Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0026

 

   

 

А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Эрдэнэсайханы нэрийг оруулсан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх “Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаа, шүүхээс тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо түүнийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцээгүй” гэж холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлээр зөрчил шалгах, 118 дугаар зүйлээр шалгасан зөрчлийг шийдвэрлэх асуудлыг зохицуулжээ. Дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлагыг Захиргааны зөрчлийн хуулиар ногдуулахаар байна. Захиргааны зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэсэн заалтыг энэ хуулийн 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй.  Иймд нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан харин, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв тайлбарлан хэрэглэсэнгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхийн СD нь нэр дэвшигч А.Эрдэнэсайханы сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай явуулж буй үйл баримтыг үнэлж, зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт хийх эрх шүүхэд байгаа. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарджээ. Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан эсэхийг дүгнэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг шаардаж буйтай адил агуулгатай болжээ. Үүнээс үзвэл, захиргааны хэргийн шүүхийн үүрэг тодорхойгүй болж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг зөрчиж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 973 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Эрдэнэсайханы нэрийг оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг шалган тогтоох эрх Сонгуулийн хороонд олгогдоогүй, сонгуулийн хороо хуралдсан эсэх, ямар гомдол мэдээлэл, баримтад үндэслэж хууль зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 117 дугаар зүйлийн 117.1, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчил гарсаныг шүүхийн шийдвэрээр тогтоосон тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Гэтэл Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн дээрх захиргааны зөрчил гарсан эсэх, зөрчилд нэр дэвшигч гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хуулиар олгосон чиг үүргээ хэтрүүлэн, хуулийг буруу хэрэглэж маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор А.Эрдэнэсайханыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь хууль бус байна.   

Сонгуулийн тухай хуулийн Нэгдүгээр хэсэг нь бүхэлдээ нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий зохицуулалтуудаас бүрдсэн бөгөөд эдгээр зохицуулалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн алинд ч нийтлэг хэрэглэгдэх учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж шүүх буруу тайлбарласан, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан, харин ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн тухайд сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв хэрэглэсэнгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах, сэргээн тогтоох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан захиргааны зөрчлийг шалган тогтоох эрх хэмжээгүй тул “шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     ШҮҮГЧ                                                  Э.ХАЛИУНБАЯР    

                                     ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ  

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН