Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01904

 

 2020          07            06                                                183/ШШ2020/01904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ тоотод оршин суух, Б овогт С.Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................... тоотод байрлах, М ХХК /РД:000000/-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин, дутуу авсан цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.      

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг шүүх хүлээн авч “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр 2019 оны 09-р сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01834 дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага буюу уг шаардлагын хэмжээ тодорхой бус байснаас захирамж биелэх боломжгүй болсон. Хэдийгээр хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч С.Бг ажилд эргүүлэн оруулахгүй байсаар 2020 оны 01-р сарын 16-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г шинээр байгуулан урьд ажиллаж байсан ажлын байранд нь ажиллуулж эхэлсэн. Ажилаас үндэслэлгүй халагдсан 2019 оны 07-р сарын 10-ны өдрөөс ажилдаа буцаж орсон 2020 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэл нийт 6 сар 6 хоногийн ажилгүй байж, энэ хугацаанд цалин хөлс авч чадахгүй болж хохирсон. Харин 2019 оны 10-р сарын 17-нд 1,727,038 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон. Иймд ажилгүй байсан 6 сар 6 хоногийн хугацаанд ажлын 131 хоног байх ба ажлаас халагдахын өмнөх 2019 оны 5-р сард 2,500,000 төгрөг, 6-р сард 3,147,127 төгрөг, 7-р сард 1,129,530 төгрөгийн цалин авсан. Гурван сарын цалингийн нийлбэр 6,776,657 төгрөг. 2019 оны 5-р сард ажлын 23 хоног, 6-р сард ажлын 20 хоног, 7-р сард /09-ний өдрийг хүртэл/ ажлын 7 хоног, нийт ажлын 50 хоног ажилласан. 6,776,657 төгрөгийг 50 хоногт хуваахад = нэг өдрийн ажлын ногдох цалин 135,533.1 төгрөг, 135,533.1₮Ч 131 хоног = 17,754,836 төгрөг, /2019.07.10-аас 2020.01.16-ны өдрийг хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалин/. Үүнээс ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон 1,727,038 төгрөгийг хасч тооцон 16,027,803 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр нэхэмжлэгч С.Б ажилдаа буцаж ороод ажиллаж байгаа хэдий ч цалинг бүрэн олгохгүй хохироож байна. 2020 оны 02-р сард ажлын 17 хоног байх илүү цагаар ажилласан 8 цагийг нэмэхэд 18 хоног ажилласан байна. Гэтэл урьдчилгаа цалинд 2020.02.20-нд 400,000 төгрөг, 2020.03.07-нд үлдэх цалинд 656,964 төгрөг олгосон.

Шинээр байгуулсан 2020.01.16-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-нд цалинг 2,500,000 төгрөг байхаар тусгасан. 2,500,000 төгрөгийг 17-д хуваахад = 147,059 төгрөг /2020.02 сарын ажлын нэг өдөрт ногдох цалин/, 147,059 төгрөгийг 8 цагт хуваахад = 18,382₮ /ажлын нэг цагт ногдох цалин/, 147,059Ч1,5 = 220,588 төгрөг /Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1-д зааснаар тооцон илүү цагаар ажилласан ажлын өдөрт ногдох хөлс/ 2,500,000 төгрөг +220,588 төгрөг = 2,720,588 төгрөгөөс нийгмийн даатгалын  шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаад 2,166,948 төгрөгийн цалин гар дээр авах байтал 1,056,964 төгрөг цалин олгож, 1,109,984 төгрөгийн цалин дутуу олгосон байх тул нөхөн төлүүлж өгнө үү. Нийт 16,027,803 төгрөг + 1,109,984 төгрөг = 17,137,787 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж өгнө үү.”гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явж байснаа гэнэт төлөөлөгч нь итгэмжлэлээсээ татгалзсан. Одоо энэ байгууллага ажиллаж байгаа мөртлөө шүүх хуралдааны товыг хүлээж авахгүй гэж байгаа тул хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийлгүүлэх хүсэлтэй байна. Манай үйлчлүүлэгч удахгүй амаржих тул ээлжийн амралтаа авчихсан байгаа юм. Хуралдааны товыг хариуцагч мэдсэн гэж үзнэ. Ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 16,027,803 төгрөг гаргуулан авахыг дэмжиж байгаа ба 2020 оны 01 сарын 16-ны өдөр ажилд нь буцааж авсан  мөртлөө 2020 оны 02 дугаар сарын цалинг 1,109,984 төгрөгөөр дутуу олгосон. 2020 оны 1 сарын цалинг нэхэмжлэхгүй орхиж байгаа ба 2 дугаар сард 17 хоногийн ажлын өдөр бүтэн ажиллаж, 8 цаг илүү ажилласан энэ нь хавтаст хэргийн 86 дахь талд байгаа баримтаар тогтоогдоно. Нийт 17,137,787 төгрөгийг гаргуулж , нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү“ гэв.

 

           Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ажлаас халсан талаар:

1.  “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн В/129 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан болно.

2. С.Б нь удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Мөн Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болно.

3. С.Б нь Хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцсан, мөн компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан болно.

Хоёр. Ажилд эргүүлэн авсан талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01834 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Т 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр С.Бг урьд эдэлж байсан ажил, албан тушаалд, өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр ажилд эргүүлэн авсан болно. С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлдээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өмнөх нөхцлөөр ажилд авсан талаар дурджээ. Иймд С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх С.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч С.Б нь М ХХК д холбогдуулан  2019 оны 07-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэл нийт 6 сар 6 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор болох 16,027,803 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын дутуу авсан цалин хөлс 1,109,984 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байна.

 

          Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд  “С.Б нь удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Т 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр С.Бг урьд эдэлж байсан ажил, албан тушаалд, өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр ажилд эргүүлэн авсан. Иймд С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Б  нь  2011 оны 04 сарын 11-ний өдрөөс М ХХК д угаалгын ажилтнаар анх ажилд орсон байх ба 2018 оны 10 сарын 15 ний өдрөөс Ахлах угаагчаар ажиллаж байгаа болох нь  2018 оны 10 сарын 15 ны өдрийн 229 тоот Хөдөлмөрийн гэрээ / хх-6 дугаар тал/, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт /хх 5-6 дугаар хуудас/, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Улмаар М ХХК-ийн  дэд захирлын 2019.07.09-ний өдрийн В/107 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1. дахь  заалтуудыг тус тус үндэслэн С.Б-г ахлах угаагчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Харин дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй  талаар хариуцагч тал тайлбартаа дурьдсан ч 2019 оны 10 сарын 11-ний өдрийн Б/159 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн авсан байх ба /хх 83 дугаар тал/, 2020 оны 01 сарын 16-ны өдөр /хх 38-42/ хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн цалин 1,346,260 төгрөг олгосон /хх 86 дугаар тал/ баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул уг тайлбар няцаагдаж байна.

 

Нэгэнт ажлаас үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн авсан байх тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажил олгогч нь  2019 оны 07-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэл нийт 6 сар 6 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор олгох үүрэгтэй. Гэтэл ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 2019 оны 10 сарын 17 ны өдөр 1,727,038 төгрөг олгосон/ хх 84 дүгээр тал/ байх ба угтаа ажилгүй байсан хугацааны  131 хоногийн 17,754,836 төгрөг төлөх үүрэгтэй байна. Улмаар урьд төлөгдсөн 1,727,038 төгрөгийг хасаж тооцоход ажилгүй байсан хугацааны олговорт 16,027,803 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

Тодруулбал нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамыг үндэслэн  нэхэмжлэгчийн 2019 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн дундажыг   6,776,657 төгрөг, 1 өдрийн цалинг 135,533 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019.07.10-ны  өдрөөс хойш 2020.01.16-ныг хүртэл 131 хоногоор тооцож ,  ажилгүй байсан үеийн олговорын хэмжээ  17,754,836   төгрөг болж байгаа боловч хариуцагч 1,727,038 төгрөгийг төлсөн байх тул хасаж тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.Иймд  С.Бгийн  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг  М ХХК д  даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн дутуу авсан цалин хөлс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сард ажлын 17 хоног бүтэн ажилласны зэрэгцээ илүү 8 цаг ажилласан болох нь хариуцагч талын гаргаж өгсөн цалингийн бүрэлдэхүүн /хх 86 дугаар тал/ гэх баримтаар тогтоогдож байна. Талуудын байгуулсан 2020.01.16-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2 т “Ажилтан тухайн сард бүтэн ажилласан тохиолдолд нийт цалин хамгийн багадаа 2,500,000 төгрөг байна” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын шимтгэл, татвар суутгаад 2,166,948 төгрөгийн цалин гар дээр авах байтал 1,056,964 төгрөг цалин олгож, 1,109,984 төгрөгийн цалин дутуу олгосон” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь анх шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2019 оны 08 сарын 21-ний өдөр гардан авсан байх ба түүнд 2019 оны 08 сарын 20 ны өдөр  тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Н.Б нэг жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгожээ. Уг итгэмжлэлээсээ Р.Б нь 2020 оны 06 сарын 18-ны өдөр татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч байгууллагын дэд захирал Г.У-д хуралдааны товыг 2020 оны 7 сарын 1-ний өдөр мэдэгдсэн. Мөн 2020 оны 7 сарын 02 ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүргийн ......... тоотод байрлах  “М” ХХК д хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзаж, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 06 сарын 30 ны өдрийн 2-5а/6165 тоот албан тоотыг ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.7 д тус тус зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан ба өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмлжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар  М ХХК аас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 16 027 803 төгрөг  /арван зургаан сая хорин долоон мянга найман зуун гурван / төгрөг гаргуулж С.Б-д олгож,  цалинд тооцсон дээрхи олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрхи цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тус тус зааснаар дутуу авсан цалин болох 1,109,984 / нэг сая нэг зуун есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг М ХХК аас ажилгүй байсан хугацааны олговор дээр нэмж гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 31,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ