Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1129

 

 

 

 

 

 

 

 

   2019        07          19                                  2019/ШЦТ/1129

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806 05746 1362 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 535 тоотод хүргүүлсэн иргэн Г.Алтантуулын өмчлөлийн Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг таксины мөнгөний оронд барьцаанд авч, 2018 оны 06 дугаар сарын 29-ний 22 цаг 30 минутын орчимд өөрийн Хаан банкны 5007335230 дугаартай дансаар иргэн Г.Алтантуулаас таксины мөнгөн болох 15,000 төгрөгийг авсан боловч, Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг буцаан өгөлгүй залилж, 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 05746 1362 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Алтантуулын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 9 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 7 буудлын замын баруун талаас Баянзүрх дүүргийн Жанжинд байдаг найз Тулгаагийнд очихоор такси барьсан. 11 цагийн үед Жанжин захын тэнд очсон таксины ах 8500 төгрөг болсон гэхээр нь бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн боловч картанд мөнгө ороогүй байсан. Таксины ахад барьцаанд нь өөрийн хэрэглэж байсан Самсунг эс-6 эджи маркийн гар утсыг үлдээгээд 15 цагийн үед мөнгийг нь өгөөд утсаа авахаар тохиролцсон. 18 цагийн үед бэлэн мөнгөний машинаас 15000 төгрөгийг нь шилжүүлээд утсаар нь залгаад гар утсаа авья гэсэн чинь жолооч ах “чи өнөөдөр ахынхаа ажлыг алдагдууллаа, тийм учираас би энэ утсыг чинь авлаа, өгөхгүй” гэсэн. Тэгэхээр нь би таныг цагдаад хэллээ шүү гэсэн чинь намайг чи цагдаад хэлдэг хүн бишээ гээд утсаа салгасан, утсаа авахгүй байхаар нь би Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 8 тал/,

-“ДАМНО” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн №БЗ3-18-389 дугаар: Samsung S6 маркийн гар утас 264.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 тал/,

-Б.Бын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

-Г.Алтантуулын гар утас хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмлэглэл /хх-ийн 20 тал/,

-Б.Бын 5007335230 дугаарын дансанд 15.000 төгрөгийн орлого хийсэн баримт /хх-ийн 48 тал/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутын үед яргайтын зуслангийн гэрээсээ гараад хотын төврүү явж байгаад 7 буудлын тэндээс замаасаа гар өргөж байсан эмэгтэйг Баянзүрх дүүргийн Сансар худалдааны төв хүргэж өгөхөөр авч явсан. Сансар худалдааны төвийн үүдэнд хүргэж өгөхөд 12.000 төгрөг болсон. Тэгээд Алтантуул бэлэн мөнгөний машинаас мөнгө авна гэж буугаад буцаж ирэхдээ “ахаа миний картанд мөнгө ороогүй байна” гээд утсаар яриад удсан. Байн байн ярьсан. Сүүлдээ тэр мөнгө өгөх хүн нь бүтхээ больсон. Би тэгээд Алтантуулд “ах нь чамайг бүтэн 4 цаг хүлээлээ, миний ажлын цаг хэцүүдлээ, ах нь явмаар байна” гэхэд Алтантуул “би таныг удаан хүлээлгэлээ, та дансаа надад өгчих, би танд 15.000 төгрөг шилжүүлье, одоо та миний Самсунг эс-6 маркийн гар утсыг авчих” гээд үлдээгээд явсан. Тэгээд орой уулзаж байгаад гар утсаа авъя гээд явсан. Тэр өдөр ажил хийлгэхгүй 5, 6 удаа гар утсаа авъя гээд ажил хийлгэхгүй залгаад байсан. Сүүлдээ утсаар Алтантуул намайг доромжилж эхэлсэн. “Та ийм замаар залилан хийдэг хүн байна” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд бухимдаад үдээс хойш 16 цагийн үед ажил их байдаг учраас ажлаа хийх гээд утсаа салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

            Хөрөнгийн үнэлгээг тухайн гар утсыг үзэлгүйгээр үнэлсэн нь хууль бус биш, харин харьцуулалтын аргыг хэрэглэж зах зээлийн бодит үнэлгээг элэгдэл хоргодол тооцож гаргасан нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч хохирогчийн гар утсыг залилж авсны дараагаар ашиглах, эс ашиглах нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болно. Хохирогч, шүүгдэгч нар төлбөр шилжүүлж утсыг буцаан авах, өгөх талаар харилцан тохиролцсоноор итгэлцэл үүссэн байх боловч шүүгдэгч өөрийнх нь дансанд төлбөрийн мөнгө шилжсэнийг мэдсэн боловч утсыг нь өгөөгүй үйлдлээр гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.        

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Б нь иргэн Г.Алтантуулаас “гар утсыг таксины төлбөрийн барьцаанд авч, тухайн өдрөө таксины төлбөр болох 15.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч гар утсыг буцааж өгөхөөр тохиролцсон боловч ажил алдагдууллаа, тийм учраас би энэ утсыг чинь авлаа, өгөхгүй” гэж хэлэн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн орлогын баримт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.Б нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Быг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтантуулд учирсан 264.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Б нь гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт хохирогчийн “өөрийн утасны оронд адил загварын гар утсыг Б.Б гэх хүнээс авсан, гомдолгүй, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Бод ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Быг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ