Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01427

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01427

 

 

 

Э.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдох

Ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд орж ажилласан. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрсдэлийн удирдлагын тасагт орон тооны бус байцаагч, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс орлогын бүртгэл хариуцсан орон тооны бус байцаагчаар томилогдон 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 жил 4 сар ажилласан. Ажил олгогчтой 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирээд хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа гэж ойлгосон. Ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 40 дугаартай мэдэгдэл гаргаж уг мэдэгдэлдээ ажилтан миний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай бичсэн байсан.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/04 дугаар тушаал гарган ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө дууссан гэсэн мэдээлэл хийгээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2017 оныхоо хийсэн ажлын тайланг тавьсан. Төрийн захиргааны дарга н.Мөнхбат 2016 оны жилийн эцсийн тайланг хамгийн сайн байна гэж дүгнэлт өгч байсан атлаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр намайг тайлангаа өгөхөд тайлан чинь муу байна, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй гэсэн.

Тус татварын хэлтэс нь орон тооны бус олон байцаагчийг надтай адил үндэслэлээр тушаал гарган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн ба ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох нөхцөл байдал бий болсон байх учиртай.

Ажил олгогч тушаал, шийдвэр гаргахдаа хуулийн зүйл, заалт, зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэн ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 884 440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ... Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаар тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ын 1.5-д ...орон тооны бус байцаагч нь тухайн татварын албаны батлагдсан төсөвт орон тооны албан хаагч биш... гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж орон тооны бус байцаагчдыг ажиллуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар 2017 оны төлөвлөгөө биелүүлэх, Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх зорилгоор орон тооны бус байцаагч Э.Хишигсүрэнтэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Үүнийг хөдөлмөрийн гэрээний 2.1-т тодорхой дурдсан байгаа. Дээрх 2017 оны төлөвлөгөөг биелүүлэх үндсэн зорилго нь дуусч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 тоот мэдэгдлийг албан ёсоор өгсөн. Мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн шалтгаан нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр, 30, 31-ний өдөр нь амралтын өдрүүд, 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтээр амарсан.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглаад бүх мэдэгдлээ албан ёсоор боловсруулж, гарын үсэг зуруулаад 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан. Үүнээс хойш өдөр бүр бүх орон тооны бус байцаагчдынхаа жилийн эцсийн ажлын тайланг нэг бүрчлэн үзсэн. Э.Хишигсүрэн нь тайлангаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр тавьсан.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тушаал гарсан байгаа. Э.Хишигсүрэн нь хэлтсээс зохион байгуулсан сургалтуудад идэвхтэй оролцдоггүй. Орон тооны бус байцаагчдаас нэг удаа мэдлэг чадвар дээшлүүлэх шалгалт авахад хангалтгүй дүн үзүүлсэн. Тус хэлтэст ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг учраас цаашид гэрээ сунгагдахааргүй болсон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдох ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай Э.Хишигсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.Хишигсүрэнгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж Э.Хишигсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах давж заалдах гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг хэт явцуугаар буруу тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ хэрхэн яаж дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилж өгсөн ба талуудын хүсэл зоригоос шалтгаалж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тохиолдол байдаг. Тухайлбал хуулийн 37.1.1-т зааснаар талууд харилцан тохиролцож, 37.1.8-д зааснаар ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг талуудын хүсэл зоригоос хамаарч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлийг хуульчилсан. Хуулийг ийнхүү буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргах үнцэслэл болсон байна.

Хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үйл баримт тогтоогдож байхад шүүх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл баримт тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болох Э.Хишигсүрэнгээс авсан шалгалтын тухай баримт, мэдэгдэх хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтаар болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Иргэний хуулийн 72 зүйлийн 72.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хугацааг 2018 оны ажлын эхний өдөр буюу 01 сарын 02-ны гэж Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг баримталсан.

Мөн тус хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.7-д "хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусахаас өмнө дарга, ажилтан нар хэлэлцэж хугацааг сунгах буюу хугацаа сунгаагүй тохиолдолд анх байгуулсан хугацаагаар 1 удаа сунгагдсанд тооцох бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно" гэж зохицуулсан бөгөөд энэ заалт нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан зохицуулалтын агуулга, үзэл баримтлалд харшлаагүй бөгөөд нийцэж байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц гэдэг нь гэрээ дуусах сүүлийн өдрийн 24 цаг дуусахаас өмнө буюу дараагийн шинэ хугацаа тоолж эхлэхээс өмнө аль нэг тал нь санал гаргах ёстой гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга, ойлголт байдаг. Учир нь хууль, тогтоомжид нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журам гаргах, дотоод журамд заасан үүргээ биелүүлэх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид үүрэг болгон хуульчилсан байдаг. Ажил олгогч үүргээ ийнхүү хэрэгжүүлээгүй нь ажилтны буруу биш юм. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь нэхэмжлэгч Э.Хишигсүрэнтэй хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгож цуцлах тал түүнд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгч үргэлжлүүлэн 01 сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулж цалин олгож байснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч тал нэхэмжлэгч Э.Хишигсүрэнг хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал талуудын хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусмагц буюу хугацаа дуусахаас өмнө хуульд зааснаар дуусгавар болгосон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ нь тогтоогдоогүй.

Хөдөлмөрийн гэрээ дуусаж цаашид шинээр байгуулах талаар сонсох ажиллагаа явуулж ажил үүргийг 5 үзүүлэлтээр шалгахад Э.Хишигсүрэн нь нийт 4 үзүүлэлтээр муу авсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гаргасан байгаа. Э.Хишигсүрэн нь хэлтсээс зохион байгуулагдсан сургалтуудад идэвхтэй оролцдоггүй. Орон тооны бус байцаагчдаас нэг удаа мэдлэг ур чадвар дээшлүүлэх шалгалт авахад хангалтгүй дүн үзүүлсэн. Тус хэлтэст ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг учраас цаашид гэрээ сунгагдахааргүй болсон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарлаж мэтгэлцсээр байхад тайлан тавих нь ажилтны нийтлэг үүрэгт хамаарна гэж үндэслэх хэсэгт зааж байгаагаас үзэхэд шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тал бүрээс нь бодитойгоор бүрэн дүүрэн үнэлж чадаагүй байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болох Э.Хишигсүрэнгээс авсан шалгалтын тухай баримт, мэдэгдэх хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчтэй адил адил шалтгаанаар халагдсан 7 орон тооны бус байцаагчдаас 3 нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний нэг нь Э.Хишигсүрэн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан дээрх 3 орон тооны бус байцаагчийн өмгөөлөгчөөр миний бие ажилласан ба 2-г нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэж, хариуцагч байгууллага тушаал гарган ажилд нь буцаан авч ажиллуулж байна. Адил үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс өөр өөр шийдвэр гарч байгааг ойлгохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэсэн нотлох баримтын бодит үндэслэлийг буруу үнэлж хууль зүйн тайлбар хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.Хишигсүрэн нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Э.Хишигсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 97 дугаар тушаалаар бичиг хэрэг нарийн бичиг, 2016 оны 06 сарын 15-ны өдрийн Б/3 тоот тушаалаар орлогын бүртгэл хариуцсан байцаагчийн албан тушаалд томилогдон, 2017 оны 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх-14, 8-12/ тус хэлтсийн даргын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 7 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын Э.Хишигсүрэнг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 4.9, 4.10 дах заалтыг үндэслэл болгосон ба ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарласан.

Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр, 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байхаар тохиролцон байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23.2.2-т заасантай нийцсэн болно. /хх-ийн 8-12 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байж болох бөгөөд мөн хуулийн 23.3 дах хэсэгт зааснаар хугацаатай гэрээний хугацаа дуусах тохиолдолд цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасантай нийцсэн тул буруутгах боломжгүй.

Хэрэгт авагдсан ажил олгогчоос ажилтанд 2018 оны 01 сарын 03-ны өдөр өгсөн мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болох талаар дурдсан боловч Э.Хишигсүрэнг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл ажил үүргийг гүйцэтгүүлж, цалин олгосон болох нь хэрэгт авагдсан цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, тушаал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөнөөс хойш нэхэмжлэгчээс шалгалт авч ажлыг нь дүгнээд, цалин хөлс олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6-7, 57 дугаар тал/

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.7-д "хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусахаас өмнө дарга, ажилтан нар хэлэлцэж хугацааг сунгах буюу хугацаа сунгаагүй тохиолдолд анх байгуулсан хугацаагаар 1 удаа сунгагдсанд тооцох бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно" гэж зохицуулсан хэдий ч Э.Хишигсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар талууд хугацаа дуусахаас өмнө хэлэлцээгүй, дээрх заалтыг хэрэгжүүлээгүй байна. /хх-ийн 29-34 дүгээр тал/

Мөн гэрээний хугацаа дуусгавар болсон ч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан үйл баримт тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэл бий болсон байна. Иймд ажил олгогч тал гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, байцаагч Э.Хишигсүрэнг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 884 440 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцэх учир анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай болно.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын адил тухайлан шийдвэрлэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Э.Хишигсүрэнг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 884 400 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын 58.1 гэсний дараа , 57 дугаар зүйлийн 57.1- гэж нэмж, олгосугай гэснийг олгож, хариуцагчаас 115 301 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ