Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Б.Б-од холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1806057461362 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хоньчин овгийн Б.Б-, 19.. оны .. дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ................ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт . ...............дүүргийн .. дүгээр хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /Р...................../;   

Б.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 535 тоотод хүргүүлсэн иргэн Г.А-ын өмчлөлийн “Samsung Galaxy-S6” маркийн гар утсыг таксины мөнгөний оронд барьцаанд авч, 2018 оны 6 дугаар сарын 29-ний 22 цаг 30 минутын орчимд өөрийн Хаан банкны .......... дугаартай дансаар иргэн Г.А-аас таксины мөнгө болох 15.000 төгрөгийг авсан боловч “Samsung Galaxy-S6” утсыг буцааж өгөлгүй залилж 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хоньчин овгийн Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогчийн итгэлийг ашиглаагүй. Таксины болон бүтэн 4 цаг намайг хүлээлгэсний хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөлд гар утсыг нь буцаан өгөх зорилго, санаатай байсан. Гэвч хохирогч өнгөрсөн хугацаанд зөвхөн таксигаар хүргүүлж үйлчлүүлсэн төлбөр л төлсөн. Энэ нь надад тухайн үед хангалтгүй байсан. Түүнээс биш гар утсыг нь шилжүүлэн авах санаа сэдэл байгаагүй. Хохирогчийн гар утсыг залилан авсан гэх нотолгоо байхгүй. Тиймээс үүнийг бүрэн нотолж, баримт гаргаж шалгуулах хүсэлтэй байна. Тухайн хэрэг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаа болон прокурорын газраас /миний дугаар хавтас хэрэгт байсаар байтал/ над руу бараг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 15-нд утастаж мэдэгдсэн. Гол нь миний дугаар хавтас хэрэгт байсаар атал над руу ярихгүйгээр намайг улс даяар эрэн сурвалжилж байсныг саяхан мэдсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хуймгай явагдсаныг харуулна. Энэхүү хугацаанд хэргийн удаан дарж, төлөвлөгөөт ажлын үеэр гарган ирж цаг алдсаныг Баянзүрх дүүргийн прокурор Б.Ганбулган болон шүүгч Н.Баасанбат нар шүүх хурал дээр албан ёсоор мэдэгдэж хүлээн зөвшөөрч байсан. Гэвч тэд ингэж удсаныг хэрэгт хамаагүй, нөлөөлөхгүй гэж үзэж буйгаа хэлсэн. Дээрх хэрэг удсан явдал хэрэгт яагаад хамааралгүй, нөлөөлөхгүй байгаа талаар шүүгч, прокурор тодорхой тайлбар хэлээгүй. Үүнтэй миний бие санал нийлэхгүй эсэргүүцэж байна. Миний болон өмгөөлөгчийн хувьд дээрх удсан явдал нь хэрэг явдалд шууд хамаарал, нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаах явцад надад эрт утастаж мэдэгдсэн бол хэрэг сунжрахгүй эрт шийдэгдэх байлаа. Хохирогч бид 2 эв зүйгээ ойлголцож гар утсыг нь эрт буцаан өгөх боломжтой байв. Өнгөрсөн хугацаанд хохирогч Г.А- руу утастаж гар утсыг эргүүлэн өгөх санаатай байсан боловч утасны дугаарыг мэдэхгүй байв. Би дугаараа өгснөөс хойш хохирогч өөрийн дугаарыг үлдээгээгүй. Энэ талаар шүүгч Н.Баасанбат хэлэхдээ “Алтантуул мөнгөө шилжүүлсэн дансны дугаараар хөөгөөд утасны дугаарыг мэдэж болох байсан” хэмээн намайг буруутгасан тайлбар өгсөн. Гэвч ямар ч байгууллагаас, тэр дундаа үйлчилгээний байгууллагаас хүний утасны дугаарыг зөвшөөрөлгүй өгдөггүй билээ. Ийм боломж байсан гэж үзэж хэргийг муйхраар шийдвэрлэсэнд мөн хохирогчийг оролцуулахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд мөн адил гомдолтой байна. Хохирогч “намайг цагдаад өгнө шүү” гэхэд “чи намайг цагдаад өгдөг хүн биш ээ, би чиний гар утсыг өгөхгүй” гэж  миний хэлээгүй үгийг хэлсэн болгож хэрэгт хавсаргаж нэг талыг барьж шийдвэрлэсэн. Үнэн хэрэгтээ би “гар утсыг чинь одоо өгөхгүй ээ, таксины төлбөр болон бүтэн 4 цагийн ажил алдуулсны хохирол төлбөрийг төлж байж утсаа аваарай” гэж хэлсэн юм. Хохирогчийг байлцуулж энэ хэлсэн үгийн буруу, зөрүүг нүүр тулан үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн цагдаа, прокурорын газраас над руу 2 удаа утастаж дуудах явцад ажил ихтэй байсан учир очиж амжаагүй. Миний буруутай үйлдлээс болж ажлын газарт дуудах албан бичиг хүргүүлсэн юм. Гэвч энэ дуудах бичиг өгөх явцад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Э.Даваасүрэн болон бусад хүн /95854767 дугаарын утаснаас Баянзүрх дүүргийн прокурорын газрын эмэгтэй хүн ярьсан/ миний ажлын газар руу ярьж зөвхөн дуудах мэдүүлэг өгөх байтал ажлын газрын дарга нарт “...гар утас залилсан” гэх мэтээр хэргийн талаар шийдээгүй байхад нарийвчилсан зүйл ярьсныг миний бие цагдаа, прокурорын зүгээс мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэж байна. Энэ алдаатай үйлдлээс болж миний бие ажлаасаа халагдах дээрээ тулж эцэст нь 3 сарын цалингийн 20 хувь хасуулсан. Гэтэл энэ гомдлын талаар шүүх дээр тусдаа зүйл гэж хэлсэн. Шууд хамааралтай биш юм гэхэд дам хамааралтай, цалин хөлс, санхүүгийн хувьд хүнд байдалд орж хохироод байгаа билээ. Ажлын нэр хүндэд халдсан санаатай үйлдэл гэж үзэж байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гар утас залилан завших ямар ч санаа сэдэл байхгүй, нотлох баримт байхгүй зэргийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Утсаа барьцаалаад, мөнгөндөө явж байгаа нь иргэний ердын хэлцэл гэж ойлгож байгаа. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан болох нь бүрэн тогтоогдсон гээд байгааг ойлгохгүй байна. Дараа нь хохирогч цагдаад өргөдөл өгсөн дор нь дуудсан бол ийм асуудал болохгүй байсан. Анхан шатны шүүгч хэлэхдээ “Хаан банкны дансаар нь олоод утсыг нь аваачиж өгч болно ш дээ” гэсэн. Тэр боломжгүй асуудал. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна гээд гэм буруутайд тооцож 800.000 төгрөгөөр торгосон. Анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч иргэд хоорондын хэлцлийн үүднээс үүссэн үр дагавар гэж хэллээ. Миний хувьд урьдын харилцаа гэж хуульчилсан байгаа нь хуульд зааснаараа зөвхөн удаан хугацааны харилцаа биш гэж үзэж байна. Нэг нь утсаа сайн дураараа барьцаанд үлдээсэн. Дараа нь мөнгөө төлчихөөд авах гэхэд утсыг нь өгөхгүйгээр алга болсон байдаг. Утсаа барьцаанд өгч байгаа хэлцэл өөрөө урьдын харилцаа болж байгаа. Урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийн сэдэлт нь мөнгөө авсан үеэс эхлэн үүссэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Болдод холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1129 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

 Прокуророос Б.Б-ыг “2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 535 тоотод хүргүүлсэн иргэн Г.А-ын өмчлөлийн “Samsung Galaxy-S6” маркийн гар утсыг таксины мөнгөний оронд барьцаанд авч, 2018 оны 6 дугаар сарын 29-ний 22 цаг 30 минутын орчимд өөрийн Хаан банкны 5007335230 дугаартай дансаар иргэн Г.А-аас таксины мөнгө болох 15.000 төгрөгийг авсан боловч “Samsung Galaxy-S6” утсыг буцааж өгөлгүй залилж 264.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцээд Б.Б-ыг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай гэж үзэж, торгох ял оногдуулж шийтгэх тогтоол гаргажээ.

Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Г.А-г зохих газар нь хүргэж өгөөд 15,000 төгрөгийн төлбөр гарсан боловч үйлчлүүлэгчид бэлэн мөнгөгүйн улмаас жолооч Б.Б- түүний гар утсыг нь барьцаалах замаар авч үлдэж, тухайн өдрийнхөө орой уг мөнгийг өөрийн Хаан банкны харилцах данс /хх 48/-аар хүлээн авсан боловч тухайн барьцаанд байх утсыг буцааж өгөөгүй маргаан үүссэн бөгөөд энэ тогтоогдож байгаа үйл явдлыг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, үйл баримт дээрх байдлаар нотлогджээ.

Прокурор яллах дүгнэлтэндээ “Яллагдагч Б.Б-ын урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэсэн ба үүнийгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “урьдын харьцаа бол заавал урт удаан үргэлжилсэн хугацааг ойлгохгүй, ямарч хугацаатай байж болох тул Б.Б- нь урьдын харьцаагаа ашиглаж, Г.Ариунтуулыг залилсан” гэж мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн “...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” гэсэн залилах гэмт хэргийн обьектив талын шинж /диспозиц/ нь тухайн хэргийн хувьд хамаарахгүй бөгөөд Б.Б-, Г.А нарын такси үйлчилгээний төлбөр, түүнийг төлөх асуудлаар өөр хоорондоо тохиролцсон, дараагаар нь төлсөн зэрэг нь иргэд хоорондын хэлцэл, түүнээс үүссэн иргэний эрх зүйн маргаан байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Б.Б-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт Г.А-г анх хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахдаа мөрдөгч гарын үсэг зураагүй, дахин мэдүүлэг авахдаа мөн мөрдөгч гарын үсэг зураагүй, шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ өөр гэмт этгээдийн өөр гэмт хэргийн талаар дурьдсан атлаа шүүгдэгч Б.Б-ыг шүүхэд шилжүүлсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулна гэж шийдвэрлэсэн атлаа түүнд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх эсэх талаар талуудаас тодруулахгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ