Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00760

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00760

 

 

 Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00429 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ок дизайн ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 11-ний  өдөр Ок Дизайн ХХК-тай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн байрыг 1 жилийн хугацаатай, сарын 4 000 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хариуцагч компанийн гэрчилгээ бэлэн болоогүй гээд Болдбаатар гэдэг иргэнээр гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн байранд орохдоо 4 000 000 төгрөгийн барьцаа төлөх байсныг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. Өөр төлбөр төлөөгүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сард 6 000 000 төгрөг төлсөн. Өр төлбөр хуримтлагдсан учраас 2016 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр барьцааны гэрээ байгуулж, 300 ширхэг халаатын радиоторыг түрээсийн төлбөрийн барьцаанд авсан боловч радиоторуудыг худалдаж хохирлоо барагдуулж чадаагүй. 57 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөр 34 000 000 төгрөг, алданги 17 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөг нэхэмжилж байна. Барьцааны 4 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасна гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай иргэн Г.Хүрэлбаатар, н.Болбаатар нар байгуулсан. Тухайн байранд орсон өдрөөс эхэлж түрээсийг тооцно гэсэн заалт гэрээнд байдаг. 2015 оны 06 дугаар сард нэг сарын барьцаа байршуулаад, гадна талыг манай компани, дотор талыг нэхэмжлэгч хийе гэж тохироод засвар хийсэн. 2015 оны 10 дугаар сард Ок дизайн ХХК-тай гэрээг байгуулсан гэж үзэж байгаа. 4 сарын түрээсийн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед байр нь доголдолтой хөрөнгө байсан ба орон сууцны газрын өр болох 775 151 төгрөгийг бид төлж барагдуулсныг, мөн барьцаа 4 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Манай компани 300 ширхэг радиотор өгсөн. Нэг нь 71 000 төгрөгийн үнэтэй. Иж бүрдэл нь нэг хайрцгандаа 3 ширхэг, 21 000 000 төгрөгийн үнэ бүхий радиоторууд бөгөөд бүрэн бүтэн ажиллагаатай зүйл хүлээлгэн өгсөн. Барьцааны зүйлийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч талд бүрэн шилжсэн бөгөөд өөрсдөө зарж борлуулаад өрөө авна гэсэн. Барьцааны болон түрээсийн гэрээний шаардах эрх дууссан, үүргийн гүйцэтгэлийг бид хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ок дизайн ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 25 837 273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 162 727 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дургаар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох нэгжийн үнэ 70 000 төгрөг 300 ширхэг халаалтын радиаторыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ок дизайн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 287 136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7-д заасан алданги 8 612 424 төгрөг гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр үндэслэлгүй байна. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт ...төлбөрийг хугацаанаас нь хоцруулсан тохиолдолд өдрийн 1% алданги түрээслүүлэгчид төлнө... гэж заасан. Дээрх гэрээний зохицуулалт хууль зөрчсөн болох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаас харагдаж байна. Хуулийн хүрээнд баталгаажиж буй гэрээний үүргийн дүнд тооцох алдангид хязгаар тогтоож өгсөн нь хууль зүйн хоригийг тогтоож өгсөн нь дээрх хоригоос илүү гарж давж тогтоогдсон алданги нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчингүй болно. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хүрээнд хийгдсэн алдангийн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус болж байх бөгөөд шүүх хэлцлийн хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдал түүнтэй холбогдуулан үүсэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй байна. Иймд алданги болох 8 2 424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байхгүй асуудлыг шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь хариуцагч Ок дизайн ХХК-д холбогдуулж, түрээсийн төлбөр, алданги 57 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаа 6 000 000 төгрөгөөр бууруулж 51 000 000 төгрөг болгон өөрчилсөн байх тул шүүх түрээсийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Ок дизайн ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь М.Болдбаатартай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ, хариуцагч Ок дизайн ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ тус тус байгуулж, эдгээр гэрээгээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 50-21 дүгээр байрны 71 тоотод байрлах 3 өрөө, 120 м.кв талбайг түрээслүүлэх, түрээслэгч нар нь сарын түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

М.Болдбаатартай байгуулсан түрээсийн гэрээний үүрэг хариуцагч Ок дизайн ХХК-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар шилжсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний гэрээний дагуу тооцож, түрээсийн төлбөр шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ок дизайн ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх уг түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх түрээсийн төлбөрийг /7 сар х 4 000 000 төгрөг/ 28 000 000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн төлсөн түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг, барьцаа 4 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн өмнөөс тухайн орон сууцны ус дулааны төлбөрт төлсөн 775 151 төгрөгийг тус тус хасч, хариуцагчаас 17 224 849 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин алдангийн талаарх талуудын ...өдрийн 1% алданга төлнө... гэсэн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 8 612 424 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Уг гэрээний алданги тохирсон заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн агуулгыг буруу тусгасан, барьцааны зүйлийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байхад шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тусгасан зэргийг шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00429 дүгээр шийдвэрийн удиртгал хэсгийн 57 000 000 гэснийг 51 000 000 гэж, тогтоох хэсгийн 232.4 гэснийг 232.6 гэж, 25 837 273 гэснийг 17 224 849 гэж, 31 162 727 гэснийг 33 775 151 гэж, 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгож, 2 дах заалтын 44 950 гэснийг 442 950 гэж, 287 136 гэснийг 244 074 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ок дизайн ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 748 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ