Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/00644

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        03         09                                          181/ШШ2020/00644         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: РБ ХХКгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17 795 119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, 39 байр, 11 тоот орон сууцаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч РБ ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар 2016 оны 08-р сарын 13-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээл, барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Түүний дараа 6/10 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийг 9 сарын хугацаатай болгон өөрчилсөн ба гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан.

Тус зээлийн гэрээний 8.2.7 дугаар зүйлд заасны дагуу Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 1076 хоног хэтрүүлсэн байна. Удаа дараа зээлийн төлбөрөө төлөхийг сануулахад зээлээ төлөөгүй, утсаа авахгүй зээлийг хэзээ төлж дуусгах нь тодорхойгүй байсаар байна. Иймд 2016 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан 04/01 тоот зээлийн гэрээг цуцалж зээл, хүүгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах хүсэлтэй байна.

Зээлийн гэрээнд заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн дүн 6 000 000 төгрөг, хүүний төлбөр 11 196 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 805 326 төгрөг нийт 17 795 119 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол /14192/, Эрүүгийн гудамж 39 тоот хаягт байршилтай 49,47м2 талбайтай орон сууц зориулалттай үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлж зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээл 6 000 000 төгрөг дээр 9 сарын хүү 2 169 863 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүү буюу үндсэн хүүгийн 20 хувь болох 433 972 төгрөг, нийт 8 603 835 төгрөгийг 3 сард багтааж төлөх боломжтой байна. үүнээс бусад төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “РБ” ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 17 795 119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, 39 байр, 11 тоот орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч РБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй /хх-5-8/, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.

 

Д.Д нь РБ-тай 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр 4/01 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 6 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээ /хх-9-11х/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-15х/-гээр тогтоогдож байна.

Тус зээлийн үүргийг хангуулахаар РБ ХХК нь Д.Д-тай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, Д.Д-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-12-14, 16х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч РБ ХХК нь хариуцагч Д.Д-ыг гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

Зээлдэгч Д.Д нь Зээлийн гэрээний 4.1-д Зээлдэгч нь авсан зээлээ гэрээний Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу 4/01, 4/01-01 зээлийн гэрээний хавсралт 1, Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийн дагуу төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, Д.Д-ын зээл, хүүний тооцоо /хх-17х/ зэргээр тогтоогдож байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар хариуцагч тал маргаагүй.

 

Хариуцагч Д.Д нь зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн гэрээнд заасан хугацааны хүү, уг хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 3.1.2-д Нэмэгдүүлсэн хүү- үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх, Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцох бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно гэж тодорхойлон гэрээгээр нэмэлт хариуцлага хүлээлгэхээр талууд тохиролцсон байна.

Зээлийн гэрээний 5.2.2, 7.1-д зааснаар Зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг хавсралтад заасан хуваарьт хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгч Д.Даваажаргал нь зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул түүний дээрхи татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч РБ ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 9 989 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 805 326 төгрөг, нийт 17 795 119 төгрөгийг хариуцагч Д.Д-с шаардсан /хх-41-42х/ нь үндэслэлтэй байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу нэхэмжлэгч РБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Д.Д өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-аас 17 795 119 /арван долоон сая долоон зуун ерөн таван мянга нэг зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Д өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020825 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол /14192/, Эрхүүгийн гудамж 39 байрны 11 тоот 49,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч РБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 872 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 333 872 /гурван зуун гучин гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж РБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ОЮУНТУЯА