Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 78

 

Б.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1129 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар магадлалтай, Б.Б-од холбогдох 1806057461362 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы гаргасан эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Хоньчин овогт Батмөнхийн Болд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган гаргасан эсэргүүцлдээ “Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж үзэж, зөвхөн шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэж, шүүгдэгч Б.Б-, хохирогч Г.Алтантуул нарын такси үйлчилгээний төлбөр, түүнийг төлөх асуудлаар өөр хоорондоо тохиролцсон, дараагаар нь төлсөн зэрэг нь иргэд хоорондын хэлцэл, түүнээс үүссэн иргэний эрх зүйн маргаан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- нь таксины мөнгөний барьцаанд үлдээсэн хохирогч Г.Алтантуулын өмчлөлийн гар утсыг таксины мөнгө авсны дараа буцаан өгөөгүй үйлдлийг, харин урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэж, хохирогч Г.Алтантуул нь өөрийн утсыг шүүгдэгч Б.Б-од барьцаанд үлдээж, таксинд үйлчлүүлсэн мөнгийг өгч өөрийн утсаа буцаан авна гэж итгэснийг ойлгоно. Хууль тогтоогчид “Залилах” гэмт хэргийн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх шинжийг тодорхойлохдоо хэдий хугацааны явцад бий болсон харьцаа гэдгийг нарийвчлан зааж тодорхойлоогүй, харин итгэл төрүүлсэн, харилцан тохиролцсон, итгэж найдсан үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ойлгохоор хуульчилсан байна. Энэ нь 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 11-12 цагийн үед хохирогч Г.Алтантуул нь таксины мөнгөний барьцаанд гар утсаа өгч, таксины мөнгийг өгчхөөд утсаа буцаан авна гэж итгэн үлдээсэн үйлдэл нь урьдын харьцааны явцад бий болсон итгэл гэж ойлгоно, хохирогч Г.Алтантуул нь 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 22 цаг 30 минутын үед таксины мөнгийг дансаар шилжүүлэн өгсөн боловч шүүгдэгч Б.Б- нь гар утсыг нь буцаан өгөөгүй үйлдлийг итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж ойлгоно, хохирогч Г.Алтантуулын гар утсыг өгөлгүй 11 сарын дараа Цагдаагийн байгууллагаас дуудан ирүүлсний дараа гар утсыг гарган өгч байгаа үйлдэл нь “Залилах” гэмт хэрэг төгс үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Иргэний эрх зүйн иргэд хоорондын маргаан байна гэж дүгнэхдээ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл 11 сарын хугацаанд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Алтантуулын гар утсыг буцаан өгч хохирол төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байсан, зөвхөн Цагдаагийн байгууллага Б.Б-ыг эрэн сурвалжлан олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үлдсэн дээр хохирогч Г.Алтантуулын гар утсыг буцаан өгсөн үйлдэл дээр үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй. Шүүгдэгч Б.Б- нь өөрийн дансны хуулгаар мөнгө шилжүүлсэн дансны эзнийг олох боломжтой, мөн хохирогч Г.Алтантуул болон түүний эгч утсаар удаа дараа залган холбогдсон талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, тэдгээр хүмүүстэй дахин холбогдох боломжтой байхад энэ талаар арга хэмжээ аваагүй байгаа нь иргэд хоорондын иргэний маргаан гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хууль зүйн дүгнэлт буруу хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан байдаг, хохирогч Г.Алтантуул нь 2 удаа өгсөн мэдүүлэгтээ таксины мөнгө болон хүлээлгэсэн мөнгө гэж 15,000 төгрөгийг Б.Б-ын дансруу шилжүүлээд утсаа авъя гэж хэлэхэд “чи ахынхаа ажлыг их алдагдууллаа, тийм учраас хохирлоо барагдуулж энэ утсыг чинь авлаа гэж хэлээд утсаа авахгүй болсон талаар тогтвортой мэдүүлдэг, гэвч Давж заалдах шатны шүүх тус мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч Б.Б-ыг олж тогтоосон цаг хугацаа, хохирогч гар утсаа буцаан авсан цаг хугацаа зэрэгт дүгнэлт хийгээгүй, Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч Б.Б-ыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тохиолдолд хохирогчийг утсыг буцаан өгөх байсан эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаартай магадлалын “Тодорхойлох” хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Батхандад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг...” гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй, шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн 1806057461362 дугаартай хэрэгт Б.Батханд гэх шүүгдэгч ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 3.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ДШМ/983 дугаартай магадлалын хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл хэлсэн саналдаа “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Утсыг нь буцааж өгөөгүй гэх асуудал ярих бөгөөд буцаагаад өгье гэхээр хохирогч алга болчихсон. Шүүгч мөнгө дансаар шилжүүлсэн юм чинь банкнаас утсыг нь аваад ярихгүй яасан юм бэ гэсэн. Банк хохирогчийн утсыг өгөхгүй. Хохирогч шүүгдэгчийн ажлыг нь мэдэж байсан учраас ирээд утсаа авах боломжтой байсан. Шүүгдэгчийг цагдаагаас дуудахад утас нь бэлэн байсан учраас өгсөн. Прокурор авсан л бол төгс гэмт хэрэг гэж үзнэ гэх зүйл ярьдаг. Урьдын бий болсон харилцаа гэж юуг хэлэхийг ойлгохгүй байна, хууль тогтоогч бол арай өөр байдлаар оруулсан байх. Хохирогчийг шүүх хуралд оролцуулъя гэсэн боловч ирээгүй, алга болсон. Магадлал хууль зүйн үндэслэл бүхий гарсан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын харилцааны асуудал буюу хохирогч утсаа 15,000 төгрөгт барьцаалсан нь иргэд хоорондын хэлцэл юм. Шүүгдэгч тухайн үед хохирогчийг олох боломжгүй байсан, одоо ч олох боломжгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Хяналтын прокурор хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргээр зүйлчилсэн. Давж заалдах шатны шүүх иргэд хоорондын хэлцэл хэмээн үзэж түүнд холбогдох хэргийг цагаатгасан. Хяналтын шатны шүүх хуралд оролцож байгаа прокурорын хувьд залилан мэхлэх биш, хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзэж байна. Үүнийг хяналтын шатны шүүхээс засах боломжгүй. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:        

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы гаргасан эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 535 тоотод хүргүүлсэн Г.Алтантуулын өмчлөлийн “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг таксины төлбөрийн барьцаанд авч, тухайн өдрийн 22 цаг 30 минутын орчим өөрийн “Хаан” банкны 5007335230 дугаартай дансаар таксины мөнгө болох 15.000 төгрөгийг авсан боловч “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг буцаан өгөлгүй, 264.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоосон, энэ талаар талууд маргаангүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Улмаар давж заалдах шатны шүүх Б.Б-од холбогдох хэргийн хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн обьектив шинжид хамаарахгүй бөгөөд Б.Б- болон Г.Алтантуул нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн маргаан гэж үзнэ хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн” шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэнтэй үндэслэлийн хувьд хяналтын шатны шүүхээс санал нийлэх боломжгүй.

Шүүгдэгч Б.Б-ын зүгээс Г.Алтантуулын таксины төлбөрт барьцаалж авсан гар утсыг үүрэг дуусгавар болмогц буцааж өгөхөөс татгалзаж өөрт үлдээн шамшигдуулж байгаа нь завших гэмт хэргийн шинжийг агуулж байвч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбарласан тул Б.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Иргэн Б.Б-, Г.Алтантуул нарын хооронд таксины төлбөрт утас барьцаалахаар тохирсон хэлцэл нь иргэний хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд харин нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлмэгц нөгөө тал хариу үүргээ биелүүлэхээс нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж татгалзаж байгаа явдлыг эрх зүйн талаас нь хоёр шатны шүүх зөв дүгнэж чадаагүй байна. Залилах гэмт хэргийн тухайд шүүгдэгч, хохирогчийн эд хөрөнгийг хууран мэхэлж шилжүүлэн авахдаа анхнаасаа буцаан өгөх санаа зорилгогүй байдаг. Энэ тохиолдолд Б.Б-, Г.Алтантуулын утсыг буцаан өгөхгүй байх гэмт санаа төрж татгалзах хүртэл иргэний эрх зүйн харилцаа үргэлжилж байсан тул өмнөх үйлдэлд гэм буруугийн асуудал яригдахгүй. Давж заалдах шатны шүүхийн хувьд шүүгдэгч Б.Б-ын барьцааны утсыг буцааж өгөхөөс татгалзаж улмаар өөртөө захиран зарцуулж буй үйлдэлд нийгмийн хор аюул, гэмт санааны түвшингийн талаас дутуу дүгнэлт хийж иргэний эрх зүйн гэрээний зөрчил гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн завших гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэх саналын үндэслэл зөв боловч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тайлбарт заасан бага хэмжээний хохирол /гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ, түүнээс доош хэмжээ/ учирсан байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Б.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар магадлалыг хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН