Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01711

 

 

Э.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Э.Х-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СХДТХ-т холбогдох,

Ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

СХДТХ-т 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд орж ажилласан.

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрсдэлийн удирдлагын тасагт орон тооны бус байцаагч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс орлогын бүртгэл хариуцсан орон тооны бус байцаагчаар томилогдон 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 жил 4 сар ажилласан.

Ажил олгогчтой 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирээд хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа гэж ойлгосон. Ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 40 дугаартай мэдэгдэл гаргаж, уг мэдэгдэлдээ ажилтан миний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай бичсэн байсан.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/04 дугаар тушаал гарган ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө дууссан гэсэн мэдээлэл хийгээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2017 оныхоо хийсэн ажлын тайланг тавьсан. Төрийн захиргааны дарга н.Мөнхбат 2016 оны жилийн эцсийн тайланг хамгийн сайн байна гэж дүгнэлт өгч байсан атлаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр намайг тайлангаа өгөхөд тайлан чинь муу байна, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй гэсэн.

Тус татварын хэлтэс нь орон тооны бус олон байцаагчийг надтай адил үндэслэлээр тушаал гарган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн ба ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох нөхцөл байдал бий болсон байх учиртай.

Ажил олгогч тушаал, шийдвэр гаргахдаа хуулийн зүйл, заалт, зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэн ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 884 440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаар тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журмын 1.5-д “...орон тооны бус байцаагч нь тухайн татварын албаны батлагдсан төсөвт орон тооны албан хаагч биш...” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж орон тооны бус байцаагчдыг ажиллуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар 2017 оны төлөвлөгөө биелүүлэх, Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх зорилгоор орон тооны бус байцаагч Э.Х-тэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Үүнийг хөдөлмөрийн гэрээний 2.1-д тодорхой дурдсан байгаа.

Дээрх 2017 оны төлөвлөгөөг биелүүлэх үндсэн зорилго нь дуусч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 тоот мэдэгдлийг албан ёсоор өгсөн. Мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн шалтгаан нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр, 30, 31-ний өдөр нь амралтын өдрүүд, 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтээр амарсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглаад бүх мэдэгдлээ албан ёсоор боловсруулж, гарын үсэг зуруулаад 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан. Үүнээс хойш өдөр бүр бүх орон тооны бус байцаагчдынхаа жилийн эцсийн ажлын тайланг нэг бүрчлэн үзсэн. Э.Х нь тайлангаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тавьсан.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тушаал гарсан байгаа. Э.Х нь хэлтсээс зохион байгуулсан сургалтуудад идэвхтэй оролцдоггүй. Орон тооны бус байцаагчдаас нэг удаа мэдлэг чадвар дээшлүүлэх шалгалт авахад хангалтгүй дүн үзүүлсэн. Тус хэлтэст ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг учраас цаашид гэрээ сунгагдахааргүй болсон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан СХДТХ-т холбогдох ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгох, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай Э.Х-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.Х-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 200 төгрөгийг СХДТХ-ийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, Э.Х-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Х-г СХДТХ-ийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 884 400 төгрөгийг хариуцагч СХДТХ-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж, 2 дах заалтын “58.1” гэсний дараа “, 57 дугаар зүйлийн 57.1-” гэж нэмж, “олгосугай” гэснийг “олгож, хариуцагчаас 115 301 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3-т зааснаар СХДТХ- нь Э.Х-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссаны дараагийн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдлийг ажилтанд хүргүүлсэн нь хуулийн 23.3-т заасан “хугацаа дуусмагц” гэсэн заалтыг зөрчөөгүй.

Э.Х-г 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлж, мөн өдрөөр тасалбар болгосон нь 2017 оны ажлын тайланг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэлэлцэж дууссан тухайн өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ээс нотлогдсон. Мөн тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2, 5.2.12-т заасны дагуу Татварын ерөнхий газрын 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаар тушаалаар баталсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журмын 3.3-т “Ажлынхаа үр дүнгийн тайланг cap, улирал, хагас жил, бүтэн жилээр гарган татварын албаны даргад мэдээлж, ажлаа дүгнүүлнэ”, Хөдөлмөрийн гэрээний 2.7-т “Орон тооны бус байцаагч нь ажлынхаа үр дүнгийн тайланг cap, улирал, хагас жил, бүтэн жилээр тухай бүр гаргаж, татварын улсын ахлах байцаагч, тасгийн дарга, хэлтсийн даргад мэдээлж, ажлаа дүгнүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэхээс үл хамааран урьд оны ажлын тайланг ажил олгогчид тайлагнах нь ажилтны нийтлэг үүрэгт хамаардаг.

...хэрэгт авагдсан баримтууд буруу дүгнэгдсэн ба Э.Х-гээс авсан шалгалтын тухай баримтан дээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шалгалт авсан нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн ба ажилтны тоог цөөрүүлж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үйлчлэл буюу хугацаа талуудын хүсэл зоригоос үл шалтгаалан зогсож байгаа үйл явдал. Харин талуудын хүсэл зоригоос шалтгаалан гэрээний үйлчлэл зогсож байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ цуцлах гэнэ.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Х нь СХДТХ-ийн орон тооны бус байцаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч СХДТХ-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Э.Х нь СХДТХ-т орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан нь ажил олгогч болон ажилтны хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон байна. Уг гэрээний хугацааг талууд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.2.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх боломжтой бөгөөд  хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулдаг байна.

СХДТХ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.7-д зааснаар “хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө дарга, ажилтан нар хэлэлцэж, хугацааг сунгах буюу хугацаа сунгаагүй тохиолдолд анх байгуулагдсан хугацаагаар 1 удаа сунгагдсанд тооцох” талаар заасан байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дотоод журмын энэ нөхцөл хэрэгжээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон талаар ажилтанд мэдэгдсэн ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай мэдэгдэл нь уг гэрээг сунгах эсэхийг тодорхойлоогүй тул энэхүү мэдэгдлийг гэрээ цуцлах санал гэж үзэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх шийдвэрийг ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байх тул давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т заасан шаардлагад нийцжээ. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог байна.

Маргааны үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн, бүрэн эрхийнхээ хэмжээнд хэрэгт авагдсан баримтанд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН