Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 983

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Э******* намайг оруулахыг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Миний бие Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 1 мандат бүхий Баянзүрх

дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дугээр сарын 27-ны өдөр авсан болно.

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу

сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ний өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт 1533 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 1 дүгээрт жагссан.

Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр заалтыг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159,3 дахь заалтыг тус тус үндэслэн А.Э******* намайг "...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, уйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. Уг хууль бус шийдвэрийн улмаас А.Э******* миний Үндсэн хуулиар олгогдсон Сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний

өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна.

Миний бие Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна

1.Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т "Сонгуулийн дун гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно" гэж заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариүцлага хүлээлгэхээр хуульчилсан байна, Харин хуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн А.Э******* намайг Сонгуулийн хуулийн 70 дугаар

зүйлийн 70.1.1, 70.5,16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, Сонгуулийн тухай хуулийг зөрчин шалган тогтоох үйл ажиллагааг өөрөө явуулсан хэмээн тайлбарлаж дээрх 59 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус байна.

2.2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь хуралдсан, ирц нь бүрдсэн эсэх нь тодорхойгүй байхад сонгуулийн хороо хуралдсан мэтээр тогтоол гаргасан нь хууль бус байна.

3.Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, ямар баримтыг үндэслэн нэр дэвшигч намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоол хүчингүй болсоноор А.Э******* миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161 1-т заасны дагуу хамгийн олон санал авч сонгогдсоноо баталгаажуулах, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 10 дугаар тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, А.Э******* намайг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Э******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингуй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин "А.Э******* намайг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах" шаардлагаа "Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн

нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Э******* намайг оруулахыг даалгуулах" болгож өөрчилж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг өөрчилж хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний үндэслэлээ: “...Нэг. 2016 оны нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрээр байгуулсан. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй.

Хоёр.Нэхэмжлэгч А.Э******* нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн өдөр

буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон санал хураалт, 2016 оны 10 дугаар

сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтын үед А.Э******* нь сонгогчдын

саналыг татах зорилгоор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдан авахад

чиглэгдсэн үйл ажиллагаа явуулсан тухай гомдлыг дүүргийн иргэд болон Монгол Ардын намаас гаргасан. /Гомдолд бичлэгийг хавсарган ирүүлсэн/

Гурав. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн

хорооны хурлын товыг гишүүдэд нарийн бичгийн дарга мэдэгдсэн бөгөөд хурал эхлэхэд

нийт 7 гишүүн хүрэлцэн ирсэн байсан. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар

зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний

гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон

гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг хурал

хүчин төгөлдөр ирцтэй болсон.

Улмаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгч А.Э*******ы асуудлыг хэлэлцэх үед хоёр гишүүн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан. Сонгуулийн хорооны

хурал үргэлжилж гомдолд хавсаргасан бичлэгийг үзэж судлан, нэхэмжпэгч нь

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн

хэмээн хуралд оролцсон гишүүдийн олонх үзэж 2016 оны 10 дугаар сарын 24-ний

өдрийн 59 дүгээр тогтоол гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч******* шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Нэг. Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх

дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшигч А.Э******* нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Г******* 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол ирүүлсэн.

Энэхүү гомдол, мэдээллийг шалгахад нэр дэвшигч А.Э******* нь өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь иргэн С.Т*******гийн сонгогч н.З*******д “сонгуулиа өгөөд мөнгө авах талаар тохиролцож буй дөрвөн удаагийн утсаар ярьсан бичлэг, н.П*******гийн тайлбар зэргээр бүрэн тогтоогдсон байна. 

Иргэн С.Т******* нэр дэвшигч А.Э*******ыг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогч н.З*******, н.П******* нарт 40000 өгсөн. Нэр дэвшигч А.Э******* нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй буюу үгүйсгэсэн баримтыг гомдол гаргагч А.Э******* Сонгуулийн Хороонд ирүүлээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэлийн үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1-т заасан “аливаа этгээд” гэдэгт иргэн

С.Т*******, 70.5 заасан “эрх бүхий этгээд" гэдэгт нэр дэвшигч А.Э******* хамаарч байгаа болно.

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10-т заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, ... мөнгө ... тараах’’ 70.5.14-т "сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хоёр.Сонгуулийн тухай хуулиар 1/ Улсын Их Хурлын сонгууль, 2/ Ерөнхийлөгчийн сонгууль, 3/ Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна.

Тухайлбал, 1. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгг Улсын Их хурлын Сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67 3, 70.1, 70.5 1-70.5.10, 70.5.13, 70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардаж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт ерөнхийлөгчийн сонгуулийн талаар

зохицуулжээ. Тус бүлгийн 145 дугаар зүйлийн 145.1-т “Нэр дэвшигч буртгуулсний дараа

тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр фвшигчийг

сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ" гэж заасан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл зөвхөн “илэрсэн тохиолдолд” нэрсийн жагсаалтаас хасах эрхийг сонгуулийн төв байгууллагад шууд олгосон байна. Энэ тохиолдолд урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй.

3. 3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн “илэрвэл” гэх нөхцлийг харгалзан үзэж байгаагаар адил байна. Харин сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субьектээрээ өөр өөр байна. Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх

дүүргийн сонгуулийн хороонд хуулиар олгогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг” дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно.

Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна.

А.Э*******ыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон болохыг

баталгаажуулахыг Баянзүрх Дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагын тухайд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад энэхүү нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор А.Э*******ыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс А.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, А.Э*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дарахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “...Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, А.Э******* намайг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа “Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Э******* намайг оруулахыг даалгуулах” гэж өөрчлөн тодорхойлсон байна. 

Нэхэмжлэгч А.Э******* нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшин бүртгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авч тус сонгуульд оролцсон бөгөөд улмаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт санал хураалтын дүнгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ажиндайгийн Э******* нь 1533 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан байна.

Тус сонгуулийн хороонд М*******аас нэр дэвшигч Б.Г******* 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “...А.Э*******ыг мөнгө тараасан тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч өгн үү” гэж гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 9 гишүүнтэйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, мөн өдрийн 59 дүгээр “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3-т заасныг баримтлан “...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр А.Э*******ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 70.1.1-д “мөнгө, эд зүйл тараах”, 70.5-д “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 159 дүгээр зүйлд зааснаар нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, хэрвээ энэ үндэслэл сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор зохицуулсан байна. 

Үүнээс үзэхэд А.Э*******ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчлүүдийг гаргаж, хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж эрх бүхий байгууллага буюу цагдаа шүүхээс тогтоогоогүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо зөрчлийг шалган тогтоох ажиллагаа  явуулж маргаан бүхий тогтоолыг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж заасантай нийцэхгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосонтой холбогдуулж Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Э*******ы нэрийг оруулсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Э*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Э*******ы нэрийг оруулсан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН