Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 50

 

 

 

 

Б.Д, Е.Анарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Б.Д, Е.Анарт холбогдох 1913002420165 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

1. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн бэлтгэлийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Харажан овогт Б Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт, 

 2. Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Шеруши ожых овогт Е А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д, Е.Анарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Е.Анарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,  хохирогч И.Амантайн нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс 899.500 /найман зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгож, 600.500 /зургаан зуун мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нар гаргасан гомдолдоо “шүүх намайг жирийн байдлаар тэнэж явж зодуулсан мэтээр харж дүгнэн хэргийн зүйлчлэлийг анхаар ч үзээгүй буюу хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би албан үүргээ гүйцэтгэж, албан шаардлага хүргэж, албаны журмаар хууль зөрчсөн этгээдүүдэд, зөрчил гаргаж байсан газарт нь очиж шаардлагаа тавьж байсан үед бүлэглэсэн Б.Д, Е.Анар нь нийтийн албан тушаалтай миний албан шаардлагыг болон явуулсан үйл ажиллагааг минь эсэргүүцэж үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж улмаар хүч хэрэглэн зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шалгуулахаар прокурорт буцаагаагүйд гомдолтой байна. Яллах дүгнэлтэд “Яллагдагч Б.Д, Е.Анар нь хохирогч И.Амантайг эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Эрхэлж байгаа, ажил албан үүрэгтэй нь холбогдуулж Б.Д, Е.Анар бүлэглэн зодсон” хэрэг үйлдсэн гэж бичсэн байдаг. Тэгвэл яллагдагч Б.Д, Е.Анар нь хашааг томсгож барьж байхад И.Амантай ирж “Хашааг битгий томсгож бариарай” гэж хэлсэн. Тэгээд явчихсан ба хашааг үргэлжлүүлэн барьж байхад дахиад ирж албан шаардах бичиг авч ирсэн. “Бид авахгүй Еркинд өг” гэхэд маргасан. Бид И.Амантайг зодсон гэж яллагдагчид өөрсдөө нийтийн албан тушаал эрхэлж байх үйл ажиллагаанд нь халдсан тухайгаа хүлээн мэдүүлсэн байдаг. И.Амантай нь хэрэв албан тушаалын хувьд хүлээсэн үүрэггүй хүн байсан бол бусдын хашаагаа томсгон барьж байсан үйлдэлд нь очихгүй, хэрүүл маргаан, зодоон үүсэхгүй байх байсан. Нийтийн албан тушаалтан И.Амантай нь албан үүргээ гүйцэтгэж явах үед хашааг томсгон барьсан байдалд маань шаардлага битгий тавь гэж Б.Д, Е.Анар нь бүлэглэж И.Амантайн албаны үйл ажиллагаа явуулахад нь эсэргүүцэж эрхэнд халдаж зодсон нь тогтоогдон нотлогдож байхад хоёр шатны шүүхүүд анхаараагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын үед авагдсан хохирлын нотлох баримтуудыг шүүх хуралд шүүх нь буцааж өгөх ёсгүй байхад хууль зөрчиж буцааж өгсөн зэрэгт гомдолтой байна. Иймд хэргийг дахин нэмэлт шалгалт хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Е.Ахжол, Б.Динкелди нар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал И.Амантайг хашаагаа зөвшөөрөлгүй томсгож болохгүй гэж шаардлага тавихад эсэргүүцэж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч нар нь бүлэглэн учруулсан болох нь хохирогч И.Амантай, А.Айгүл нарын мэдүүлгээр тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруу, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан шийтгэл оногдуулсан байх тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, оролцогч нарын эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:        

Хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гаргасан гомдлыг үндэслэн .Динкелди, Е.Ахжол нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д, Е.Анар нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тэдгээрийн газрын зөвшөөрөлгүйгээр хашаагаа тэлж татаж байсан хууль бус үйлдлийг зогсоох гэсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газар даамал ажилтай М.Амантайн шаардлагыг эсэргүүцэж бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д, Е.Анарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогчийг бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Хохирогч И.Амантай, өмгөөлөгч С.Алтай нар Б.Д, Е.Анарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй талаар гомдол гаргажээ.

“Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэг нь төрийн албан хаагчийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах тодорхой үйлдлийг хийлгэхгүй байх, татгалзуулах зорилгоор сэтгэл санааны болон бие махбодын хүч хэрэглэн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанаас шантраах, няцаах оролдлого хийх байдлаар өмнө үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шууд хор хохирол учирсан байхыг шаардахгүйгээр төрийн албаны үйл ажиллагаа, нөлөөллийг ноцтой сааруулж хүчгүйдүүлэх нийгмийн хор аюул бий болгодог гэж тооцогддог Эрүүгийн хуулиар хориглогдсон үйл ажиллагаа юм. Энэ гэмт хэргийг үйлдэх явцад заналхийлэл бодитой хэрэгжиж төрийн албан хаагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндэд тодорхой хохирол учирсан тохиолдолд хохирол, хор уршигт харгалзах Эрүүгийн хуулийн тусгай ангид буй тодорхой гэмт хэргүүдээр хэргийг зүйлчлэх бөгөөд энэ тохиолдолд “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй.

“Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн хэлбэр, хэмжээ, нийгмийн хор аюулыг судлан үзвэл “ноцтой хор уршиг учруулж болохуйц” хэмжээнд сэтгэл санааны дарам шахалт учруулах, үүнтэй дүйцэхүйц хэмжээнд бие махбодын хүч хэрэглэх заналхийлэл байхаар хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтныг албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахаар заналхийлсэн нь “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэргийг бүрэлдэхүүнийг хангахгүй, харин энэ хохирлыг бодитой учруулбал  эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах учиртай.

Шүүгдэгч Б.Д, Е.Анарын гэмт үйлдэл, түүнийг хэрэгжүүлсэн санаа зорилго нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч И.Амантай, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гаргасан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР