Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00964

 


 
 


 


 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00964

Улаанбаатар хот

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: … тоот хаягт оршин суух, … овогт … /РД:…/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. байрлах, … хэлтэст холбогдох

 

Ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 9 сарын 23-нд анх С- хэлтэст нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд орж ажилласан. 2016 оны 3 сарын 01-нээс эрсдэлийн удирдлагын тасагт орон тооны бус байцаагч, 2016 оны 6 сарын 15-ны өдрөөс орлогын бүртгэл хариуцсан орон тооны бус байцаагчаар 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 жил 4 сар ажиллаж байсан. Ажил олгогчтой 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 01 сарын 02-ны өдөр ажилдаа ирээд хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа гэж ойлгосон. Ажил олгогч 2018 оны 01 сарын 03-ны өдөр 40 дугаартай мэдэгдэл гаргаж уг мэдэгдэлдээ ажилтан миний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай бичсэн байсан. Ингээд 2018 оны 01 сарын 10-ны өдөр Б/04 дугаар тушаал гарган ажилтан намайг ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө дууссан гэсэн мэдээлэл хийгээгүй. 2018 оны 01 сарын 09-нд 2017 оныхоо хийсэн ажлын тайланг тавьсан. Төрийн захиргааны дарга н.М- 2016 оны миний жилийн эцсийн тайланг хамгийн сайн байна гэж дүгнэлт өгч байсан атлаа 2018 оны 01 сарын 09-нд намайг тайлангаа өгөхөд тайлан чинь муу байна, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах хүсэлгүй байна гэсэн. Тус татварын хэлтэс нь орон тооны бус олон байцаагчийг надтай адил үндэслэлээр тушаал гарган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн ба ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох нөхцөл байдал бий болсон байх ёстой. Миний бие ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд аливаа уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Ажил олгогч тушаал, шийдвэр гаргахдаа хуулийн зүйл, заалт, зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэн ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.884.440 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...тус хэлтэст 85 албан хаагч ажиллахаар Т- газрын даргын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн А/91 дугаар тушаалаар үндсэн орон тоог баталсан. Т- газрын даргын 2016 оны 4 сарын 21-ний өдрийн 127 дугаар тушаалаар батлагдсан “Орон тооны бус байцаагч ажиллуулах журам”-ын 1.5-д “...орон тооны бус байцаагч нь тухайн татварын албаны батлагдсан төсөвт орон тооны албан хаагч биш...” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж орон тооны бус байцаагчдыг ажиллуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар 2017 оны төлөвлөгөө биелүүлэх, Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх зорилгоор орон тооны бус байцаагч Э.Х-тэй 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Үүнийг хөдөлмөрийн гэрээний 2.1-т тодорхой дурдсан байгаа. Дээрх 2017 оны төлөвлөгөөг биелүүлэх үндсэн зорилго нь дуусч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тухай 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 40 тоот мэдэгдлийг албан ёсоор өгсөн. Мэдэгдлийг 2018 оны 01 сарын 03-нд өгсөн шалтгаан нь 2017 оны 12 сарын 29-нд нийтээр амрах баярын өдөр, 30,31-ний өдөр нь амралтын өдрүүд, 01 сарын 01-нд нийтээр амарсан байгаа. Ингээд 2018 оны 01 сарын 02-нд ажил цуглаад бүх мэдэгдлээ албан ёсоор боловсруулж, гарын үсэг зуруулаад 01 сарын 03-нд гардуулсан. Үүнээс хойш өдөр бүр бүх орон тооны бус байцаагчдынхаа жилийн эцсийн ажлын тайланг нэг бүрчлэн үзсэн. Э.Х- нь тайлангаа 2018 оны 01 сарын 09-ны өдөр тавьсан. Тэгээд 2018 оны 01 сарын 10-ны өдрөөс тушаал гарсан байгаа. Э.Х- нь хэлтсээс зохион байгуулсан сургалтуудад идэвхтэй оролцдоггүй. Орон тооны бус байцаагчдаас нэг удаа мэдлэг чадвар дээшлүүлэх шалгалт авахад хангалтгүй дүн үзүүлсэн. Тус ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг учраас цаашид гэрээ сунгагдахааргүй болсон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээтэй байсан. Хугацаа дууссан талаар 2018 оны 01 сарын 03-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш сунгахгүй гэсэн мэдэгдэх хуудсаа гаргасан. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.7 дахь хэсэгт хугацаатай гэрээг яаж цуцлах талаар зохицуулсан. Хугацаа дуусахаас өмнө дарга, ажилтан харилцан тохиролцоно. Хэрэв хугацаа дуусаагүй бол анх байгуулагдсан хугацаагаар сунгагдана гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хугацаатай гэрээг хэрхэн дуусгах вэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд харилцан тохиролцоогүй бол хуульд анх байгуулагдсан хугацаагаар сунгаад явах зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаад явж байна гэж ойлгосон. Ямар нэг байдлаар хугацаа дуусахаас өмнө ажил олгогч санал зөвшилцсөн юм байхгүй. Тийм учраас хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байтал гэрээ дууссанаас хойш 01 сарын 10 хүртэл ажлын 8 хоног нийтдээ 10 хоног ажиллуулсан байна. Энэ нь хөдөлмөрийн хууль зөрчсөн байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа бол ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Тиймээс сунгагдаад явж байгаа гэж ойлгоод нэхэмжлэгч ажлаа хийгээд явж байхад халсанд нь гомдолтой байсан учир шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
 

Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч “С- хэлтэс”-т холбогдуулан ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.884.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд “С- хэлтэс”-ийн даргын 2013 оны 9 сарын 23-ны өдрийн 87 тоот тушаалаар Э.Х-г тус хэлтэст бичиг хэрэг, нарийн бичгээр, 2016 оны 6 сарын 15-ны өдрийн Б/31 тоот тушаалаар орлогын бүртгэл хариуцсан байцаагчаар сэлгэн ажиллуулж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдов. /хх-8-14/

 

“С- хэлтэс”-ийн даргын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Б/04 тоот “Э.Х-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгчийг “Орон тооны бус байцаагч”-ийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Базарын гарын үсэг бүхий тушаал хэрэгт авагдсан. Уг тушаалыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 4.9, 4.10, 4.11-д заасныг тус тус үндэслэн гаргажээ. /хх-7/

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хариуцагч байгууллага нь “Э.Х-тэй 2017 оны 01 сарын 2-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул ажилтныг ажлаас чөлөөлсөн” хэмээн тайлбарлав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” нь дээрх үндэслэлд хамаарахаар тусгажээ.

 

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үйлчлэл буюу хугацаа талуудын хүсэл зоригоос үл шалтгаалан зогсож байгаа үйл явдал юм. Харин талуудын хүсэл зоригоос шалтгаалан гэрээний үйлчлэл зогсож байвал түүнийг хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж үзэж болно.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн ба мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох нөхцөл байдал бий болсон байх ёстой...” хэмээн тайлбарлах боловч хариуцагч “С- хэлтэс” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажилтны тоог цөөрүүлж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдоогүй тул хуулийн энэхүү заалт нэхэмжлэгчийн шаардлагад хамаарахгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч “...хөдөлмөрийн гэрээнд зааснаар 2017 оны 12 сарын 31-ний өдрөөр гэрээний хугацаа дууссан, энэ хугацаанаас хойш 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулсан нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж, хариуцагч байгууллага “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдлийг 2018 оны 01 сарын 03-нд өгсөн шалтгаан нь 2017 оны 12 сарын 29-нд нийтээр амрах баярын өдөр, 30,31-ний өдөр нь хагас, бүтэн сайны амралтын өдрүүд, 2018 оны 01 сарын 01 нь нийтээр амрах өдөр байсан. Ингээд 2018 оны 01 сарын 02-нд ажил цуглаад бүх мэдэгдлээ албан ёсоор боловсруулж, 01 сарын 03-нд ажилтнуудад гардуулсан, 2018 оны 01 сарын 10-ныг хүртэл ажилчдын жилийн эцсийн тайланг хэлэлцсэн...” хэмээн талууд мэтгэлцэв.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” хэмээн хугацаа тоолох журмыг заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болох талаар талууд маргаагүй бөгөөд 2017 оны 12 сарын 31-ний өдөр ням гариг, 2018 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар “шинэ жил нэгдүгээр сарын 1” нийтээр амрах өдөр байжээ. 2017 оны 12 сарын 31-ний өдөр ням гариг буюу амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний дуусгавар болох хугацааг 2018 оны ажлын эхний өдөр буюу 01 сарын 02-ны өдрөөр тооцох нь хуульд нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “хөдөлмөрийн гэрээ хугацаатай болон хугацаагүй байна”, 23.3-т “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” хэмээн заасан бөгөөд хариуцагч “С- хэлтэс” нь Э.Х-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 02-өдөр дууссаны дараагийн өдөр буюу 2018 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдлийг ажилтанд хүргүүлсэн нь хуулийн 23.3-т заасан “хугацаа дуусмагц” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-6/

 

Э.Х-г 2018 оны 01 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлж, мөн өдрөөр тасалбар болгон ажилтны цалин хөлсийг олгосон байх бөгөөд “...ажилтны 2017 оны ажлын тайланг 2018 оны 01 сарын 09-ний өдөр хэлэлцэж дуусгаад 2018 оны 01 сарын 10-ны өдөр чөлөөлсөн” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна. Ажлын тайланг хэлэлцүүлсэн нь 2018 оны 01 сарын 09-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ээр нотлогдов. Ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэхээс үл хамааран урьд оны ажлын тайланг ажил олгогчид тайлагнах нь ажилтны нийтлэг үүрэгт хамаарна. /хх-46х/

 

Иймээс хариуцагч “С- хэлтэс” нь Э.Х-г ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Э.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан “С- хэлтэс”-т холбогдох ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай Э.Х-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.Х-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.200 төгрөгийг С- хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж Э.Х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 


 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ