Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00625

 

 С.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1989 дүгээр магадлалтай,

 С.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Метро Экспресс ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,027,803 төгрөг, дутуу олгогдсон цалин 1,109,984 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч 2019.07.09-ны өдөр ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй болохыг зөвшөөрч 2020.01.16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан урьд ажиллаж байсан ажлын байранд нь ажиллуулж эхэлсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан 2019.07.10-ны өдрөөс ажилдаа буцаж орсон 2020.01.16-ны өдрийг хүртэл нийт 6 сар 6 хоногийн ажилгүй байж, энэ хугацаанд цалин хөлс авч чадахгүй болж хохирсон. Харин 2019.10.17-нд 1,727,038 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгосон. Иймд ажилгүй байсан 6 сар 6 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,754,836 төгрөг байхаас ажил олгогчоос олгосон 1,727,038 төгрөгийг хасч, үлдэх 16,027,803 төгрөгийг хариуцагч Метро Экспрэсс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Метро Экспрэсс ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан болно. С.Баярмаа нь удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Ажилд эргүүлэн авсан талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.05-ны өдрийн 183/ШШ2019/01834 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэгч 2020.01.16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр С.Баярмааг урьд эдэлж байсан ажил, албан тушаалд, өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилд эргүүлэн авсан болно. С.Баярмаа нь 2020.03.27-ны өдрийн нэхэмжлэлдээ 2020.01.16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өмнөх нөхцөлөөр ажилд авсан талаар дурджээ. Иймд С.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Метро Экспресс ХХК-аас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 16,027,803 төгрөг төгрөг гаргуулж С.Баярмаад олгож, цалинд тооцсон дээрхи олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрхи цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тус тус зааснаар дутуу авсан цалин болох 1,109,984 төгрөгийг*******-аас ажилгүй байсан хугацааны олговор дээр нэмж гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 31,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1989 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 16,027,803 гэснийг 5,772,962 гэж, 2 дахь заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул*******-д холбогдох дутуу авсан цалинд 1,109,984 төгрөг гаргуулах тухай С.Баярмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 31,189 гэснийг 107,317 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дугаартай шийдвэрийг давж заалдах журмаар хянаад гаргасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 1989 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ажилгүй байсан хугацааны олговор 16,027,083 төгрөгөөс 5,772,962 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг, мөн ажилласан хугацааны дутуу авсан цалин 1,109,984 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дүгнэлт нь ойлгомжгүй, хуулийг зөв хэрэглэж чадаагүй, шийдвэрийн 1 дэх заалтын тоон утгыг багасгаж өөрчилсөн хэрнээ үлдэх хэсгийг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй зэрэг алдаатай магадлал болсон байна.

Давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт 2019.07.09-ний өдөр ажлаас халагдсанаас хойш 2019.10.11-ний өдөр ажилд эгүүлэн томилох хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан гэж ойлгогдохоор дүгнээд энэ 3 сарын хугацаанд 7,500,000 төгрөгийн олговор шаардах эрхтэй гэж үзсэн үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан агуулгаас харахад ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан ажил эрхлээгүй буюу цалин, хөдөлмөрийн хөлс аваагүй бүх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор авахаар шаардах, авах, ажил олгогч нь түүнийг олгохоор зохицуулсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилгүй байсан бүх хугацаанд... гэж заасан байхад уг хэсгийг ...ажлаас халагдсанаас хойш ажилд эргүүлэн томилох тушаал гаргах хүртэл... гэж ойлгогдохоор дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Энэ үндэслэлээр ажилгүй байсан 2019.07.09-ний өдрөөс ажилдаа эргэн орсон 2020.01.16-ны өдрийг хүртэлх хугацааны олговроос 10,254,841 төгрөгийг хассан нь үндэслэлгүй байна.

Ажилласан хугацаанд ногдох цалингийн дутуу 1,109,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь ойлгомжгүй, энэхүү шаардлагыг хангах, эс хангах, хэрэгсэхгүй болгох, эсхүл тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх байсан эсэх, энэ шаардлагыг гаргах эрхтэй эсэх, гаргах эрхтэй бол журам зөрчсөн эсэх талаар дүгнээгүй байна.

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага, ажилласан хугацааны цалингийн зөрүү буюу дутуу авсан цалинг нөхөн гаргуулах шаардлагыг нэг шийдвэрээр цугт нь шийдвэрлэх боломжгүй гээд байгаа юм уу, хоёр өөр шаардлагыг яагаад хольж шийдэж болохгүй гээд байгаа нь, хольж шийдэх гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Хэрэв хоёр өөр үндэслэлтэй тус тусдаа шаардлагыг хамтатган шийдвэрлэсэн нь буруу гээд байгаа юм бол давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 68 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

ИХШХШТХуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно гэж заасан байхад нэг нэхэмжлэгчээс гаргасан, нэг хариуцагчид холбогдох шаардлагуудыг тус тусад нь иргэний хэрэг үүсгэн шийдэх ямар шаардлага байгаа юм бэ, хэргийг шуурхай хянан шийдвэрлэх зарчим энд хэрэгжихгүй гэж үү.

Дээрх зарчмын үүднээс хоёр өөр үндэслэлтэй шаардлагуудыг нэгтгэн, өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулахдаа ажилласан хугацааны цалингийн зөрүү буюу дутуу авсан цалинг нөхөн гаргуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж, анхан шатны шүүх үүнийг хамтатган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ИХШХШТХуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй, хянавал хэсгийн дүгнэлт нь тодорхой бус, ойлгомжгүй, шаардлагаас хасагдсан дүнг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнээгүй, уг хэсгийг тогтоох хэсгээр шийдвэрлээгүй орхигдуулсан зэргээс дүгнэхэд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч С.Баярмаа*******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,027,803 төгрөг, дутуу олгогдсон цалин 1,109,984 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй.

 Нэхэмжлэгч С.Баярмааг*******-д ахлах угаагчаар ажиллаж байхад нь Компанийн гүйцэтгэх захирлын 2019.07.09-ний өдрийн В/107 тушаалаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, 2020.01.16-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилжээ.

 Дээрх үндэслэлээр С.Баярмаа ажлаас чөлөөлсөн 2019.07.10-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020.01.16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,027,803 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар энэ хуулийн 36.2.1.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Хоёр шатны шүүх хариуцагчаас ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлсныгхяналтын шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн 2019.07.09-ны өдрийн В/129 тушаалд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгох хугацааг 2019.08.08-ны өдрөөр тогтоосон ба ажилтан энэ өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос авсан тул ажилгүй байсан хугацааг 2019.08.08-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020.01.16-ны өдрийг хүртэл 5 сар 7 хоногоор тооцох нь зүйтэй.

 Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 2,500,000 төгрөг гэж тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,313,953 төгрөгийг олгохоор байна.

2.   Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж, 53 дугаар зүйлийн 53.1.-д илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээр хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно, 53.2.-т ...нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэжээ.

 Зохигчийн хооронд 2020.01.16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.-т ...ажилтан тухайн сард бүтэн ажилласан тохиолдолд нийт цалин нь хамгийн багадаа 2,500,000 төгрөг байна... , 5.5.-д ажилтан илүү цаг, 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан бөгөөд нөхөн амраагүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгоно гэж тус тус тохирсон байна.

 Ажилтан 2020.02 дугаар сард бүтэн ажилласан, ажлын 8 цаг илүү ажилласан үндэслэлээр дутуу олгогдсон цалинд 1,109,984 төгрөг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

 Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагад хариуцагч эсэргүүцээгүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4., 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн дутуу олгосон цалин гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,313,953 төгрөг /ажил олгогчоос нөхөн олговорт олгосон 1,727,038 төгрөгийг хасаагүй дүн/, дутуу олгосон цалин 1,109,984 төгрөгийн хамт нийт 14,423,937 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1989 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01904 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 53 дугаар зүйлийн 53.1., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар хариуцагч*******-иас 14,423,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярмаад олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2,713,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын ...31,189... гэснийг ...230,070... гэж, тогтоолын 2 дахь заалтыг хасч, 3, 4, 5 гэснийг 2, 3, 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очирын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очироос 2020.10.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧИД                         Г.БАНЗРАГЧ

                                                       П.ЗОЛЗАЯА

                                                       Д.ЦОЛМОН

                                                               Х.ЭРДЭНЭСУВД