200.000 төгрөг болон Д гээс 20.000.000 төгрөг гаргуулах тухай Б ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60

дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458.450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гээс 345.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ЭНХБАЯР