Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 61

 

Ц.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлалтай, Ц.Б-эд холбогдох 1908021160665 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 7 жил хорих ялд багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Зана овогт Ц Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-эд 12 /арван хоёр/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 2.085.760 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэгт олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б- гаргасан гомдолдоо “хохирогч Д.Сандагдорж архи уусан мөртлөө надад архи хүрээгүй гээд тэнд байсан бусад хүмүүстэй маргаан өдсөөр байсан. Би тэр үед “та битгий хэрүүл хийгээд бай, би таныг ер нь огт танихгүй, одоо эндээс яв гэж хэлсэн. Гэтэл хохирогч Сандагдорж “чи битгий хуц, муу сохор гөлөг минь” гээд намайг заамдан авч түлхсэн. Тэр үед миний уур хүрээд биеэ хамгаалан, баруун гараараа зүүн шанаан тус газар нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг болиулаад, би тэндээс шууд гэртээ явсан. Ийм зүйл болсон. Талийгаач өнгөрснийг мэдээд би маш их харамссан. Би хэргийг үнэн зөвөөр мэдүүлж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие одоо ШШГЕГ-ын харьяа Өвархангай аймгийн Хархорин дахь 423 дугаар ангид ял эдэлж байна. Миний бие энэ хэргийн учир маш ихээр харамсан гэмшиж, сэтгэл санааны гүн хямралтай байна. Хохирогчийн ар гэрт хохирлыг ял эдэлж байх хугацаандаа төлж барагдуулах хүсэлтэй болохоо илэрхийлж байна. Миний бие өнөөдөр ар гэр болох аав, ээж болон бага насны дүүтэйгээ амьдардаг. Ээж маань хагалгаанд орж /үе мөчний/ одоо явж чаддаггүй ба асаргаанд байна. Аав тэтгэврийн насны, дүү маань одоо 9 настай ба халамж анхаарал хандуулах хүн бүл аав л байна. Өрхийн орлого муу ба халамжаар амьдарч байна. Миний бие хот орж ар гэртээ нэмэр болох зорилготой явсан маань, өнөөдөр ийм хэрэгт орох болсонд маш ихээр харамсаж гутарч байна. Ар гэртээ үлдсэн гурван хүнд санаа зовон, өөрийн хэргийн ялыг бага ч болов багасгах боломж хайн энэрэнгүй ёсны, хуулийн хүрээнд, ар гэрийн байдал, хэргийн онцлог шинж зэргийг хянан үзэж хөнгөрүүлэх шалтгаан байгаа эсэхийг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ц.Б-эд холбогдох хэргийн хохирогч 1975 онд төрсөн, 44 настай хүн байсан. Шанаандаа цохиулан унаж, тархины битүү гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан. Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулга бүхий гомдол хяналтын шатны шүүхэд гаргасан. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойно 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчим Д.Сандагдоржийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, шанаан тус газар цохиж унаган “дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан амь насыг хохироосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйл ажиллагаа бодитой нөлөөлснөөс гадна гэм буруугийн шууд бус санааны хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн нь санаатай хүнийг алах гэмт хэрэгт ял оногдуулахдаа заавал харгалзан үзэх учиртай нөхцөл байдлууд мөн.

Хууль тогтоогч дээрх гэмт хэрэг үйлдсэн хүнд 8-15 жил хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 12 жилийн хорих ялтай харьцуулан үзэхэд гэмт хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж тооцоогүй байна гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч Ц.Б-эд хуульд заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жил хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-эд 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН