Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00182

 

Н.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1938 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 487 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Н.Г-, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Н.Г-т 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Н.Г- зээлийн төлбөрийг төлөөгүй тул талууд зээлийн гэрээгээ дүгнэж, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах үүднээс 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулсан ч өнөөдрийг хүртэл Н.Г- төлбөрөө төлж барагдуулаагүй.

Иймд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн тул зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 12 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Н.Г-, Н.Л-той өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол гэрээ байгуулсан байх ёстой. Н.Мэндсайхан, н.Дөлгөөнмөрөн гэх нэр бүхий хүмүүсийн зээлийн маргаанд өмгөөлөгчөөр оролцохдоо хэдэн төгрөгийн үнийн дүнтэй хэрэгт, хэдэн төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон талаар гэрээнд заасан байх ёстой. Гэтэл нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн маргаанд Н.Г-ийн өмгөөлөгчөөр оролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа н.Мөнхжаргал, н.Ууганбаяр, н.Сарангуа нарт холбогдох маргааныг шийдэж өгсөн гэж дурдсан байсан. Хариуцагч бичгээр гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ нэхэмжлэгчээс бодитоор 1 550 000 төгрөг бэлнээр шилжүүлж авсан. Энэ мөнгөний төлбөрт Н.Л-ийг н.Мөнхжаргал, н.Ууганбаяр, н.Сарангуа нартай гэрээ байгуулах, төлбөр гаргуулах ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Сөрөг нэхэмжлэлд өөр тайлбар байдаггүй, нотлогддоггүй. Н.Мөнхжаргал, н.Ууганбаяр нар Н.Л-той зээлийн гэрээ байгуулахад хажууд Н.Г- гэж хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Н.Г-ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Н.Л-ид хууль зүйн туслалцаа үзүүлсэн эсэх нь нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

...2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор аваагүй. Н.Л- бид хоёрын мөнгө авч, өгөлцсөн баримт авагдсан уг баримтад Н.Л-ийн авлагатай нэр бүхий хүмүүстэй ажиллахад гарсан өмгөөллийн хөлс 22 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөг гаргуулж, 2 000 000 төгрөг авсан, өгсөн гэсэн 2 талын гарын үсэгтэй баримт юм. Зээлийн гэрээнд би 10 000 000 төгрөг авсан гэж гарын үсэг зурсан. Тухайн үед Н.Л- уг мөнгийг надад дансаар шилжүүлнэ гэсэн учраас би мөнгө авсан гэж гарын үсэг зурсан. Гэвч бодит байдал дээр миний Голомт банкны дансанд 1 550 000 төгрөг шилжүүлсэн, 8 450 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй.

2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч Н.Л- надад мөнгө шилжүүлээгүй. Өмнө гэрээний үлдэгдэл 8.450.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн боловч 100 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 9 440 000 төгрөг дээр н.Ууганбаяр, н.Сарангуа, н.Мөнхжаргал, н.Тогтох, н.Түвшин-Эрдэнэ, хөөрөгний залуу зэрэг хүмүүсээс авах авлагад өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр 13 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, бодитоор мөнгө шилжүүлсэн тохиолдолд тооцоо нийлэхээр тохирсон. Н.Л- нэр бүхий хүмүүст мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй, амаар тохирсон байсан. Би н.Мөнхжаргалыг Н.Л-той гэрээ байгуулж, бэлнээр 863 000 төгрөг гаргуулсан. Н.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт заасан үнийн нийт дүнгээр бэлнээр гаргуулж төлбөр нэмж 763 300 болсон. Н.Ууганбаярыг мөн Н.Л-той зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөг бэлнээр гаргуулж, зээлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүн дээр бэлнээр гаргуулсан төлбөрийн 10 хувийг гаргуулахаар тохирсон. Н.Сарангуаг Н.Л-той зээлийн гэрээ байгуулж, би ажлын хөлсөнд Н.Л-оос 974 500 төгрөг авахаар тохирсон. Би өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний ажлын хөлсөнд 2 487 500 төгрөгийг Н.Л-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Л-ид олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Л-оос хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 513 800 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Г-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7 250 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 973 700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 245 900 төгрөгөөс 225 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 20 450 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас 98 950 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 280 197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 39 171 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1938 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155 200 төгрөг, хариуцагч 63 000 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

....анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэж байгаа нь хийсвэр дүгнэлт болсон. ...Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь тэдний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа үгүйсгээгүй ба шүүхэд хандах хүртэл энэ талаар огт маргаан үүсээгүй, хариуцагч тэдгээр зээлийн гэрээ байгуулсныг болон мөнгө бэлнээр хүлээн авч гэрээний ард гарын үсэг зурж байснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байхад шүүх үүнийг огт харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж, нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүйгээр бууруулан хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүнийг хүлээн зөвшөөрсөн нь тухайн хэргийг бодитойгоор шийдвэрлээгүй гэдэг нь тодорхой байна. Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн 2013 оны 08 дугаар сарын 27-нд 1 500 000 төгрөгийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан баримт, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн 2 500 000 төгрөгийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан баримт, 2013 оны 10 дугаар сарын 11-нд нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар 15 000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг үнэлж, нийт 4 200 000 төгрөг зээлүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд харин 2013 оны 09 дүгээр сарын 23-нд дансаар шилжүүлсэн 100 000 төгрөгийн баримт, 2013 оны 09 дүгээр сарын 27-нд нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр өгсөн 2 000 000 төгрөгийн баримт, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчийн дансаар 1 550 000 төгрөг шилжүүлсэн гэх зэрэг баримтуудыг огт үнэлээгүйгээс гадна хэдэн төгрөгийн ямар баримтуудад дурдсан дүнг нэгтгэхээр 4 200 000 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй, тооцоолол нь алдаатай байгаа юм.

...сөрөг нэхэмжлэлд дурдсан С.Мөнхжаргал, У.Ууганбаяр, О.Сарангуа нарын зээлийн маргааныг шийдвэрлэхэд хариуцагч Н.Г- нь бүрэн дүүрэн ажиллаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өмгөөлөгчийн хувиар хууль зүйн туслалцаа үзүүлээгүй юм.

...Шүүхэд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг жишиг үнээр тогтооход баримтлаад буй, С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын зээлийн маргаантай асуудлыг шийдсэн шүүхийн шийдвэрүүд /шүүгчийн захирамж/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, канондсон хуулбарууд байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн. Мөн түүнчлэн нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжинд хэргийн оролцогчийг төлөөлж Н.Г- огт оролцоогүй, нэр дурдагдаагүй юм. Ийнхүү канондсон баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүйн зэрэгцээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д заасны дагуу нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо тооцооллын алдаа гаргаж, шүүхээс хангасан үнийн дүн дээр С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нарын бэлнээр төлсөн үнийн дүнг нэмэн нийт үнийн дүнгийн 10%-иар тооцон хариуцагч Н.Г-ийн өмгөөллийн хөлсийг тодорхойлсон.

Хамгийн гол нь талууд С.Мөнхжаргал, У.Ууганбаяр нараас төлбөр гаргуулах талаар огт гэрээ, тохиролцоо хийгээгүй энэ талаар нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү өнгөц үзэмжээр дүгнэж, шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. ...давж заалдах шатны шүүхээс түүнийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Тиймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар бүхий шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1938 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хэргийн 1-129 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний ард “2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 1 500 000 төгрөг авав" , "2013 оны 09 дүгээр сарын 05-нд 1 000 000 төгрөг, 10 хувь, нийт 2 500 000 төгрөг" гэсэн бичвэрийг хариуцагч Н.Г- би нэхэмжлэгч Н.Л- дансаар мөнгө шилжүүлж өгнө гэсэн тухайн өдөр болгон "авав" гэж урьдчилж бичиж байсан бөгөөд дээрх 2 500 000 төгрөгнөөс Н.Л- нь 2013 оны 08 дугаар сарын 23-нд 100 000 /нэг зуун / мянган төгрөгийг миний Хаан банкны 5007562081 тоот дансанд бодитойгоор шилжүүлж, бусад 2.400.000 төгрөгийг огт шилжүүлж өгөөгүй юм. Тодруулж тайлбарлавал уг бичвэрт 2013 оны 08 дугаар сарын 15-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 23-нд 100 000 /нэг зуу/ төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 27-нд 400 000 /дөрвөн зуу/ нийт 1 500 000 авав гэж бичсэн бичвэрээс 2013 оны 08 дугаар сарын 23-нд 100 000 /нэг зуу мянган/ төгрөгийг зөвхөн нэг удаа Н.Л- нь Н.Г- миний Хаан банкны дансанд шилжүүлж өгснийг миний дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд бусад 1 400 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгөөгүйг дансны хуулгын баримт нотлох бөгөөд энэ нь дээрх бичвэрүүд нь мөнгийг бодитойгоор бэлнээр шилжүүлэн авсан бус харин зөвхөн урьдчилж бичиж байсан бичвэр болохыг давхар нотлох юм. ...2013 оны 08 дугаар сарын 15-нд ажлын хөлсөнд 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг бэлнээр авч өгөхдөө хоёр талын гарын үсгээр баталгаажуулж мөнгийг авсан атлаа мөн өдрөө 2013 оны 08 дугаар сарын 15-нд дахин 1 000 000 /нэг сая/ төгрөг зээлсэн болон нэг талын гарын үсгээр мөнгийг шилжүүлж авсан байх ямар ч үндэслэлгүй юм. ...Харин 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Голомт банкны дансаар шилжүүлж өгсөн 1 550 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны дансаар 100 000 төгрөг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны дансаар 150 000 төгрөг нийт 1 800 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж авсан бөгөөд хүү 325 000 төгрөг нийт 2 125 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Н.Г- би хэрэгт авагдсан Н.Доржмаа, О.Сарангуа гэх мэт олон хүнтэй холбоотой ажил үүргийг гүйцэтгэсэн боловч Н.Л- нь тооцоо хийлгүй зугтсан, дээрх хүмүүсийг олж шүүхээр гэрчээр асуулгахад хүндрэлтэй байсан зэргээс шалтгаалан тэдгээр хүмүүстэй холбоотой хийсэн ажлын хөлсийг сөрөг нэхэмжлэлд нэхэмжлээгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 5 250 000 төгрөгөөс 2 500 000 төгрөг болон хүү 625 000 төгрөг нийт 3 125 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Л- хариуцагч Н.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Н.Г- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 487 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Н.Л-ид холбогдуулан сөрөг шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Н.Л- нь нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 500 000 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөгийн, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 500 000 төгрөгийн зээлийн гурван гэрээнд үндэслэсэн байна.

Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж, хөлсөөр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг баримтаар нотлох үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хэмжээнд хянан шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэсний эрх зүйн болон бодит үндэслэлийг шийдвэр, магадлалд тoдорхой тусгасан байна.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1938 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 155 200 төгрөг, хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа төлсөн 65 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН