Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01989

 

 

 

 

 

 

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч ХХХ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, дутуу авсан цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Цэрэн-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг шүүх хүлээн авч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01834 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага буюу уг шаардлагын хэмжээ тодорхой бус байснаас захирамж биелэх боломжгүй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г шинээр байгуулан урьд ажиллаж байсан ажлын байранд нь ажиллуулж эхэлсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс ажилдаа буцаж орсон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 6 сар 6 хоногийн ажилгүй байж, энэ хугацаанд цалин хөлс авч чадахгүй болж хохирсон. Харин 2019 оны 10 дугаар сарын 17-нд 1 727 038 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон. Иймд ажилгүй байсан 6 сар 6 хоногийн хугацаанд ажлын 131 хоног байх ба ажлаас халагдахын өмнөх 2019 оны 5 дугаар сард 2 500 000 төгрөг, 6 дугаар сард 3 147 127 төгрөг, 7 дугаар сард 1 129 530 төгрөгийн цалин авсан. Гурван сарын цалингийн нийлбэр 6 776 657 төгрөг, 2019 оны 5 дугаар сард ажлын 23 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард /09-ний өдрийг хүртэл/ ажлын 7 хоног, нийт ажлын 50 хоног ажилласан. 6 776 657 төгрөгийг 50 хоногт хуваахад нэг өдрийн ажлын ногдох цалин 135 533.1 төгрөгийг 131 хоногоор тооцохоор 17 754 836 төгрөг байна. Үүнээс ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон 1 727 038 төгрөгийг хасч тооцон 16 027 803 төгрөгийг хариуцагч ХХХ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн В/129 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан болно. С.Б нь удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Ажилд эргүүлэн авсан талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01834 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр С.Бг урьд эдэлж байсан ажил, албан тушаалд, өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилд эргүүлэн авсан болно. С.Б нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлдээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өмнөх нөхцөлөөр ажилд авсан талаар дурджээ. Иймд С.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ХХХ ХХК-аас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 16 027 803 төгрөг төгрөг гаргуулж С.Бд олгож, цалинд тооцсон дээрхи олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрхи цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тус тус зааснаар дутуу авсан цалин болох 1 109 984 төгрөгийг ХХХ ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговор дээр нэмж гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 31 189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, мэтгэлцэх зарчмыг дараах байдлаар хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр суурьтай байна. Гэхдээ шүүх талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй. Зохигч мэтгэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд мэтгэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан бөгөөд ХХХ ХХК-ийн дэд захирал Г.У нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш, мөн хэргийн оролцогч биш юм. Шүүхэд Г.У нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Борохов-оос итгэмжлэл ирж байгаа бөгөөд корона вирус, онцгой нөхцөлийн улмаас удаж байгааг тайлбарласан. Гэвч шүүхээс мэтгэлцэх зарчим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна. ХХХ ХХК-ийн дэд захирал Г.Уад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Борохов-оос 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл ирсэн бөгөөд шүүх хуралдаан болсон, шүүхийн шийдвэр гарсан талаар шүүгчийн туслах, шүүхээс огт мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг шуудангаар явуулсан байсан болно. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Ажил олгогч ХХХ ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаартай ажилд эгүүлэн тогтоох тушаалаар нэхэмжлэгч С.Бг ажилд эгүүлэн авсан байна. Ажилд эгүүлэн авахад албан тушаалын нэр, үндсэн цалин хөлс хөдөлмөрийн харилцааны гол нөхцөл өөрчлөгдөөгүй бол хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг шаарддаггүй. Гэтэл С.Б нь хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг хүсээгүй, нөгөө талаар ажил үүрэг гүйцэтгэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн, С.Б нь шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлсэн атал ажиллахгүй гэсэн тайлбар өгсөн талаар шүүх үнэлээгүй байна. Энэхүү тайлбар нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр, өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд хариуцагч ХХХ ХХК нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулсан тушаалыг хүргүүлсэн байх бөгөөд шүүхээс тус үйл баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад холбогдуулан гаргасныг орхигдуулсан байна. ХХХ ХХК нь нэхэмжлэгч С.Бг тухайн үед хүчин төгөлдөр байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон. Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх цалингаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн, харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сар хүртэлх цалингаа цалин хөлсний зөрүүг нэхэмжилсэн. Харин цалин хөлсний зөрүүг нэхэмжилж буй маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын маргаан юм. Гэтэл шүүх 2 тусдаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэг шаардлага хэмээн үзэж, хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Нөгөө талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулсан тушаалыг дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн дагуу нотлох баримтаар үнэлээгүй байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл нэхэмжилсэн цалин хөлсний зөрүүгийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба хэрэглэх боломжтой байсныг шүүх үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ХХХ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 16 027 803 төгрөг, дутуу авсан цалин хөлс 1 109 984 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн химийн төвд ахлах угаагчаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В/107 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг эс зөвшөөрч С.Б нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХХ ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхээр тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн адил хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн үйл баримт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01834 дугаар захирамжаар тогтоогдож байна. /хх3, 28-29/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг үндэслэж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 183/ГХ2019/01225 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар захирлын тушаалаар С.Бг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа дуусгавар болсон үйл баримт хэргийн баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Гэвч уг захирамжийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/03602 дугаар захирамжаар илт үндэслэлгүй дээрх 01834 тоот шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг тодруулсан гэж үзнэ. /хх28-29, 34-35, 82-84/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч ХХХ ХХК-иас нэхэмжлэгч С.Бг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан байна. Энэхүү нөхцөл байдал нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхойлохдоо ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах-аар шаардлагаа тодруулсан байна. /хх35-36/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамааруулахаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч С.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдсан гэж үзэж уг шаардлагаа татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах агуулгаар шаардлагыг тодорхойлжээ.

 

Хэргийн 85 дугаар тал дах баримтаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 10 дугаар сарын 17-ны өдрийн орлогын ордерийн баримтаар 1 727 038 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нь ажлаас үндэслэлгүй халсан хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгахад хамааралтай зохицуулалт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан шийдвэрийг өөрчлөх боломжтой.

 

Иймээс С.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын буруутай ажиллагаанаас хамаарч цалин хөлс авч чадаагүй хохирсон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацааны олговор болох 7 500 000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэйгээс хариуцагч байгууллагын төлсөн мөнгөн дүнг хасч тооцвол нийт 5 772 962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний агуулга нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоож байгаа нөхцөл байдал түүнтэй холбоотойгоор дутуу олгогдсон цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, цалин хөлстэй тэнцэх олговор нь ажилгүй байсан хугацаанд хамаарна. Цалингийн зөрүү бол ажиллаж байгаа ажлын хөлстэй буюу ажилласан хугацаанд хамааралтай тул эдгээрийг хольж шийдвэрлэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 16 027 803 гэснийг 5 772 962 гэж, 2 дахь заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул ХХХ ХХК-д холбогдох дутуу авсан цалинд 1 109 984 төгрөг гаргуулах тухай С.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 31 189 гэснийг 107 317 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ