Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01938

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01938

 

 

Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ганхуягт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 487 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Ганхуягт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Н.Ганхуяг зээлийн төлбөрийг төлөөгүй тул талууд зээлийн гэрээгээ дүгнэж, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах үүднээс 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулсан.

Уг зээлийн гэрээнд төлбөр төлөх талаар тодорхой хугацаа заасан боловч өнөөдрийг хүртэл Н.Ганхуяг төлбөр төлж барагдуулаагүй.

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн тул зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 12 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Н.Ганхуяг, Н.Лхагвадоржтой өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол гэрээ байгуулсан байх ёстой. Н.Мэндсайхан, н.Дөлгөөнмөрөн гэх нэр бүхий хүмүүсийн зээлийн маргаанд өмгөөлөгчөөр оролцохдоо хэдэн төгрөгийн үнийн дүнтэй хэрэгт, хэдэн төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон талаар гэрээнд заасан байх ёстой. Гэтэл нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн маргаанд Н.Ганхуягийн өмгөөлөгчөөр оролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа н.Мөнхжаргал, н.Ууганбаяр, н.Сарангуа нарт холбогдох маргааныг шийдэж өгсөн гэж дурдсан байсан. Хариуцагч бичгээр гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ нэхэмжлэгчээс бодитоор 1 550 000 төгрөг бэлнээр шилжүүлж авсан. Энэ мөнгөний төлбөрт Н.Лхагвадоржийг н.Мөнхжаргал, н.Ууганбаяр, н.Сарангуа нартай гэрээ байгуулах, төлбөр гаргуулах ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Сөрөг нэхэмжлэлд өөр тайлбар байдаггүй, нотлогдоггүй. Н.Мөнхжаргал, н.Ууганбаяр нар Н.Лхагвадоржтой зээлийн гэрээ байгуулахад хажууд Н.Ганхуяг гэж хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Н.Ганхуягийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Н.Лхагвадоржид хууль зүйн туслалцаа үзүүлсэн эсэх нь нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Лхагвадорж бид хоёрын дунд анх зээлийн гэрээтэй холбоотой харилцаагүй үүсээгүй. Н.Лхагвадорж зээл чөлөөлдөг гэж надтай анх танилцаж байсан бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн тул би өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж ажиллаж байсан. Би Н.Лхагвадоржоос өмгөөллийн хөлсөө авсан болохоос зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй. Тодруулбал 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор аваагүй.

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бид хоёр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Н.Лхагвадорж бид хоёрын мөнгө авч, өгөлцсөн баримт авагдсан уг баримтад Н.Лхагвадоржийн авлагатай нэр бүхий хүмүүстэй ажиллахад гарсан өмгөөллийн хөлс 22 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөг гаргуулж, 2 000 000 төгрөг авсан, өгсөн гэсэн 2 талын гарын үсэгтэй баримт юм. Зээлийн гэрээнд би 10 000 000 төгрөг авсан гэж гарын үсэг зурсан. Тухайн үед Н.Лхагвадорж уг мөнгийг надад дансаар шилжүүлнэ гэсэн учраас би мөнгө авсан гэж гарын үсэг зурсан. Гэвч бодит байдал дээр миний Голомт банкны дансанд 1 550 000 төгрөг шилжүүлсэн, 8 450 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй.

2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч Н.Лхагвадорж надад мөнгө шилжүүлээгүй. Өмнө гэрээний үлдэгдэл 8.450.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн боловч 100 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 9 440 000 төгрөг дээр н.Ууганбаяр, н.Сарангуа, н.Мөнхжаргал, н.Тогтох, н.Түвшин-Эрдэнэ, хөөрөгний залуу зэрэг хүмүүсээс авах авлагад өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр 13 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, бодитоор мөнгө шилжүүлсэн тохиолдолд тооцоо нийлэхээр тохирсон.

Н.Лхагвадорж нэр бүхий хүмүүст мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй, амаар тохирсон байсан.

Би н.Мөнхжаргалыг Н.Лхагвадоржтой гэрээ байгуулж, бэлнээр 863 000 төгрөг гаргуулсан. Н.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт заасан үнийн нийт дүнгээр бэлнээр гаргуулж төлбөр нэмж 763 300 болсон. Н.Ууганбаярыг мөн Н.Лхагвадоржтой зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөг бэлнээр гаргуулж, зээлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүн дээр бэлнээр гаргуулсан төлбөрийн 10 хувийг гаргуулахаар тохирсон. Н.Сарангуаг Н.Лхагвадоржтой зээлийн гэрээ байгуулж, би ажлын хөлсөнд Н.Лхагвадоржоос 974 500 төгрөг авахаар тохирсон. Би өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний ажлын хөлсөнд 2 487 500 төгрөгийг Н.Лхагвадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Ганхуягаас зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Лхагвадоржид олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Лхагвадоржоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 513 800 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Ганхуягт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7 250 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 973 700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 245 900 төгрөгөөс 225 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 20 450 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас 98 950 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 280 197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 39 171 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн хариуцагч Н.Ганхуягаас үндсэн зээл 4 200 000 төгрөг, зээлийн хүү 1 050 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөг гаргуулан Н.Лхагвадоржид олгож, үлдэх 7 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байна.

Талууд хоёрын хоёр удаа зээлийн харилцаагаа нотлох баримт үйлдсээр байтал шүүх эдгээр гэрээний хоорондын харилцан хамаарлыг дүгнээгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь тэдний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг үгүйсгээгүй ба шүүхэд хандах хүртэл энэ талаар огт маргаан үүсээгүй, хариуцагч тэдгээр зээлийн гэрээ байгуулсныг болон мөнгө бэлнээр хүлээн авч гэрээний ард гарын үсэг зурж байснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байхад шүүх үүнийг огт харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж, нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүйгээр бууруулан хэргийг шийдвэрлэсэн.

Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн 2013 оны 08 дугаар сарын 27-нд 1 500 000 төгрөгийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан баримт, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн 2 500 000 төгрөгийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан баримт, 2013 оны 10 дугаар сарын 11-нд нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар 15 000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг үнэлж, нийт 4 200 000 төгрөг зээлүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд харин 2013 оны 09 дүгээр сарын 23-нд дансаар шилжүүлсэн 100 000 төгрөгийн баримт, 2013 оны 09 дүгээр сарын 27-нд нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр өгсөн 2 000 000 төгрөгийн баримт, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчийн дансаар 1 550 000 төгрөг шилжүүлсэн гэх зэрэг баримтуудыг огт үнэлээгүйгээс гадна хэдэн төгрөгийн ямар баримтуудад дурьдсан дүнг нэгтгэхээр 4 200 000 болж байгаа нь ойлгомжгүй, тооцоолол нь алдаатай байна гэж үзэж байна.

Мөн шүүхийн сөрөг нэхэмжлэлээс 1 513 800 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Ганхуягт олгож шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох гаримт байж болохгүй тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан С.Мөнхжаргал, У.Ууганбаяр, О.Сарангуа нарын зээлийн маргааныг шийдвэрлэхэд хариуцагч Н.Ганхуяг нь бүрэн дүүрэн ажиллаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өмгөөлөгчийн хувиар хууль зүйн туслалцаа үзүүлээгүй юм.

Гэтэл шүүх гэрч С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын мэдүүлгээс Н.Ганхуягийг Н.Лхагвадоржийн өмгөөлөгчийн хувиар уулзан зээлийн гэрээ байгуулан, зээлийг гаргуулж байсныг нотолж байна гэж дүгнээд мөн С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын зээлийн маргаанд уулзалт хийн зээлийн гэрээ байгуулж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул жишиг үнэ баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгийн 10%-иар өмгөөллийн хөлс шаардах эрхтэй гэж дүгнэсэн зэрэг нь хуулийн дагуу хэргийг шийдвэрлээгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж шүүх явцуу дүгнэлт хийсэн гэж бид үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын зээлийн маргаантай асуудлыг шийдсэн шүүхийн шийдвэрүүд /шүүгчийн захирамж/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй канондсон хуулбарууд байсан юм. Мөн түүнчлэн уг нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжинд хэргийн оролцогчийг төлөөлж Н.Ганхуяг огт оролцоогүй, нэр дурьдагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 500 000 төгрөгий үнийн дүн бүхий нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний иргэний үнэмлэхний хуулбар батлуулсан хуудасны ар талд гараар бичигдсэн тэмдэглэл дээр 2013.08.27-нд нийт 1,500,000 төгрөг авав., 2013.09.05-нд 1,000,000 төгрөг, 10 хувь авав Нийт 2,500,000 төгрөг гэж бичиж хариуцагч Н.Ганхуяг гарын үсгээ зурсан байх бөгөөд уг гарын үсгийг өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэж энэ бичвэрийг үндэслэж, 2 500 000 төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдож байгаа мэтээр анхан шатны шүүх дүгнэснийг огт зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл гарын үсэг, бичвэр бичсэн нь үнэн боловч, нэхэмжлэгч мөнгийг бүрэн шилжүүлж өгөөгүй тул 2 500 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс бодитойгоор аваагүй гэдгээ шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх энэ бичвэрт бичсэн мөнгөнөөс бодитойгоор хичнээн төгрөг шилжсэнийг анхаарч үзээгүй, нотлох баримтаар тогтоогоогүй атлаа хуулийн шаадлага хангаагүй, хуурамч гарын үсэг бичвэрт ач холбогдол өгч мөнгө бүрэн шилжсэн гэж хийсвэрээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны дансаар шилжүүлж өгсөн 1 550 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 23-нд Хаан банкны дансаар 100 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны дансаар 150 000 төгрөгийг нийт 1 800 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс бодитойгоор шилжүүлж авсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүний хүү 450 000, нийт 2 250 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх нь шударга ёсонд нийцэж байгаа болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Иймд бодитойгоор шилжүүлэн өгөөгүй мөнгийг төлөх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнээс 2 250 000 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Лхагвадорж нь хариуцагч Н.Ганхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 487 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Лхагвадорж, Н.Ганхуягтай 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 500 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээ нэртэй бичгийн баримтыг үйлджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Голомт банкны 1109101378 тоот дансаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 550 000 төгрөгийг шилжүүлэхдээ зориулалтыг Лхагвадоржоос зээл олгов гэж тодорхойлсныг 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ, хариуцагч Н.Ганхуягийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримт /1 хавтас, 129 дэх талын арын нүүр/ -д 2013.08.27-нд нийт 1.500.000 төгрөг авав, 2013.09.05-нд 1.000.000 төгрөг, 10 хувь авав. нийт 2.500.000 төгрөг гэсэн бичилттэй харьцуулан дүгнэж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дансаар 150 000 төгрөгийн Н.Ганхуяг хүлээн авсан баримтаар хариуцагчийн зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн дүнг 4 200 000 төгрөгөөр тодорхойлж, зээлийн гэрээг мөн хэмжээгээр байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчаас гаргаж өгсөн баримт, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн, уг харилцаатай холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэхтэй холбогдуулан зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагчийг энэ гэрээгээр 10 000 000 төгрөгийн хэмжээгээр зээл авсан гэж дүгнэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 4 200 000 төгрөг, зээлийн хүү 1 050 000 /42000005 хувь5 сар/ төгрөг, нийт 5 250 000 төгрөгөөр тодорхойлсныг зөв гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж байсан нь шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, ба хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь нотлогдсон хэмжээгээр хариуцагчид хөлс төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар С.Мөнхжаргалаас 6 800 000 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6885 дугаар шийдвэрээр У.Ууганбаяраас 5 925 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н.Ганхуяг оролцсон болон шүүхийн бус журмаар У.Ууганбаяраас нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт бэлнээр төлсөн 1 550 000 төгрөг, С.Мөнхжаргалаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт бэлнээр төлсөн 863 000 төгрөгийг тус тус нэмж 15 138 000 төгрөгөөр хөлсөөр ажиллах гэрээний үнийн дүнг тодорхойлж, уг үнээс 10 хувиар ажлын хөлсийг тооцож 2 487 300 төгрөгөөр тодорхойлсныг зөв гэж дүгнэв.

 

О.Сарангуатай холбоотой зээлийн маргааныг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь оролцож эрх зүйн туслалцаа нэхэмжлэгчид үзүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155 200 төгрөг, хариуцагч 63 000 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА