Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00906

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00906

 

 

 Тэнгэрлэг эх орон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Тэнгэрлэг эх орон ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мюзик холл ХХК-ийн төлөөлөгч О.Сарангуа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18960 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Тэнгэрлэг эх орон ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нөхцөлүүдийг харилцан тохирсон бөгөөд төлбөр авагчид 30 000 000 төгрөг бэлнээр төлөх, үлдсэн 30 000 000 төгрөгт төлбөр авагчийн олсон рекламыг цацан хохирлыг 100 хувь барагдуулахаар заасан. Мөн гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар, энэ хугацаанд төлбөр авагч реклам олж цацаагүй тохиолдолд төлбөр төлөгч хариуцлага хүлээхгүй, дээрх хугацаа дууссанаар 4458 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэнд тооцож ажиллагааг дуусгахаар тохирсон. Тэнгэрлэг эх орон ХХК гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээний хугацаа дуусахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тавьсан боловч төлбөр авагч дахин гомдол гаргаад хэл ам хийгээд байна, хүсэлтийг нь авч байж хаана гэсээр өнөөдрийг хүрсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар тогтоолоор Тэнгэрлэг эх орон ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөгчийн хадгалалт, хамгаалалтад үлдээж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд талууд харилцан үүргээ биелүүлээгүй, төлбөр авагч Мюзик холл ХХК нь хэт нэг талын эрх ашгийг баримталсан, хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэрээ байсан, төлбөр төлөгч Тэнгэрлэг эх орон ХХК нь төлбөр авагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь бидний буруу биш шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж маргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй, талууд харилцан тохиролцоогүй, Төлбөр барагдуулах гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй учир ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мюзик холл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн барагдаагүй. Гэрээгээр тохирсон төлбөрийн нөхцөлөөс 53 000 000 төгрөг төлөгдөөгүй. Төлбөр барагдуулах гэрээг талуудын эвлэрсэн тодорхойлолт гэж үзэхгүй. Төлбөр авагч тал үүрэг гүйцэтгэх замаар төлбөрөө авах заалт оруулсанаар ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байдаг. Гэрээ дуусгавар болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой байсан боловч энэ боломжоо алдсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай Тэнгэрлэг эх орон ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тогтоосон хэм хэмжээний хүрээнд ажиллагааг гүйцэтгэж байгаа гэж үзэх үндэстэй байна" гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад байгуулсан талуудын хэлцлээр буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор илэрхийлсэн талуудын хүсэл зоригоор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогдохоор байна. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эсэх болон заавал биелэгдэх зарчмыг зөрчиж төлбөр төлөхгүй гэж маргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын байгуулсан гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасантай нийцэж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцож дуусгавар болгуулахаар маргасан. Талууд шүүхийн шийдвэрийн өмнө болон дараа хэдийд ч эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн зарчим, хориглосон зүйл заалтыг зөрчөөгүй юм. Шүүгч шүүхийн шийдвэр гарсны дараа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн хууль зүйн шинэ фактыг дүгнэхдээ шийдвэр заавал биелэгдэх зарчмаар хязгаарлаж байгаа нь талуудын хэлцэл хийх, эвлэрэх хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар талууд дээрх гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн.

Гэрээний тал буюу төлбөр авагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгаа хамгаалан гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд гэрээний дагуу реклам цацах эрх, үүргээ өөрсдийн буруугаар хэрэгжүүлээгүй, үүнд төлбөр төлөгч буруугүй тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Мөн гэрээнд "2015 оны 12 сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно" гэж заасан нь ШШГТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан талуудын эвлэрлийг баталсан тодорхойлолт юм.

Мөн шүүгч "төлбөр барагдуулах гэрээнд гэрээний хугацаа дууссанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгана гэж заасан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн, төлбөр авагчийн шаардах эрхийг хязгаарласан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй" гэж дүгнэжээ. Гэтэл уг гэрээний нэг тал буюу төлбөр авагч тал өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хууль зүйн үр дагавар бий болгосон, төлбөр төлөгч эсвэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэл зоригоос гадуур эрхийг нь хязгаарласан үйлдэл, ажиллагаа хийгээгүй байхад "төлбөр авагчийн хуульд нийцсэн гэрээ" өөрийнх нь эрх ашиг, шаардах эрхийг хязгаарлаж байна гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.

Шүүгч "тодорхойлолт гэдэг нь маргаагүй байдлаар гарах ёстой" гэж үзжээ. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаар гэрээнд тодорхой заасан бөгөөд гэрээ байгуулах үед харилцан тохирсон, маргаантай байдал байгаагүй юм. Иймд төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаар тохирсон үндэслэлээр гомдол гаргах эрхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээгээр тодорхойлогдож байгаа бөгөөд гэрээнд заасан нөхцөл хангагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Тэнгэрлэг эх орон ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан ...төлбөр барагдуулах гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээний хугацаа дууссан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой.. гэсэн үндэслэлээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...төлбөр барагдуулах гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй... маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрээр Тэнгэрлэг эх орон ХХК-иас 82 452 188 төгрөг гаргуулан Мюзик холл ХХК-д олгохоор шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1670 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 580 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг ажиллагаа явуулжээ. /хх-38, 42/

Шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар уг эвлэрлийн агуулгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий байгууллагад тодорхой мэдэгдэж, талууд хэн аль нь зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тэнгэрлэг эх орон ХХК болон Мюзик холл ХХК-иуд өөр хоорондоо төлбөр хэрхэн барагдуулах талаар тохиролцож гэрээ байгуулсан боловч уг гэрээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талуудын тодорхойлолт гэж үзэх үндэслэлгүй ба уг эвлэрлийн талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх баримт бичиг хүчинтэй байгаа, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх болон 16 дугаар зүйлд заасан дуусгавар болгох үндэслэл байхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тэнгэрлэг эх орон ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ