Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00354

 

 

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00354

 

 

 

РУС финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1130 дугаар магадлалтай,

РУС финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.*******д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 17,795,119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч РУС финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,795,119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 17,795,119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РУС финанс ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.*******ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч РУС финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,872 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 333,872 төгрөгийг гаргуулж РУС финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1130 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 735 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1130 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 9,989,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,805,326 төгрөг, нийт 11,795,119 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэн миний эрхийг зөрчиж байна. Би зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шүүхийн магадлал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би РУС финанс ББСБ ХХК-тай гэрээ байгуулан 6 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан ба дээрх хугацаанд би нийтдээ 725,000 төгрөгийн хүү төлсөн. Тиймээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,444,863 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү 20 хувь буюу 288,972 төгрөг, нийт 7,733,835 төгрөгийг төлнө. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 735 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1130 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч РУС финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2016.04.12-ны өдөр 4/01 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч 6,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, мөн 2016.04.12-ны өдөр 4/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, 1076 хоног хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 9,989,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,805,326 төгрөг, нийт 17,795,119 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч Д.******* нь үндсэн зээл 6,000,000 төгрөг, 9 сарын хүү 2,169,863 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүү буюу үндсэн хүүгийн 20 хувь болох 433,972 төгрөг нийт 8,603,835 төгрөгийг 3 сард багтааж төлөх боломжтой. Үүнээс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ...талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, 5.2.2, 7.1 дэх заалт Иргэний хуулийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн, зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

8. Давж заалдах шатны шүүх ...Зээлийн гэрээний 3.1.1, 3.1.2, 5.2.2 дахь заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн болон гэрээний хугацаанд төлөгдөх хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

9. Хариуцагчийн ...Би РУС финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан ба дээрх хугацаанд нийтдээ 725,000 төгрөгийн хүү төлсөн. Тиймээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,444,863 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү 20 хувь буюу 288,972 төгрөг, нийт 7,733,835 төгрөгийг төлнө. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь, хэргийн 17 дугаар талд авагдсан зээлийн тооцооллын баримтаас үзэхэд хуримтлагдсан хүү 10,659,945 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлөгдсөн хүү болох 1,206,700 төгрөгийг хасч нийт зээлийн хүүний төлбөрийг 9,453,245 төгрөгөөр тооцжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүүг 536,547 төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүх зөв тооцож, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн гэрээний маргааны үйл баримтад Иргэний хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00735 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1130 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 178,516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН