Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00775

 

Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00429 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 760 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Г.Хүрэлбаатар,

Хариуцагч : ОК дизайн ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : Түрээсийн гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанбатын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2015.6.11-ний өдөр ОК дизайн ХХК-тай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн байрыг 1 жилийн хугацаатай, сарын 4 сая төгрөгөөр түрээслүүлсэн. Хариуцагч компанийн гэрчилгээ бэлэн болоогүй гээд Болдбаатар гэдэг иргэнээр гэрээ байгуулсан  Байранд орохдоо 4 сая төгрөгийн барьцаа төлөх байсныг 2015.8.21-ний өдөр төлсөн. Өөр төлбөр төлөөгүй байж байгаад 2016 оны 4 сард 6 сая төгрөг төлсөн. Өр төлбөр хуримтлагдсан учраас 2016.5.02-ны  өдөр барьцааны гэрээ байгуулж, 300 ширхэг халаалтын радиоторыг түрээсийн төлбөрийн барьцаанд авсан боловч радиоторуудыг худалдаж хохирлоо барагдуулж чадаагүй. Иймд түрээсийн төлбөрт 38 сая төгрөг, алданги 19 сая төгрөг нийт 57 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бодловч  шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөр 34 сая төгрөг, алданги 17 сая төгрөг, нийт 51 сая төгрөг нэхэмжилж байна. Барьцааны 4 сая төгрөгийг үндсэн төлбөрөөс хасна гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээг 2015.10.10-ны өдөр байгуулж, 2016.5 сард гэрээ дуусгавар болсон. 2016.4.10-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш 2016.4 сар дуустал хугацаанд тооцоо нийлсэн актаар 24 сая төгрөгийн өр үүссэн ба үүнээс 2016.4.29-ний өдөр 6 сая төгрөг төлсөн.Мөн гэрээ байгуулах үед 4  сая төгрөгийн барьцаа өгсөн байгаа. Иймп үлдэгдэл 14 сая төгрөг үлдсэн. 2016.5.02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь түрээслүүлэгч талын хүсэл зоригоор хийгдсэн бөгөөд нэг бүрийн үнэ 70.000 төгрөгийн 225 ширхэг радиатор барьцаалсан. 2016.5.31-ниы өдөр төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдахаар тохиролцсон. Барьцааны зүйлээр төлбөрийг барагдуулаагүй гэдгээ хүйтний улирал дуусахаас өмнө хэлсэн бол бид худалдаж хохирлыг барагдуулах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. /хх 23/

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай иргэн Г.Хүрэлбаатар, М.Болдбаатар нар байгуулсан. Тухайн байранд орсон өдрөөс эхэлж түрээсийг тооцно гэсэн заалт гэрээнд байдаг. 2015 оны 6 дугаар сард нэг сарын барьцаа байршуулаад, гадна талыг манай компани, дотор талыг нэхэмжлэгч хийе гэж тохироод засвар хийсэн. 2015 оны 10 дугаар сард ОК дизайн ХХК -тай гэрээг байгуулсан гэж үзэж байгаа. 4 сарын түрээсийн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед байр нь доголдолтой хөрөнгө байсан ба орон сууцны газрын өр болох 775.151 төгрөгийг бид төлж барагдуулсныг, мөн барьцаа 4 сая төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Манай компани 300 ширхэг радиатор өгсөн. Нэг нь 71.000 төгрөгийн үнэтэй. Иж бүрдэл нь нэг хайрцгандаа 3 ширхэг, 21 сая төгрөгийн үнэ бүхий радиаторууд бөгөөд бүрэн бүтэн ажиллагаатай зүйл хүлээлгэн өгсөн. Барьцааны зүйлийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч талд бүрэн шилжсэн бөгөөд өөрсдөө зарж борлуулаад өрөө авна гэсэн. Барьцааны болон түрээсийн гэрээний шаардах эрх дууссан, үүргийн гүйцэтгэлийг бид хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 59-60/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00429 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан ОК дизайн ХХК -иас нийт 25.837.273 төгрөг гаргуулан Г.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлээс  31.162.727 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан  хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох нэгжийн үнэ 70.000 төгрөг 300 ширхэг халаалтын радиаторыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг зааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ОК дизайн ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 287.136 төгрөг гаргуулан Г.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00429 дүгээр шийдвэрийн удиртгал хэсгийн “57.000.000” гэснийг “51.000.000” гэж, тогтоох хэсгийн” 232.4” гэснийг “232.6” гэж, “25.837.273” гэснийг “17.224.849” гэж, “31.162.727” гэснийг “33.775.151” гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгож, 2 дахь заалтын “44.950” гэснийг “442.950” гэж, “287.136” гэснийг “244.074” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Талууд анх түрээсийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзыг хэрэглэхээр тохиролцсон нь гэрээний 5.7-т тусгасан. Энэ нь Иргэний хуулийн 232.2 дахь заалтыг хангасан боловч ямар хэлбэрээр тооцохыг тохироогүй. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 232.4-т заасан хязгаараас  даваагүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай бөгөөд гэрэний шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нөхцөл байдлыг шүүх бүрэн шалгаагүй байна. 2. Давж заалдах шатны шүүх М.Болдбаатартай байгуулсан гэрээний үүрэг хариуцагчид шилжсэн гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэрээний 5.10-т түрээслэгчийг сүүлийн 5 сарын түрээсийн төлбөр төлөөгүй байгаа тухай дурдсан бөгөөд хэрхэн төлж барагдуулахыг тусад нь хавсралтаар шийдвэрлэхээр тохиролцсон. Мөн гэрээний 1.5-т зааснаас харахад хариуцагч байгууллага нь уг гэрээний эрх үүргийг залгамжлан авсан болох нь тодорхойлох байна. Мөн үндсэн төлбөрөөс 4 сая төгрөг алданги 2 сая төгрөг төлсөн баримтыг хүлээн зөвшөөрч хассан боловч 2015.6.11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу урьдчилан төлбөр төлөхдөө ОК дизайн ХХК төлж нэхэмжилж буй төлбөрөөсөө хасуулсан мөртлөө түрээсийн төлбөр төлөх болохоор уг гэрээтэй хамааралгүй болж байгааг ойлгохгүй байна. Иймд 51 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Г.Хүрэлбаатар нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 34 сая төгрөг, алданги 17 сая төгрөг, нийт 51 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс барьцаанд авсан 4 сая төгрөгийг хасахыг зөвшөөрсөн байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.  

Анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт 28 сая төгрөг төлөхөөс төлсөн 6 сая төгрөг, барьцаанд өгсөн 4 сая төгрөг, хариуцагч орон сууцны төлбөрт төлсөн 775.151 төгрөгийг хасаж, үлдэх 17.224.849 төгрөгийг алданги 8.612.424 төгрөгийн хамт нийт 25.837.273 төгрөг гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн талаарх тохиролцоо хуульд нийцээгүй гэж дүгнэж, хариуцагчаас 17.224.849 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.Хүрэлбаатар нь Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 50-21-р байрны 71 тоотыг   хариуцагчид нэг жилийн хугацаатай, сарын 4 сая төгрөгөөр түрээслүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ” байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль шаардах эрхтэй.

Хариуцагч түрээсийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 сар хүртэл хугацаанд нийт 28 сая төгрөг төлөхөөс 17.224.849 төгрөгийн үлдэгдэлтэй нь баримтаар тогтоогдсон, хоёр шатны шүүх энэ талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр М.Болдбаатарын нэр дээр байгуулж, үргэлжлүүлэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  “Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ”-г ОК дизайн ХХК-тай байгуулсан. М.Болдбаатартай байгуулсан гэрээнд алдангийн талаар тохиролцоо байхгүй, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 5.7-д зохигчид алдангийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан  гэрээний 5.7-д “...төлбөрийг хугацаанаас хоцруулсан тохиолдолд өдрийн 1 % алданги түрээслүүлэгч талд төлнө... “ гэснийг алдангийн талаарх тохиролцоо гэж үзэх боломжгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198, 232 дугаар зүйлд нийцжээ.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг, харин урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтыг зохигчдын гаргаж өгсөн тайлбарын хэмжээнд үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 760 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 412.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ