Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 43

 

                              Иргэн А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

                         захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0026 дугаар магадлалтай, А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэний хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг баримтлан А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Эрдэнэсайханы нэрийг оруулсан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0026 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх орон нутгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5-д “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлсон. Сонгуульд хамааралтай аливаа этгээд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах орон нутгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийлээ. Энэ нь Улсын Их Хурлын Сонгуулийн үйл ажиллагаанаас өөр юм. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны үед зөрчил гаргасан эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоосны дараа нэр дэвшигчийн нэрийг хасах эрх Сонгуулийн хороонд олгогдож байгаа бол орон нутгийн сонгуулийн зөрчилд заавал шүүхийн шийдвэр шаардахгүй, зөрчил гаргасан эсэхэд орон нутгийн сонгуулийн хороо дүгнэлт өгөх эрх эдэлж байгаагаар онцлог байна. Иймд, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоол Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүх зөрчил гаргасныг тогтоосон шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар зөрчил гаргагч нар сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагаа идэвхитэй явуулсан баримтуудыг Сонгуулийн хороо үнэлж, дүгнэж, гаргасан тогтоол, түүний агуулгыг шүүх нягтлан үзэж хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадсангүй. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагааг шүүх өөгшүүлсэн шийдвэр гаргаснаараа олон нийтэд хууль бус ажиллагаа явуулж болдог, Сонгуулийн хороо гэж ямар ч эрх мэдэлгүй, үлбийсэн, билэгдлийн байгууллага мэт ойлголтыг төрүүлж байна. Сонгуулийг шударга явуулья гэж хаа хаанаа дэмжих гол механизм нь хариуцлага гэдгийг шүүх харуулах эрх мэдлийн үүргээ саармагжууллаа. Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СД нь нэр дэвшигч А.Эрдэнэсайхан сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан зохион байгуулалттай мөнгө тарааж буй үйл баримтыг үнэлж  дүгнэхээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйлийн 159.3-т хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Шүүх нэхэмжлэгч тал хэрэгт цугларсан нотлох баримтыг няцаасан баримт болон үгүйсгэсэн тайлбараа гаргаж мэтгэлцээгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн боломжгүй юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ

Шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 59 дүгээр тогтоолоор “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэж А.Эрдэнэсайханыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байна.

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан “Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоох бөгөөд ийм шийдвэр байхгүй байхад намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан” гэсэн үндэслэлээр дээрх 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Эрдэнэсайханыг оруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан хориглосон үйл ажиллагааг буюу сонгогчдыг татах зорилгоор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдан авахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

Хариуцагч “А.Эрдэнэсайхан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан болох нь МАН-аас гаргасан гомдолд хавсаргаж ирүүлсэн “бичлэг”-ээр тогтоогдож байгаа” гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж тодорхой заасан.

Мөн дүүргийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал, түүний эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд тодорхойлсноос үзэхэд “нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох” чиг үүрэг, эрх хэмжээ олгогдоогүй байна.

Гэтэл хариуцагч нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэснийг буруу хэрэгжүүлсний улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд, шүүх А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонгуулийн байгууллагын эрх хэмжээг үгүйсгэсэн, Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0026 дугаар  магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН