Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/01828

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/01828

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

         

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Л-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Г-т холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12.500.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2.487.300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийн 5 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хариуцагчид цувуулж өгсөн зээлийн төлбөрүүдийг дүгнэж, гэрээгээ бичгээр байгуулж баталгаажуулсан. Хариуцагч Н.Г 5 сарын дараа зээлийн төлбөр төлөөгүй учраас 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах үүднээс дахин зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд төлбөр төлөх талаар тодорхой хугацаа заасан боловч өнөөдрийг хүртэл Н.Г төлбөр төлж барагдуулаагүй. 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд төлбөрөө тохирч, зээлийн төлбөрийг Н.Г хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлийн төлбөр төлсөн талаар ямар ч баримт байхгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч үндсэн нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Лбид хоёрын дунд анх зээлийн гэрээтэй холбоотой харилцаагүй үүсээгүй. Н.Лнамайг хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн. 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр н.Мэндсайхан, 7 дугаар сарын 07-ны өдөр н.Дөлгөөн нарт холбоотой авлагын асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж ажиллаж байсан. Намайг ингэж ажиллаж байхад бид 2-ын дунд зээлийн гэрээ байгуулагдсан. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1.500.000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол би Н.Лоос 8 дугаар сарын 23-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлж авсан. Бусад мөнгийг Н.Лнадад өгөөгүй. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бид хоёр 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд Н.Лбид хоёрын мөнгө авч, өгөлцсөн баримт авагдсан уг баримтад Н.Лийн авлагатай нэр бүхий хүмүүстэй ажиллахад гарсан өмгөөллийн хөлс 22.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөг гаргуулж, 2.000.000 төгрөг авсан, өгсөн гэсэн 2 талын гарын үсэгтэй баримт юм. 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд би 10.000.000 төгрөг авсан гэж гарын үсэг зурсан. Тухайн үед Н.Луг мөнгийг надад дансаар шилжүүлнэ гэсэн учраас би мөнгө авсан гэж гарын үсэг зурсан. Гэвч бодит байдал дээр миний “Голомт” банкны дансанд 1.550.000 төгрөг шилжүүлсэн, 8.450.000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээ би 1.550.000 төгрөг шилжүүлж авсан учраас н.У, н.М, н.Снарын ажлын хөлс болох 2.487.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч Н.Лнадад мөнгө шилжүүлээгүй. Өмнө гэрээний үлдэгдэл 8.450.000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 1.500.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн боловч 100.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 9.440.000 төгрөг дээр н.У, н.Сарангуа, н.М, н.Тогтох, н.Түвшин-Эрдэнэ, хөөрөгний залуу зэрэг хүмүүсээс авах авлагад өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр 13.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, бодитоор мөнгө шилжүүлсэн тохиолдолд тооцоо нийлэхээр тохирсон. Н.Лнэр бүхий хүмүүст мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй, амаар тохирсон байсан. Би эдгээр хүмүүстэй зээлийн гэрээ байгуулж, төлбөр барагдуулах үүднээс 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талын төлөөлөгч 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг сунгасан бол яагаад 12.500.000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулахгүй, 13.500.000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан юм бэ. Өмнөх зээлийн гэрээгээр өгөөгүй мөнгөнүүдийг нийлүүлж, 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Би зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө аваагүй. Н.Лбид 2-ын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, шаардах эрх байхгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.Мыг Н.Лтой гэрээ байгуулж, бэлнээр 863.000 төгрөг гаргуулсан. н.Мд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт заасан үнийн нийт дүнгээр бэлнээр гаргуулж төлбөр нэмж 763.300 болсон. н.Уыг мөн Н.Лтой зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөг бэлнээр гаргуулж, зээлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүн дээр бэлнээр гаргуулсан төлбөрийн 10 хувийг гаргуулахаар тохирсон. Би энэ бүхнийг нотлохоор н.М, н.У нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар өгсөн. н.Сарангуаг Н.Лтой зээлийн гэрээ байгуулж, би ажлын хөлсөнд Н.Лоос 974.500 төгрөг авахаар тохирсон. Би Н.Лид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний ажлын хөлсөн 2.487.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч н.М, н.У, н.Сгэх нэр бүхий хүмүүстэй Н.Лийг зээлийн гэрээ байгуулж, шүүх дээр асуудлыг шийдүүлсэн учраас төлбөр нэхэмжилж байна гэж ярьж байна. Хариуцагчийн ямар ч үндэслэлгүй, хаанаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй асуудлаар мөнгө нэхэж байгаа нь хуульч хүний хувьд байж болохгүй асуудал юм. Хэрвээ Н.Г, Н.Лтой өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол гэрээ байгуулсан байх ёстой. н.Мэндсайхан, н.Дөлгөөнмөрөн гэх нэр бүхий хүмүүсийн зээлийн маргаанд өмгөөлөгчөөр оролцохдоо хэдэн төгрөгийн үнийн дүнтэй хэрэгт, хэдэн төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон талаар гэрээнд заасан байх ёстой. Гэтэл нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн маргаанд Н.Гын өмгөөлөгчөөр оролцсон гэх нэг ч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа н.М, н.У, н.Снарт холбогдох маргааныг шийдэж өгсөн гэж дурдсан байсан. Хариуцагч бичгээр гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ нэхэмжлэгчээс бодитоор 1.550.000 төгрөг бэлнээр шилжүүлж авсан. Энэ мөнгөний төлбөрт Н.Лийг н.М, н.У, н.Снартай гэрээ байгуулах, төлбөр гаргуулах ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Сөрөг нэхэмжлэлд өөр тайлбар байдаггүй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бодитой бус, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотолсон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлж, хөлс авах талаар тохирсон бол энэ нь нотлох баримтаар нотлогдох ёстой. н.М, н.У нар Н.Лтой зээлийн гэрээ байгуулахад хажууд Н.Г гэж хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Н.Гийг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Н.Лхууль зүйн туслалцаа үзүүлсэн эсэх нь нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Лнь хариуцагч Н.Гт холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь  тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2.487.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр биш 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 2.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн ба хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2.487.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ тодруулж байна.

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Н.Л, Н.Гтай 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000  төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг тус бүр бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан үндэслэлээ “... өмнө нь цувуулж өгсөн зээлээ нэгтгээд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан ...” гэж тайлбарлаж байна. /хх-5, 22, 68-69, 183 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчийн Голомт банкны 1109101378 тоот дансаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.550.000 төгрөгийг “Лхагвадоржоос зээл олгов” гэсэн зориулалтаар шилжүүлсэн байхаас гадна 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний иргэний үнэмлэхний хуулбар батлуулсан хуудасны ар талд гараар бичигдсэн тэмдэглэл дээр “2013.08.27-нд нийт 1.500.000 төгрөг авав”, “2013.09.05-нд 1.000.000 төгрөг, 10 хувь авав. нийт 2.500.000 төгрөг” гэж бичин хариуцагч Н.Г гарын үсгээ зурсан байх бөгөөд уг гарын үсгийг өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрдөг. /хх-75, 97, 128-129, 185 дугаар хуудас/

Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дансаар 15.000 төгрөг шилжүүлж, нийт 4.200.000 төгрөг шилжүүлсэн байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгчээс 4.200.000 төгрөг зээлсэн гэж үзэх ба талууд зээлийн гэрээний үүргийн харилцаагаа дүгнэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалтад нийцэж байна.

Дээрх гэрээгээр 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байх боловч бодитооор шилжүүлэн өгсөн мөнгө нь 4.200.000 төгрөг байх тул уг дүнгээс 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцоход /210.000 төг х 5 сар/ 1.050.000 төгрөг болж байна.

Хариуцагч тал дээрх гэрээг ноцтой төөрөгдсний улмаас хийсэн, нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэний ажлын хөлсөө авах тулд зээлийн гэрээ хэлбэрээр байгуулсан гэж мэтгэлцэн шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлж байсантай холбоотой бичгийн нотлох баримтуудыг гарган өгч, гэрчээс мэдүүлэг авахуулсан.  /хх-26-33, 103-125, 158, 162 дугаар хуудас/

Дээрх баримтуудаас үзэхэд Н.Г нь өмгөөлөгчийнхөө хувиар нэхэмжлэгч Н.Лтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байсан байх боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс түүнд төлөх ажлыг хөлсийг зээлийн гэрээ хэлбэрээр байгуулан ноцтой төөрөгдсөн гэж үзэх  боломжгүй юм.

Түүнчлэн гэрч Ш.Сүнжидмаа, С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын мэдүүлгээс харахад нотариатч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг гэрчилсэнээс мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй, бусад гэрчүүд нь Н.Гийг Н.Лийн өмгөөлөгчийн хувиар тэдгээртэй уулзан, зээлийн гэрээ байгуулан, Н.Лоос авсан зээлийг гаргуулж байсныг гэрчлэхээс Н.Л, Н.Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх үйл баримтыг нотлохгүй байна. /хх-73, 158, 162 дугаар хуудас/

Иймд нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Гаас үндсэн зээл 4.200.000 төгрөг, зээлийн хүү 1.050.000 төгрөг, нийт 5.250.000 төгрөг гаргуулан Н.Лид олгож, үлдэх 7.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж С.Мөнхжаргал, У.Ууганбаяр, О.Сарангуа нарын зээлийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт 2.487.500 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч нь гэрээ байгуулж тохиролцоогүй, нэр бүхий иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлээгүй тул төлбөр төлөхгүй гэж эс зөвшөөрч маргав.

Хэдийгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч  Н.Л, Н.Г нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь  хэрэгт авагдсан гэрч С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын мэдүүлгээс Н.Гийг Н.Лийн өмгөөлөгчийн хувиар тэдгээртэй уулзан, зээлийн гэрээ байгуулан, Н.Лоос авсан зээлийг гаргуулж байсныг нотолж байна.

Зохигчид нэр бүхий иргэний зээлийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй, хөлсийг тодорхой дүнгээр тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байх боловч хөлсөөр ажиллах гэрээ нь хариу төлбөртэй гэрээ тул Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар
нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааны төлбөрийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан зохицуулалтыг хэрэглэж болох бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн  344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан өөр иргэдийн зээлийн маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс тооцсон заалтыг баримтлах боломжтой гэж шүүх дүгнэлээ. /1-р хавтас 28, 29 дэх тал/

Шүүхийн шийдвэрээр О.Сарангуагаас зээлийн төлбөрт 9.735.000 төгрөг гаргуулж /2-р хавтас, 11-13 дах тал/, С.Мөнхжаргалаас 6.800.000 төгрөг гаргуулж /1-р хавтас 179 дэх тал/, У.Ууганбаяраас 5.925.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Лид олгож  шийдвэрлэсэн байх ба У.Ууганбаяр нь бэлнээр 1.550.000 төгрөг, С.Мөнхжаргалаас бэлнээр 863.000 төгрөгийг нэхэмжлэгчид мөн төлсөн байна.

Гэвч О.Сарангуагийн зээлийн маргаанд хариуцагч Н.Г хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул ажлын хөлсөнд 973.500 төгрөг шаардах эрхгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын зээлийн маргаанд уулзалт хийн, зээлийн гэрээ байгуулж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул жишиг үнэ баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгийн 10 хувиар өмгөөллийн хөлс шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэгч Н.Лоос С.Мөнхжаргалын маргаанд 766.300 төгрөг, У.Ууганбаярын маргаанд 747.500 төгрөг, нийт 1.513.800 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Гт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тэмдэгтийн хураамж тооцон нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргуулж, харилцан олгохоор шийдвэрлэв.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Гаас зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Лид олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Лоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1.513.800 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Гт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7.250.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 973.700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 245.900 төгрөгөөс 225.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 20.450 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас 98.950 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 280.197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 39.171 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ