Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01689

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бхариуцагч У ХХК -д холбогдуулан гаргасан тэргүүн ээлжид түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Буд нь 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар их дэлгүүрт оёдол хувцас засварын газар ажиллуулах зорилгоор талбай түрээсэлж ирсэн бөгөөд 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс тус дэлгүүрийн 3 давхарт 3058 тоот хаягтай талбайг 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл түрээсэлсэн. 2018 оны 12 сарын 31-ний өдөр талууд 19322 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл тус дэлгүүрийн 3 давхарт байрлах талбайг дээрх зориулалтаар түрээсэлж ажиллуулахаар болсноос эхлээд асуудал үүссэн юм.

19322 дугаартай гэрээ нь 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 18324 дугаар гэрээний хугацаа сунгалт юм. 2018 оны 12 сард тус дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ч.Оюун-Эрдэнэ надаас түрээсийн төлбөрийг бүтэн жилээр нь хийхийг шаардсан. Түрээсийн төлбөрийг 3 сараар хийгээд гэрээний хугацаа 3 сар болсон юм. Тус гэрээний хугацаа дуусахад би түрээсийн гэрээний хугацаа дууссан талаар Ч.Оюун-Эрдэнэд хэлж, түрээсийн гэрээг сунгах талаар хэлсэн боловч Ч.Оюун-Эрдэнэ нь өнөөдөр сунгана, маргааш сунгана гэсээр байгаад 2019 оны 08 сар хүргэж, улмаар 2019 оны 08 сарын 16-ны өдөр 19/266 дугаар албан бичиг ирсэн. Тус албан бичигт манай түрээсийг 2019 оны 08 сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, талбай чөлөөлөхийг шаардсан. Би өөрийн нөхөртэйгөө энэ талаар ярилцаад цаашид түрээслэх саналтай байгаагаа 2019 оны 08 сарын 27-ны өдөр Ч.Оюун-Эрдэнэд өгсөн. 2019 оны 09 сарын 04-ний өдөр 19/282 тоот албан бичиг өгч 2019 оны 10 сарын 30-ны өдөр гэхэд гараарай гэсэн. Ингээд гүйцэтгэх захирал Ч.Оюун-Эрдэнэ бид хоорондоо албан бичиг, хүсэлт өгөлцсөөр, 2020 оны 01 сарын 31-ний өдөр биечлэн уулзаж, миний зүгээс түрээсийн гэрээгээ дахин байгуулах талаар санал тавихад тэр зөвшөөрөөгүй. Тиймээс би аргагүйн эрхэнд 2020 оны 03 сарын 02-ны өдөр түрээсийн талбайгаа чөлөөлсөн.

Гэтэл биднийг гаргангуутаа дахин өөр этгээдэд яг бидэнд талбай түрээслүүлсэн зориулалтаар түрээслүүлсэнд би гомдолтой байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй бөгөөд, хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заажээ. У ХХК нь миний олон жилийн турш тус компанитай байгуулсан түрээсийн гэрээнийхээ үүргийг зохих ёсоор гүйцэтгэсээр байтал биднийг шахаж хавчин байнгын орлоготой байгаа байршлыг минь булаан авсанд би маш их гомдолтой байна.

Иймд С.Будыг У ХХК -тай тэргүүн ээлжид түрээсийн гэрээ байгуулах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Түрээслэгч С.Б2017 оны 12 сарын 25-ны өдрийн хүсэлтийг харгалзан үзэж, 2018 онд 18324 тоот гэрээг байгуулсан. Гэтэл С.Буд нь тус гэрээний хугацаанд ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан гэж бичжээ. Бидний зүгээс 2018 онд тус тасагтай гэрээ байгуулахад гэрээний 3.4, 3.5, 3.10 заалтуудыг удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй өнөө маргааш гэж аргацаан, шаардлага тавьсан танхимын эрхлэгч нарт худлаа ярих, түрээсээ хойшлуулах, захиралтай чинь ярьчихсан гэх мэтээр үл тоомсорлож, зарим тохиолдолд уурлаж, хэрүүл хийх гэх мэтээр тавьсан зүй ёсны шаардлагуудыг хүлээн авахгүй, зөрчлөө шийдэхгүй удаан хугацаанд түрээсийн төлбөр болон алданги төлбөрийн асуудалтай байсан.

Түрээсийн төлбөр болон бусад шаардлага тавьсан мэдээллүүдийн дэлгэрэнгүйг 2018 оны танхимын эрхлэгчийн өдөр тутмын бүртгэлийн дэвтрээс шүүсэн материалууд, 2018 оны 9 сарын 24-д өгсөн 18/388 тоот албан бичгээс тодорхой харж болно. Бидний зүгээс 918324 тоот түрээсийн гэрээний 3.6-д заасны дагуу түрээслэгч С.Будаас маркетингийн үйл ажиллагааны хураамжийг төлбөрийг огт авдаггүй, чөлөөлж өгснөөс гадна түрээсийн төлбөрийг заасан хугацаандаа төлөхгүй, гэрээний 8.1.1, 8.1.2 заалтуудыг үндэслэн гэрээ сунгахгүй байх бүрэн үндэслэл байсан хэдий ч тус тасгаас 2018 оны 12 сарын 31-нд өгсөн гэрээ сунгаж, хамтран ажиллах хүсэлтийг нь хүлээн авч №19322 тоот гэрээг хийсэн болно.

Түрээсийн төлбөр төлөлтийг бүтэн жилээр шаардсан тухай мэдээлэл байна. Бидний зүгээс гэрээний 3.4, 3,5, 3,9, 3,12 заалтуудыг баримтлан түрээсийн төлбөрийг заасан хугацаанд багтааж авах үүрэгтэй бөгөөд оёдол тасгийн хувьд түрээсийг хугацаанд төлдөггүй байсан бөгөөд үүнийг тайлбарт хавсаргасан санхүүгийн баримтаар тогтоогдоно. Мөн 2018 оны танхимын эрхлэгчийн шаардлага тавьсан байдлаас үзэхэд ихэнхдээ түрээсээ хугацаандаа төлөхийг шаардсан байгааг харж болно.

Улаанбаатар их дэлгүүр нь оёдол тасагтай 2018 оны 12 сарын 31-нд өгсөн өөрсдийн хүсэлтийг үндэслэн №19322 тоот гэрээг байгуулсан. Тус тасаг нь хүсэлт дээрээ доорх зөрчлүүдийг арилгаж, Улаанбаатар их дэлгүүрийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллана гэж дурдсан байдаг.

Үүнд: Бүгд /ажлын байран дээрээ түрээслэгч С.Буд нь түүний нөхөр, том охин зээ хүү гэх мэтээр олуулаа байдаг/ ажлын хувцас, энгэрийн тэмдэгтэй болж та бүхний тавьсан шаардлагын дагуу ажиллана, тоног төхөөрөмжөө сайжруулна. Ажлын байрны тохижилтыг өөрчилнө, хувцас солих өрөө болон хувцасны шүүгээний байрлалыг эмхлэн байрлуулна зэрэг болно. Гэвч дээрх шаардлагыг биелүүлж ажиллаж чадаагүй бөгөөд мөн л Танхимын эрхлэгчийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй, байнга шаардуулж байсныг 2018, 2019 оны бүртгэлийн дэвтрээс он сар өдрөөр нь шүүсэн мэдээллээс харж болно. Шаардлага хангаж ажиллаж чадахгүй байсан тул 2019 оны 08 сарын 16-нд тус тасагт 19/266 тоот зөрчлүүдийг арилгахыг шаардсан албан тоот хүргүүлж байсан.

Түрээслэгч С.Буд нь 2019 оны 08 сарын 27-нд албан тоот ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дараагийн ажиллах ажлын байраа олно, мөн ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, гомдолгүй ажиллах болно гэж дурдсан байсныг Улаанбаатар их дэлгүүр хүлээн авч 2019 оны 09 сарын 04-нд 19/282 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг. Тус албан тоотод тасгийн хүсэлтийг харгалзан үзэж, түрээслэх хугацааг 2 сараар сунгахаар хариу бичиг хүргүүлсэн. Гэвч тасаг нь цагийн хуваарийн дагуу ажиллахгүй байх, дүрэмт хувцасны асуудлаа огт шийдээгүйгээр барахгүй, шаардлага тавьсан танхимын эрхлэгчийг үл ойшоосон байдал хэвээр байсан. Мөн тус тасагт үйлчлүүлэгчдээс гомдол ихээр ирдэг байсныг тухай бүрд нь мэдэгдэж байсан болно. 2019 оны 10 сарын 01-нд үйлчлүүлэгч Б.Болортуяа гэдэг хүнээс оёдол тасагт гомдол ирсэн нь тасаг сайжирч ажиллахаасаа илүүтэй алдаа дутагдалтай, асуудалтай байгаа нь үүгээр нотлогдож байгаа юм. Тасагт үнэ тарифаа ил байрлуулж тавих, Улаанбаатар их дэлгүүр дотор мөрддөг журмын дагуух шаардлагыг тавьсаар ирсэн ч хүлээж авахгүй, засрахгүй энэ хүртэл явсан байдаг. Мөн 11 сарын 7-нд зөвлөхүүд болон захирлаас тасагт дахин гомдол ирсэн. Энэ нь нийтийн эзэмшлийн ус цэвэршүүлэгч ашиглаж ус авах гэхээр оёдол тасгийн түрээслэгч С.Бнөхөр нь гэх хүн их ус авлаа гэх мэтээр загнаж байгаад гомдолтой байгаа тухай бичгээр ирүүлсэн болно. Тасгаас талбайг хугацаандаа чөлөөлөхийг шаардаж байсан ч заасан хугацаанд чөлөөлөхгүй байсан.

Улаанбаатар их дэлгүүр нь түрээслэгч С.Будад 19/349 тоот албан тоотоор талбайг 2019 оны 11 сарын 14-ний өдөр дуусгавар болгож хүлээлгэж өгөх тухай мөн мэдэгдсэн боловч тасаг асуудлыг шийдвэрлэхгүй удааширсан тул 19/395 тоот албан бичгээр гэрээний 4.13 заалтаар талбайг чөлөөлж авах тухай албан тоот хүргүүлсэн болно. 2019 оны 08 сарын 25-нд тасагт талбай чөлөөлөхийг шаардаж, хэлж байсан ч гэрээний 8.2 буюу 90 хоногоор бид нар талбайгаа чөлөөлнө гэх мэтээр ярьж байсан хугацаа нь өнгөрсөн. 2020 оны 02 сарын 20-нд тасагт 20/82 тоот албан тоотыг хүргүүлэх гэтэл ирж авна гээд аваагүй бөгөөд сар шинэ гарсан тул очиж амжихгүй байна, хөдөө байна гэх мэтээр удааширч 8 хоногийн дараа албан тоотоо ирж авсан. 2020 оны 03 сарын 02-нд тасаг тоног төхөөрөмж, жижиг тавилга юмаа буулгаж талбайг чөлөөлсөн боловч мөн л гэрээнд заасны дагуу талбайг анхны байдлаар нь хүлээлгэн өгөлгүй, хана халтар, цахилгааны далдлагчтай утсыг үлдээх байдлаар тасгийг хүлээлгэж өгсөн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараалан зөрчиж бидний бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд удаа дараалан хохирол учруулж байсан, мөн харилцан тохиролцож гэрээний хугацаа дуусгавар болж түрээсийн талбайг хүлээлгэн өгч баримт үйлдсэн зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бхариуцагч У ХХК -д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч С.Будыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Миний бие 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл тус дэлгүүрийн 3 давхрын 3058 тоот талбайг оёдол, хувцас засварын чиглэлээр гэр бүлийн хамтаар түрээслэн ажиллаж байсан билээ. Гэтэл 2019 оны 08 сарын 16-ны өдрөөс тус дэлгүүрийн захирал Ч.Оюун-Эрдэнэ нь манайхыг талбай чөлөөлөхийг удаа дараа шаардсаар байсан тул бид 2020 оны 03 сарын 02-ны өдөр аргагүйн эрхэнд тус дэлгүүрээс гарсан юм. Бид эндээс гарахгүй гэдгээ удаа дараа тайлбарлан амаар болон бичгээр өгсөөр байсан боловч захирал Ч.Оюун-Эрдэнэ нь миний олон жил түрээслүүлэн ажиллуулж байсан талбайг хүчээр булаан авч 2020 оны 03 сараас эхлэн 2-р давхарт ажиллаж байсан оёдолчинд мөн адил оёдол, хувцас засварын чиглэлээр түрээслүүлэн ажиллуулж эхэлсэн юм.

Анхан шатны шүүх миний танилцаагүй нотлох баримтыг үндэслэж асуудлыг шийдсэн. Давуу эрхээ сэргээлгэх талаар нэг ч дурдаагүй. Учир нь дэлгүүрийн дотоод журам нь 2017 онд түрээсийн гэрээний хамт мөрдөгдөөд дууссан ба 2018-2019 онуудад шинэчлэгдэж дотоод журамгүй, түрээсийн гэрээ хийсэн байтал дотоод журмаар голчлон шийдсэн гэж үзэж байна. Шүүх хурал болохоос 3 цагийн өмнө хариуцагч тал нотлох баримт өгсөн. Намайг ирэхэд цайны цаг таарсан ба цайны цаг дуусахад шүүх хурал болсон тул би хурлаа хойшлуулах хүсэлт тавихад хүсэлтийг хүлээн авалгүй нөгөө талын хүсэлтээр хурлыг эхлүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаа хавтаст хэрэгт бүрэн гүйцэт хийгээгүй. Энэ тухай шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримтаа одоо өгөх үү, эсвэл хурал дундаа гэрчийн хариу тайлбарт гаргаж өгч болох уу гэж асуухад шүүгч тодорхой хариу хэлээгүй. Учрыг бүрэн ойлгоогүй байхад хурлыг эхлүүлсэн. Хавтаст хэргээс нотлох баримт судлахад надаас юу ч асуугаагүй. Хурлын бичлэг нь бүрэн гүйцэт эхнээсээ бичигдээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Буд нь хариуцагч У ХХК -д холбогдуулан тус их дэлгүүрийн 3 дугаар давхрын 3058 тоот талбайг тэргүүн ээлжид түрээсийн гэрээ байгуулан түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргажээ. /хх 1, 29-30/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Улаанбаатар их дэлгүүрт 2014 оноос хойш оёдол, хувцас засварын чиглэлээр талбай түрээслэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул тэргүүн ээлжид түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй гэж тайлбарладаг бол хариуцагч У ХХК нь түрээслэгч С.Будыг түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй, удирдлагын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилдог, оёдол, хувцас засварын талаар үйлчлүүлэгч болон бусад түрээслэгч нарын зүгээс гомдол ирдэг гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргасан.

 

Нэхэмжлэгч С.Бнэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг түрээслэн авах шинэ гэрээг хуучин түрээслэгч нь тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй байх зохицуулалт нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг этгээдэд хамаарах талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хуулийг зөв хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт заасан давуу эрхийг эдлэх урьдчилсан нөхцөл нь түрээсийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг байх явдал юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч буюу түрээслэгч С.Буд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байсан эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ /хх 7-9/, оёдлын тасагт өгч байсан мэдэгдлүүд /хх 44, 45, 46, 47, 48/, гэрч С.Ариунаа, гэрч Г.Алтанзагас нарын шүүх хуралдааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 134-137/, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзвэл, түрээслэгч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр зохих ёсоор биелүүлж байгаагүй болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Буд нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэжээ.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, даргалагчийн зүгээс шинээр гаргах нотлох баримт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөөгүй байхаас гадна шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болох нь тогтоогдож байна. /хх 130-арын нүүр/

 

Улмаар нэхэмжлэгч С.Буд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд 2020 оны 05 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах саналыг гаргасныг шүүх хүлээн авч тэмдэглэлд 2020 оны 06 сарын 08-ны өдөр холбогдох тэмдэглэлд өөрчлөлт оруулжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь өмнө дурдсан нэхэмжлэгч С.Бнотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрч, хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан хэсэгт хамаарахгүй байна. /хх 140-144, 145-148/

 

Хэрэг танилцуулсан тухай баримтаас үзэхэд шүүхийн зүгээс шинээр ирсэн нотлох баримттай шүүх хуралдаанаас өмнө танилцах талаар урьдчилан утасдаж мэдэгдсэн болох, нэхэмжлэгч С.Буд нь танилцсан хэмээн гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /хх 127/ Түүнчлэн, хариуцагч талаас шинээр гаргаж өгсөн Рапортын дэвтэр гэх баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй буюу шүүх уг баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бдавж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалтыг баримтлан... хэмээн эндүүрч бичсэн байх боловч энэхүү заалт нь аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир энэ талаар холбогдох өөрчлөлтийг хийх шаардлагагүй буюу анхааруулаад орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бдавж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Буд нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР