Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01817

 

А.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1507 дугаар магадлалтай,

А.Дгийн нэхэмжлэлтэй

Ц.Бд холбогдох

37 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 онд Ц.Б өөрийн орон сууцаа зарах гэж байгаа, 47 000 000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдаж аваарай гэж хэлсний дагуу нийт 47 000 000 төгрөг өгсөн. 2013 онд хотод ирж Ц.Бгээс орон сууцаа авах гэхэд өгөх орон сууц нь болохгүй байна өөр орон сууц өгье байр түрээслээд сууж бай, байрны түрээсийн мөнгийг би өгнө гэсэн. 2015 оны 02 дугаар сард Ц.Бтэй уулзаж шаардлага тавихад 12 000 000 төгрөг буцааж өгсөн ба өөрийн орон сууцыг худалдан борлуулж үлдэгдэл 35 000 000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. 2015 оны 6 дугаар сард Ц.Бтэй уулзахад 2015 оны 3 дугаар сард орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавьж 50 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 47 825 726 төгрөгийг банканд нэмж төлөөд орон сууцыг ав гэсний дагуу opон сууцыг шилжүүлж өгнө гэсэн болзолтой зээлийн гэрээнд нэмэлт хийж тухайн зээлийг төлж 23 500 000 төгрөг нэмж өгөн орон сууцыг өөрийн нэр дээр авахаар тохиролцож 7 сарын хугацаанд нийт 14 400 000 төгрөг төлсөн. Банктай гэрээ байгуулсан өдөр Ц.Бд 3 500 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Банктай байгуулсан гэрээ нь надад хохиролтой өмчлөгч уг орон сууцаа шилжүүлэх эсэх, хэд гэж үнэлэх нь тодорхой биш, орон сууцны үнэ зах зээлийн үнээс өндөр болж байгаа учраас банкны зээлийг би цаашид төлөхөөс татгалзсан. Учир нь орон сууцны өмчлөгчийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэвэл барьцаанд байгаа орон сууцыг маргаангүй шилжүүлэх тухай болзол биелэгдэх боломжгүй, нэмж мөнгө шаардаж байна. Иймээс орон сууц худалдаж авахаар Ц.Бд төлсөн 38 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Б болон А.Д нарын хооронд 2011 оноос хойш байр авах асуудал яригдаж, 46 000 000 төгрөгийг Ц.Бд өгсөн байдаг. Талууд төлбөрийг хоорондоо тохиролцож Ц.Бгийн нэр дээр байсан орон сууцыг А.Д худалдан авахаар болсон буюу 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр шийдвэрлэсэн ба энэ талаар талууд маргадаггүй. Орон сууцны үнийг тооцохдоо талууд дараах байдлаар тохиролцсон нь нотлогддог. Өмнөх 36 000 000 төгрөгийн өглөг авлагын асуудлыг А.Д авахаас татгалзаад байрны үнэд оруулан тооцох. Уг байр банкны барьцаанд байсан тул банканд төлөх зээлийн үлдэгдэл болох 47 825 726.13 төгрөгийг байрны үнэд тооцох, банкны өмнө хүлээх Ц.Бгийн үүргийг өөр дээрээ шилжүүлж авсан. Дээрх мөнгөний нийлбэр буюу 83 825 726.13 төгрөг дээр 23 500 000 төгрөгийг А.Д нь Ц.Бд нэмж төлөх буюу нийт орон сууцны үнийг 119 825 726.13 төгрөгөөр тооцож талууд тохиролцсон байна. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2012012158A тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь А.Д болон Ц.Б нарын хамгийн сүүлд бичгээр хийсэн нэг талаар тооцоо нийлсэн баримт, бас цаашид талуудын хооронд харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсон эцсийн тохиролцоо юм. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн агуулга нь энэхүү гэрээний 2-т ...зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлж дууссаны дараа Ариг банк ХХК нь 2 өрөө орон сууцны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч А.Дд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг А.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө., 3-т Ц.Б нь өөрийн хүсэлтээр зээлийг иргэн А.Д төлөхөөр шилжүүлэн өгч байгаа ба уг зээлийн барьцаа болох 2 өрөө орон сууцыг А.Дд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг иргэн А.Дгийн нэр дээр шилжүүлэн өгнө, 4-т 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор иргэн А.Д нь Ц.Бд 23 500 000 төгрөгийг төлсөн байна. 5-т 4-р зүйлд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд Нэмэлт гэрээг Ц.Бгийн зүгээс цуцлах үндэслэл болно, 6-д Банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний бусад нөхцөл хэвээр мөрдөгдөнө гэж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. А.Д нь энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тул Ариг банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №01165 дугаар шийдвэр гарсан ба зээлийн төлбөрийг А.Д хариуцаж төлж барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Бгийн нэр дээрх банкны барьцаанд тавьсан орон сууцнаас төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. А.Д нь шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргахдаа дээрх Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнээс өмнөх асуудлыг дурдсан ба энэ нь нэгэнт энэхүү нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэгдсэн асуудал болно. Харин талуудын хамгийн сүүлд тохиролцсон тохиролцоо буюу дээрх 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2012012158A тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлд заасны дагуу 23 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг Ц.Бд өгсөн ба үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ А.Д биелүүлээгүй тул үүнийг Ц.Б нь шаардах эрхтэй болно. Нэхэмжлэгч А.Д нь талуудын эцсийн тохиролцоо буюу Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу банкны өмнө үлдэгдэл зээлийг төлөх, Ц.Бд 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Дгийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй юм гэжээ.

Нэхэмжлэгч А.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл бол 2011 онд байр авахаар амаар хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 73 дугаар зүйлд үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэж болох нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж заасан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх заалтаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 37,2 хувийн хүүтэй, 36 сар буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бэлэн бусаар зээлдэгчид мөнгө олгоё гэснийг А.Д төлөхөөр өөрчилж байна гэсэн байгаа. Энэ маргааныг шүүхээр шийдвэрлэсэн учраас үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. Энэ зээлийн гэрээнд өмнө нь өгсөн 46 000 000 төгрөгийг ингэнэ, тэгнэ гэсэн юу ч байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй тул тайлбар гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгээс 37 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бгийн А.Дгээс 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 450 төгрөгийг, хариуцагч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгээс 345 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1507 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлээр шилжүүлж өгөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж байгаа тохиолдолд өмчлөх эрх А.Дгийн нэр дээр шилжсэнээр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл худалдагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, өгөх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. Хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно. Ингэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2015 оны 09 сарын 04-ний өдөр байгуулсан 2102012158А дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлд “...зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлж дууссаны дараа Ариг банк нь 2 өрөө орон сууцны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч А.Дд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг А.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө.” мөн гэрээний 3 дугаар зүйлд “Ц.Б /РД:ИМ81052415/ нь өөрийн хүсэлтээр зээлийг иргэн А.Д төлөхөөр шилжүүлж өгч байгаа ба уг зээлийн барьцаа болох Ү-2203026096 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны гэрчилгээг иргэн А.Дгийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй, энэ талаар элдэв маргааныг банк болон иргэн А.Дтэй үүсгэхгүй болно.” гэж тус тус заасан. Гэрээний дээрх заалтын дагуу А.Д зээл, зээлийн хүүг банкинд төлсний дараа Ариг банк ХХК гэрчилгээг шилжүүлж өгнө гэж заасан байна. Гэтэл А.Д зээл, хүүг төлж байгаад үндэслэлгүйгээр үүргээ биелүүлэхээс татгалзсан. Тиймээс нэр шилжээгүй болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлахаас өмнө 2015 оны 09 сарын 04-ний өдөр талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2, 3 дугаар зүйлийг анзаарч, маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх шаардлагатай байсан бөгөөд гэрээний заалтыг орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарахад хүргэсэн байна. “...Түүнчлэн Ариг банк ХХК, А.Д, Ц.Б нарын хооронд 2015 оны 09 сарын 04-ний өдөр байгуулсан 2102012158А дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба хариуцагчийн барьцаалсан орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан бичиг зэргээр тогтоогдсон. /хх-ийн 148-149, 155-156 дугаар тал/...” гэж дурдсан байна. Орон сууцыг худалдан авах үнэндээ оруулан тооцохоор тохирч шилжүүлж авсан зээлийн төлбөрийг А.Д төлөхөөс зайлсхийж, санаатай гэрээний үүргээ ноцтой зөрчсөн асуудлаас болж банк хохирлоо нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.Д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгийг төлөхгүй бол Ц.Бгийн нэр дээрх талуудын худалдахаар тохиролцсон хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. А.Д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгийг банкинд төлөөд, уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэрээний тохиролцоо хэвээрээ л байгаа. Мөн магадлалын хянавал хэсэгт: “...Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ц.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, худалдан авагч гэрээнээс татгалзсанаар талуудын хоорондын гэрээ дуусгавар болсон учраас 20 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2 дугаар заалтын дагуу А.Д ззэл, хүүг бүрэн төлсний дараа орон сууцны өмчлөлийг А.Дгийн нэр дээр шилжүүлнэ гэж талууд тохиролцсон. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар “2015 оны 11-р сарын 10-ны өдрийн дотор иргэн А.Д нь Ц.Бд 23 500 000 төгрөгийг төлсөн байна” гэсний дагуу уг гэрээг байгуулсан өдрөө 3 500 000 төгрөгийг Ц.Б авсан, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг шаардах эрхтэй болох нь нотлогдоно. Иргэн А.Д болон Ц.Б нарын хооронд 34 000 000 төгрөгийн өглөг авлагын асуудал байгаагүй бол 2015 оны 09 сарын 04-ний өдөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах шаардлагагүй байсан ба энэ 34 000 000 төгрөгийн авлагыг орон сууцны үнийн дүнд оруулж тооцсон болохоо нэхэмжлэгч шүүхэд анх бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлдээ 2015 оны 6 сард хотод ирээд Ц.Бтэй уулзаж шаардлага тавихад зарах орон сууцаа Ариг банкны зээлийн барьцаанд 2015 оны 3 сард 50 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд танайх миний зээлийн үлдэгдэл 47 825 726 төгрөгийг банкинд нэмж төлөөд энэ орон сууцыг ав гэсэн” гэж бичсэнээр өмнөх авлага 34 000 000 төгрөг дээр зээл, хүүгийн төлбөрийг нэмж төлж байрыг худалдан авахаар тохиролцсныг нотолж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр А.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, Ц.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Ц.Бд холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 37 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь гэрээний үүрэг буюу орон сууцны үлдэх төлбөр 20 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчид нь орон сууц худалдах-худалдан авахаар тохиролцож, 2013 онд А.Д нь Ц.Бд орон сууцны үнэд 46 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч Ц.Б нь орон сууцыг өгөх боломжгүй болсон тул авсан мөнгөө буцааж өгөхөөр тохирч, 12 000 000 төгрөгийг өгч, 34 000 000 төгрөгийг өгөөгүй, хожим нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр талууд дахин тохиролцож, хариуцагч нь барьцаанд байгаа, өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах, нэхэмжлэгч худалдан авахаар гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь орон сууцыг авахын тулд банкны зээлийг хариуцан төлөхөөс гадна хариуцагчид 3 500 000 өгч, ...үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон байна. А.Д нь зээлийн хүүд 14 400 000 төгрөгийг төлсөн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаар шийдвэрээр 58 519 762 төгрөгийг Ариг банкинд төлөхөөр болсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо өөрт хохиролтой хэлцэл хийсэн гэснээс гадна хариуцагч нь нэмж мөнгө нэхсэн, барьцаанаас чөлөөлөх хүртэл орон сууцны үнийг нэмж, өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх нь тодорхой бус болсон гэж үзэж, гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцааж авах шаардлагыг гаргажээ. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд харин Ариг банктай байгуулсан зээлийн гэрээний нэмэлтэд “...зээлийг А.Д хариуцаж төлөх, зээлийг төлснөөр орон сууцыг барьцаанаас чөлөөлж, А.Д өмчлөх эрхээ бүртгүүлэх...” талаар тусгагдсан байна. 

Хоёр шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, хүчин төгөлдөр бус гэрээний эрх зүйн дагавар, үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-т нийцсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд зохигч талуудын байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний талууд өгсөн авснаа харилцан буцаах ёстой байна. Хариуцагч Ц.Бд орон сууц нь байгаа тул орон сууцыг буцаах үр дагавар байхгүй. Харин Ц.Б нь 37 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй байна.

Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй бөгөөд орон сууцны үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй, хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1507 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөг, 345 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА