Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/01130

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/01130

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р ХХК-ийн хариуцагч Д.Дд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17 795 119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т,Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: 2016 оны 04 сарын 12-ны өдөр Д.Дтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 6/10 тоот гэрээ байгуулан зээлийг 9 сарын хугацаатай болгон өөрчилсөн ба гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 13-ны өдөр дууссан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү төлөх хугацааг 1076 хоног хэтрүүлсэн байна. Иймд 2016 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан 04/01 тоот зээлийн гэрээг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 11 196 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 805 326 төгрөг, нийт 17 795 119 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол /14192/, Эрүүгийн гудамж 39 тоот хаягт байршилтай 49.47м.кв талбайтай үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдэн авахаар зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээл 6 000 000 төгрөгийн 9 сарын хүү 2 169 863 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүү буюу үндсэн хүүгийн 20 хувь болох 433 972 төгрөг, нийт 8 603 835 төгрөгийг 3 сард багтааж төлөх боломжтой. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Даас 17 795 119 /арван долоон сая долоон зуун ерөн таван мянга нэг зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Дын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 872 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 333 872 /гурван зуун гучин гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Зээлийн гэрээний хугацаанд нийт 725 000 төгрөгийн хүү төлсөн. Тиймээс үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 444 863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 288 972 төгрөг, нийт 7 733 835 төгрөг төлнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Д.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 738 277 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч тал хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Д.Дын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 9-14/

 

Хэргийн 15 дугаар талд авагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр талууд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгасан байх ба гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 169 863 төгрөг төлөх үүрэг хүлээснээс хүүгийн төлбөрт 1 206 700 төгрөг төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар /хх 26/, хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол /хх 17, 41-42/ гэх баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний 3.1.1-д зээлийн үндсэн хүүг сарын 4% гэж, 3.1.2-т нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх гэж, 5.2.2-т зээлдэгч үндсэн зээл түүний хүүг хавсралтад заасан хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж тус тус заажээ. Гэрээний эдгээр заалт нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зааснаар хэтэрсэн болон гэрээний хугацаанд төлөгдөх хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн зээлд 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 989 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 805 326 төгрөг, нийт 17 795 119 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ