Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02186

 
 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02160 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******, Б.******* нарт холбогдох,

 

Хашаа, байшин, газар, үхрийн байр, 17 тооны үхрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

17 900 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч: Б.*******, С.*******

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Б.******* нь өөрийн найз Б.*******д ээж бид хоёрт маллах мал хэрэгтэй байна гэхээр нь өөрийн өмч, хөрөнгө болох ******* дүүрэг, 21 дүгээр хороо, Нарийний фермер, 8 дугаар гудамж, ******* хашаа, түүнд байрлах 7x8 хэмжээтэй байшин, 0.07 га газар, үхрийн байр, 14 толгой үхрийг 2017 оны 04 сард түр хугацаагаар хүлээлгэн өгсөн байдаг. Эдгээрийг түр хугацаагаар өгөхдөө хариуцагч нар үхрийг сааж сүүгээр нь амьдрах, мөн цалин хөлс өгөхгүйгээр тохирсон. Хариуцагч нар эдгээр эд хөрөнгө, малыг өөрийн эзэмшилдээ түр байлгаж байсан. Б.******* 2017 оны 04 сард Япон улс руу явсан бөгөөд буцаж ирээд мал ахуй, эд хөрөнгөө буцаагаад авъя гэхэд хариуцагч нар татгалзсан хариу өгдөг. Урьд нь хамтран ажиллаж байхдаа машин зассан болон өгсөн юмандаа тооцоод авна гээд маргаан үүсгэсэн. Эдгээр мал, эд хөрөнгө нь улсын малын тооллогод Б.*******ын болон түүний хадам аав, эмээгийнх нь нэр дээр тоологдсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Б.*******ын нэр дээр байгаа.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, С.******* нарын хууль бус эзэмшлээс 17 тооны үхэр, байшин, газар, үхрийн байр зэргийг чөлөөлж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэдний хооронд 23 000 000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, Б.******* бэлнээр авсан мөнгө байхгүй. Б.*******ын эхнэр н.*******д мөнгө өгсөн бол түүнээс мөнгөө ав. 5 адуу өгсөн гээд байна. Тэр адуу нь түүний адуу гэдгийг нотлох тооллогын баримт байхгүй. Хүн хөрөнгөө барьцаанд тавих эсэх нь өөрийнх нь асуудал. Б.*******ын дансаар 5 000 000 төгрөг орж ирсэн юм байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг машины зээл гэж орж ирсэн байгаа. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сэлбэгийн үнэ 100 000, 600 000 төгрөг, Нямаас 500 000 төгрөг гэсэн баримтууд байна. Худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж нотлогдохгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* 2017 оны 04 сард Б.*******т мал авах гэж байгаа тухайгаа хэлэхэд тэрээр үхэр, хашаа, байшингаа худалдах гэж байгаа талаар хэлсэн. Бид нар Нарийний фермер дээр очиж үхэр малаа үзэж, наймаа хийхээр болоод хашаа байшин, газар, үхрийн саравч, 14 тооны үхэр зэргийг 23 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, мөнгийг нь Б.******* цувуулж өгөхөөр болсон. Сүүг нь саагаад амьдрах тохиролцоо бол байгаагүй. Мал маллахад дан сүүг нь саагаад ашиг олоод амьдарна гэж байхгүй. Малын тэжээл, хариулга, арчилгаа их хэрэгтэй. 2017 оны 04 сарын 18-ны өдөр очиж 14 тооны үхрийг Б.*******ын ээж, ааваас нь авсан. Хашаа байшин, үхрийн саравч, 14 тооны үхрийг худалдаж авсан нь үнэн. Одоо 17 болсон. С.******* энэ хашаанд гэрээ бариад амьдарч байгаа. Байшин нь их хүйтэн байдаг болохоор амьдраагүй.

Гэнэт 2018 оны 04 сард буюу 1 жилийн дараа Б.*******ын эхнэр, аав н.Батбаяр нар ирж үхэр, хашаа, байшингаа авья гээд ирсэн. Б.******* нь нэг жилийн хугацаанд 17 900 000 төгрөгийг бэлнээр болон адуу мал, сэлбэг хэрэгслээр төлсөн.

Анх 5 адууг 5 000 000 төгрөгөөр тооцож, Б.******* нь 5 сайхан адууг шилээд аваад явсан. Б.*******ын эхнэр Солонгос улс руу явах гээд байна гээд 5 000 000 төгрөгийг дансаар нь авсан. Б.******* автомашин засварын төв ажиллуулдаг бөгөөд Тоёото харриер маркийн автомашины сэлбэгийг 2 600 000 төгрөгт тооцож өгсөн. Мөргөлдсөн Приус маркийн автомашиныг 500 000 төгрөгөөр, Тоёото раум маркийн автомашиныг 700 000 төгрөгөөр тус тус үнэлж, засаж өгсөн. Б.******* Япон Улс руу 2017 оны 10 сард яваад 11 сард ирэхдээ Тоёото марк икс маркийн автомашиныг задалж оруулж ирсэн ба Б.******* бүтэн угсраад, бүх юмыг нь янзлаад, будганд оруулаад 1 000 000 төгрөгөөр тооцсон. Тоёото рав 4 маркийн автомашины хойд нэмэлт 1 ш гэрлийг 120 000 төгрөгөөр, Приус 11 маркийн автомашины ком батарейг 400 000 төгрөгөөр, 1 толийг 80 000 төгрөгөөр бодож Б.******* авсан. Ингээд нийтдээ 3 500 000 төгрөгийг ажил үйлчилгээ, сэлбэгээр тооцож өгсөн. Б.******* нь надад хашаа байшингаа худалдсаны дараа хэлэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан байсан. Япон Улс явах үедээ наймааныхаа мөнгөнд тооцоод банкны зээлийн мөнгийг өгч байхыг Б.*******гээс гуйсан тул сарын 600 000 төгрөгийн зээлийн төлөлтийг 3 сарын хугацаанд хийсэн. Нийтдээ 17 900 000 төгрөгийг адуу, ажил үйлчилгээ, мөнгөн хэлбэрээр Б.*******т өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.*******, С.*******, Г.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнээс татгалзаж байгаа тул 17 900 000 төгрөгийг Б.*******аас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.*******, Б.******* нарын хууль бус эзэмшлээс хашаа байшин, газар, үхрийн саравч, 17 тооны үхэр зэргийг албадан чөлөөлүүлэх тухай Б.*******ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******аас 13 100 000 төгрөг гаргуулан С.*******, Б.******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас ******* дүүргийн 21 дүгээр хороо. Нарийн фермер 8 дугаар гудамжны *******од байрлах 7x8 хэмжээтэй байшин, 700м2 хэмжээтэй газар, хашаа, үхрийн байр, 17 тооны үхэр зэргийг гаргуулан Б.*******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нарын төлсөн 247 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******аас 223 450 төгрөг гаргуулан хариуцагч С.*******, Б.******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хариуцагч Б.*******, С.******* нараас "...5 адууны төлбөрт тооцсон 5 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус Б.*******ын ******* банк дахь дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, 500 000 төгрөг, Тоёото харриер маркийн автомашины сэлбэгийн үнийг 2 600 000 төгрөгт тооцож нийт 13 100 000 төгрөгийг..." Б.*******ын худалдсан ******* дүүргийн 21-р хороо, Нарийний фермер 8-р гудамжны *******од байрлах 0,7 га газар, 7x8 хэмжээтэй байшин, үхрийн байр, 17 тооны үхэр зэрэг эд хөрөнгийн төлбөрт өгсөн мөнгө биш юм. Харин Б.******* өөрийнхөө эзэмшлийн *******УНА улсын дугаартай subaru proster маркийн автомашиныг Б.*******гийн төрсөн аав Ю.*******д худалдсаны төлбөрт ирсэн 5 адуу, мөн өөрийн эзэмшлийн осолд орсон *******УБТ улсын дугаартай Тоёото харриер маркийн автомашиныг Б.*******гээр задлуулж эд ангийг нь сэлбэг хэлбэрээр авч явсан байдаг.

Нэхэмжлэгч Б.*******аас гаргуулахаар тогтоосон "...5 адууны төлбөрт тооцсон 5 000 000 төгрөг..." бол Б.******* өөрийн эзэмшлийн *******УНА улсын дугаартай Субару простер маркийн автомашиныг Б.*******гийн төрсөн аав Ю.*******д худалдсаны төлбөрт Б.*******гээр дамжиж ирсэн 5 адуу байгаа юм. Машин худалдсаны төлбөрт Б.*******гээр дамжиж Ю.*******гээс 10 тооны адуу ирсэн. Түүнээс 5 адууг нь Б.******* хүлээж авсан. Харин үлдсэн 5 адууг нь Б.******* өгөхгүй байгаа. Хэрэгт авагдсан адууны гэрэл зураг бол Б.*******гийн одоог болтол Б.*******т өгөхгүй байгаа адууны зураг байгаа. Б.******* анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Шийдвэр гарсны дараа хэргийн материалтай танилцаж ямар учиртай юун адуу малны зураг байгааг олж мэдсэн. Шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгч би адууг нь танихгүй мэдэхгүй учраас тодорхой тайлбар өгч чадаагүй. Б.*******ын эзэмшлийн *******УНА улсын дугаартай Субару простер автомашины улсын дугаарыг харуулсан гэрэл зургыг анхан шатны шүүхэд өгөхөөр олсон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.*******аас ...Тоёото харриер маркийн автомашины сэлбэгийн үнийг 2 600 000 төгрөгт тооцож..." гаргуулахаар заасан хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь *******УБТ улсын дугаартай осолд орсон Тоёото харриер машиныг Б.******* нь И.*******гээс 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 4 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Осолд орсон машин байсан учраас хурдны хайрцаг, хамгаалалтын хэрэгсэл зэрэг ашиглаж болох эд ангийг нь Б.*******гээр салгуулж, задлуулж авсан. Гэтэл Б.******* өөрийнх нь машин, сэлбэг байсан юм шиг тайлбар мэдүүлгээ өгснөөс шүүхийн шийдвэр буруу гарсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.*******аас гаргуулахаар тогтоосон 13 100 000 төгрөгнөөс 5 адууны төлбөрт тооцсон 5 000 000 төгрөг, Тоёото харриер маркийн автомашины сэлбэгийн үнэд тооцсон 2 600 000 төгрөг бүгд 7 600 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, С.******* нарт холбогдуулан хашаа, байшин, газар, үхрийн байр, 17 тооны үхэрийг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 17 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Маргааны зүйл болох ******* дүүргийн 21 дүгээр хороо, нарийн фермер, 8-*******од байрлах 700 м.кв бүхий газар, уг газарт байрлах 78 хэмжээтэй байшин, хашаа, үхийн саравч, 14 тооны үхэрийг нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч Б.*******, С.******* нарын эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь дээрх хөрөнгүүдийг түр хугацаагаар шилжүүлсэн гэж, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан гэх үндэслэлийг заан маргажээ.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар баримтаар нотлоогүй, харин хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг 23 000 000 төгрөгөөр, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцож, 17 900 000 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлан, Б.*******ын ******* банкин дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулж, гэрчээр М.*******, У.*******, Д.******* нарыг асуулгажээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үнэд 5 000 000 төгрөгөөр тооцож 5 адууг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг гэрч М.*******, У.******* нар мэдүүлсэн ба гэрчүүд нь гэр бүлийн гишүүн болон хамтын амьдралтай этгээдүүд байгаа боловч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг болон худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг хуульд заасан журмын дагуу сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Түүнчлэн зохигчдын өөрсдийнх нь гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5 адууг Б.*******гээс авахдаа түүний эцэг Ю.*******д автомашин худалдсаны төлбөрт тооцож авсан гэж тайлбарласан боловч ийнхүү бусдын өр төлбөрт харилцан тооцох талаар хариуцагч Б.*******тэй хэлцэл хийж, тохиролцсон гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй. Иймд хариуцагчаас 5 адууг 5 000 000 төгрөгт тооцож нэхэмжлэгч авсан гэх түүний тайлбарыг гэрч М.*******, У.******* нарын мэдүүлэгтэй харьцуулан үзвэл хариуцагчаас уг 5 адууг нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.******* нь иргэн И.*******гээс осолд орсон *******УБТ улсын дугаартай Тоёото харриер маркийн автомашиныг худалдан авч, Б.*******гээр задлуулж эд ангийг нь сэлбэг хэлбэрээр авсан гэж тайлбарлан хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн сэлбэгийн үнийг төлөхгүй гэж мэтгэлцсэн боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Талуудын хэн алины тайлбарыг харьцуулан дүгнэвэл сэлбэгийг шилжүүлэх үед дээрх автомашин буюу хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Б.*******гийн эзэмшилд байсан байх бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигчийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн автомашиныг өөрийн нь өмчлөлийн эд хөрөнгө байсан гэдэг нөхцөл байдлыг нотолж чадаагүй тохиолдолд уг автомашины өмчлөлийг эзэмшлээр нь тодорхойлж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Түүнчлэн Б.*******гийн эхнэр болох У.******* нь уг Тоёото харриер маркийн автомашиныг худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн талаар гэрчээр оролцохдоо мэдүүлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Иймд Б.*******гийн өмчлөлийн автомашинаас гаргаж авсан сэлбэгийн үнийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх ******* банк ХХК-аас ирүүлсэн Б.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үнэлж, Б.*******гээс 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 6 700 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлснийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр 5 500 000 төгрөг, 5 адууны төлбөрт тооцсон 5 000 000 төгрөг, автомашины сэлбэг 2 600 000 төгрөг нийт 13 100 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч Б.******* нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй болсон байна. Талуудын шүүхэд гаргаж буй тайлбар, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хэн аль нь гэрээнээс татгалзах буюу цуцлахыг харилцан зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлэн өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болох тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон 13 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******аас гаргуулж хариуцагч нарт олгож, хариуцагч нараас газар, хашаа, үхрийн саравч, 17 тооны үхэрийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь 2 дахь заалттайгаа зөрчилдөж байгаа учраас тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02160 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА