Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00905

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00905

 

 

Влатас ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Влатас ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Оюун-Эрдэнэ, Б.Гантулга, Д.Дуламжав нарт холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Амаржаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Бадамханд

Хариуцагч: Т.Оюун-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Сайнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Влатас ХХК-ийн захирал Тармасина Е.В шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Влатас ХХК нь 2006 оны 3 дугаар сарын 6-нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10 дугаар байрыг түрээслэн ажиллаж байна. Тус байрны комендантаар иргэн Х.Дэлгэрцэцэгийг авч ажиллуулан, сарын цалин 530 000 төгрөгөөр цалинжуулж, тухайн байрны 6 тоотод амьдруулан түүний өмнөөс байрны сарын түрээс 600 000 төгрөг болон цахилгаан, халуун, хүйтэн усны мөнгийг компани хариуцан төлж ирсэн. 2013 оноос нэхэмжлэл гаргах хүртэл Х.Дэлгэрцэцэгээс дээрх зардлуудыг нэхэмжилж байгаа бөгөөд заасан хугацаанд байраа чөлөөлж өгөх шаардлага тавьсан. Х.Дэлгэрцэцэг нь 10 дугаар байрны оршин суугчдаас байрны түрээсийн төлбөрийг илүү авч, илүү авсан мөнгөө хувьдаа захиран зарцуулж байсан бөгөөд уг үйлдэлдээ компанийн нэрийг ашиглаж байсан нь тогтоогдсон. Улмаар компанийн хувьцаа нийлүүлэгчид 2017 оны 1 дүгээр сарын 13-нд хуралдаж, 2017 оны 1 дүгээр сарын 21-нд Х.Дэлгэрцэцэгийг байрнаас гаргах тухай мэдэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. Х.Дэлгэрцэцэг нь манай компанид ажиллахаа больсон тул уг байранд түүнийг цаашид амьдруулах боломжгүй, түүний амьдарч байгаа байранд өөр түрээслэгч оруулж, түрээсийн төлбөр авах шаардлагатай байгаа тухай удаа дараа мэдэгдсэн боловч, тэрээр байрыг чөлөөлөхгүй өнөөдрийг хүрч байна. Х.Дэлгэрцэцэг нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ-301 онгоцоор Монгол Улсын хилээр гарсан байх бөгөөд одоо тус байранд түүний охин Т.Оюун-Эрдэнэ нь нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа тул тухайн байранд амьдарч буй этгээдүүдийг хариуцагчаар татсан. Компанийн зүгээс гэрээ хийх, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч Т.Оюун-Эрдэнэ нь түрээсийн төлбөр төлөхгүй байх арга хэрэглэж, бусад оршин суугчдыг уриалж, Захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Иймд түрээсийн гэрээний дагуу хууль ёсны эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 6 тоот байрнаас хууль бус эзэмшигч нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч  Б.Гантулга, Д.Дуламжав нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний амьдарч буй орон сууц нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протоколын дагуу Зөвлөлтийн мэргэжилтгүүдийг байрлуулах зорилгоор Зөвлөлт холбоот улсад хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр шилжүүлсэн газарт барьсан орон сууц юм. Миний амьдран суугаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны Оросын Холбооны Улсын нэр дээр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илт хууль бус тул хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд холбоогоороо дамжуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаар тодорхойлсон хүмүүс нь энэ байранд хууль бусаар ороогүй, албан ёсны шийдвэрийн дагуу орж, шударгаар 18 жил амьдарч байгаа. Иргэн Х.Дэлгэрцэцэг нь 2000 онд Зарубежстрой компанид ажиллаж байхдаа орсон. Тэгээд 2012 онд Влатас ХХК-д дамжуулан түрээслэгч болоход тус компанид ажилд орж, байр хариуцсан ажилтнаар 5 жил ажиллаж байгаад 2017 онд хууль бусаар халагдсан. Х.Дэлгэрцэцэгийн амьдардаг байрны түрээсийн төлбөрийг цалингаас суутган авдаг байсан. Оросын холбооны улсаас дамжуулан түрээслэгч Влатас ХХК нь үндэслэлгүй хэт өндөр түрээсийн төлбөр авдаг бөгөөд 2017 он гарсаар түрээсийн гэрээ байгуулаагүй байж, урьд жилийнхээ хэмжээгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулах, цахилгаан, дулаан, усны тарифыг аж ахуйн нэгжийн тарифаар өндөр төлдгийг зогсоож, Монгол Улсын хуулийн хүрээнд иргэний тарифт шилжүүлэхийг шаардсаны төлөө цахилгааныг үндэслэлгүйгээр тасалж өнөөдрийн байдлаар бараг хоёр сар цахилгаангүй байлгаж байна. Влатас ХХК бидний эзэмшиж буй байрнаас албадан гаргах гэж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 4 сард манай ээж ажлаасаа гараад тэрнээс хойш төлбөр төлөөгүй суусан гэж хэлсэн. Бидний хувьд манай ээж 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа нэг ч удаа амралт авч байгаагүй, амралтын мөнгө авч байгаагүй, ажилласан цалингаа аваагүй учраас уг байранд бид амьдарч байгаа гэж бодож байна. Бид анх Влатас ХХК-иас энэ байрыг авч орж байгаагүй, насанд хүрээгүй байхаасаа л ээжтэйгээ хамт амьдарч байсан. Анхнаасаа бид энэ компаниас энэ байрыг аваагүй байж яагаад энэ компанийн шаардлагыг биелүүлэх ёстойг ойлгохгүй байна. Иймд Влатас ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцыг Т.Оюун-Эрдэнэ, Б.Гантулга, Д.Дуламжав нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Т.Оюун-Эрдэнэ, Б.Гантулга, Д.Дуламжав  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Влатас ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Влатас ХХК-ийн ерөнхий захирлаар Тармасина Елена Владимировна томилогдож 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэнийхээ хувиар нэхэмжлэлд гарын үсэг зурсан нь нотлогдож байна. Компанийн захирлаар томилогдоно гэдэг бол улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард нэр нь бичигдсэнээр хүчин төгөлдөр болдог. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийг гаргасан нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлт зоригийг илэрхийлэхгүй. Шүүх нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авах үндэслэлгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Влатас ХХК нь хариуцагч Х.Дэлгэрцэцэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Дэлгэрцэцэгийг Т.Оюун-Эрдэнээр сольж, Б.Гантулга, Д.Дуламжав нарыг хамтран хариуцагчаар татсан байна. /хх-ийн 65-66, 181-182 тал/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... нэхэмжлэгч байгууллагын ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Улсын нэгдсэн үйлдвэрийн газар болох Хилийн чанад дахь өмчийг удирдах байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, ээж ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа амралт, амралтын мөнгө аваагүй тул уг орон сууцнаас гаргуулахаар шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Влатас ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дугаар тушаалаар Х.Дэлгэрцэцэг нь тус компанийн үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тус компанийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 01/06 дугаар тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 39-40 тал/

 

Нэхэмжлэгч байгууллагын иргэн Х.Дэлгэрцэцэг тус компанид ажиллаж байх хугацаандаа эзэмшиж байсан орон сууцны дулаан, цахилгаан болон түрээсийн мөнгө төлж байгаагүй гэсэн тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй болно.

 

Харин Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/8983 дугаар, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 7/34 дугаар албан бичгүүдэд ...Влатас ХХК-ийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар холбооны төрийн өмчит нэгдлийн газартай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 933 тоот түрээсийн гэрээ бүртгэгдээгүй байна гэж тус тус дурджээ. /хх-ийн 133,188 тал/

 

Нэхэмжлэгч Влатас ХХК болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 893 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 933 дугаар түрээсийн гэрээнүүд нь хэдийгээр Монгол Улсын хуулийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул анхан шатны шүүх орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Т.Оюун-Эрдэнэ, Б.Гантулга, Д.Дуламжав нар нь маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхтэй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч нар орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч Т.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо ...Влатас ХХК-ийн ерөнхий захирлаар Тармасина Елена Владимировна томилогдсон нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад тэрээр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх тул уг нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна гэсэн үндэслэл заасан байна.

 

Нэхэмжлэгч Влатас ХХК-ийн ерөнхий захирлаар Тармасина Елена Владимировна албан ёсоор томилогдсоны дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх мөн өдөр хүлээн авсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байх тул уг үндэслэлээр давж заалдсан хариуцагч Т.Оюун-Эрдэнийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Т.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО

 

.......................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#