Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00694

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00694

 

 

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Асар пропертиз ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 18 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдулам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани нь 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А1/204 тоот гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хансвилл хотхонд байрлах А-1 байрны 1 дүгээр орц, 204 тоот 72,4 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-г 2 500 000 төгрөгөөр тооцож, 181 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Захиалагч Б.Энхсайхан би төлбөрөө бүрэн төлж байрандаа орсон бөгөөд Тоонто гранд ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 65.15 м.кв болж гэрээнд заасан хэмжээнээс 7.25 м.кв дутсан. Иймд талбайн үнийн зөрүү болох 18 125 000 төгрөгийг Л.Зоригтоос нэхэмжилж байна.

Байрны талбайн зөрүү гарсны дараагаас хариуцагч компани гэрээ цуцлах, шинээр гэрээ байгуулахыг шахаж эхэлсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэх баримтын тухайд байрны үнийн зөрүүг буцаан төлсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч компанийн талаас гарын үсгээ зурсан Л.Зоригт, Н.Баяржавхлан нар нь биднээс гэрээний дагуу мөнгийг хүлээн авч байсан, мөнгийг бүрэн төлсөн хэмээн орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгсөн байхад төлсөн баримтгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хансвилл хотхоны хөрөнгө оруулагч, уг барилгыг бариулсан компани нь Тектоник ХХК бөгөөд Хөрөнгө оруулат зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулсны үндсэн дээр Асар пропертиз ХХК-иар Хансвилл хотхоны орон сууцны борлуулалтыг гүйцэтгүүлэх, борлуулалтын орлогоос хамаарч тодорхой шимтгэлийг төлөх үүрэг хүлээсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний зүйлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206028389 дугаар гэрчилгээг нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлэн өмчлөлдөө авсан байдаг. Орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг Тоонто гранд ХХК-иар 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэмжилт хийлгэж мэдсэнээс хойш 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг Л.Ганзориг гэх хүний дансанд хийсэн гэх боловч баримт байдаггүй, мөн талууд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан А1/204 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож цуцлан дахин гэрээ байгуулсан, гэрээг цуцлах тухай мэдэгдэлд төлбөр тооцоотой холбоотой маргаан байхгүй талаар дурдаж, нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Асар пропертиз ХХК-иас 18 125 000 /арван найман сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 248 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчаас өөр хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...18 125 000 төгрөгийг Л.Зоригтоос нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү" гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл шүүх Иргэний хэрэг үүсгэхдээ Асар пропертиз ХХК-ийг хариуцагчаар татсан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчиж өөрийн санаачилгаар хариуцагчийг сольсон. /хх-15 хуудас/

Мөн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Уг нэмэлт өөрчлөлтөд "Иргэн Б.Энхсайхан иргэн М.Баяржавлхан нарын хооронд байр захиалан худалдан авах гэрээнд гарсан м2-ийн зөрүүг М.Баяржавхлан нь буцаан төлөхийг гэрчилж энэхүү гэрээгээр баталгаажуулж байна" гэсэн байдаг. /хх-11 хуудас/ Уг хэргийн хариуцагч "Асар пропертиз" ХХК нь маргаан бүхий орон сууцны ажлыг гүйцэтгээгүй зөвхөн худалдан борлуулах үүрэг хүлээсэн зуучлагчийн үүрэг хүлээсэн, м2-ийн зөрүүг барагдуулах үүрэг хүлээгээгүй. Бид "Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ"-гээр хариуцагч тал орон сууцны борлуулалтыг гүйцэтгэж, борлуулалтын орлогоос хувь шимтгэл авч байсан, маргааны гол зүйл болох м2-ийн зөрүүтэй холбоотой асуудлыг уг орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч компани болох "Тектоник" ХХК-ийн талаар дүгнээгүй. /хх-ийн 20-22 дахь тал/ Уг хэргийн жинхэнэ хариуцагч хэн болох нь эргэлзээтэй байхад дээрх байдлыг тодруулаагүй, энэ талаар дүгнээгүй гэж үзэж байна.

Асар пропертиз ХХК нь нэхэмжлэгчээс орон сууцны төлбөр хүлээн аваагүй: Анхан шатны шүүх ...А1/204 тоот гэрээгээр тохиролцсон талуудын хүсэл зориг биелсэн, нэхэмжлэгч Б.Энхсайхан орон сууцыг шилжүүлэн авч, мөнгийг бүрэн төлсөн байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: "Асар пропертиз" ХХК, иргэн Б.Энхсайхан нар 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба бэлтгэн нийлүүлэгч, захиалагч нарын орон сууц захиалан бариулахтай холбоотойгоор үүсэх эрх, үүрэг хүлээх хариуцлагын талаар тохиролцсон. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж заасан. Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, хэрэгт төлбөр төлсөн, хүлээн авсан хүлээлгэн өгсөн тухай баримт авагдаагүй, тооцоо бүрэн дууссан эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн: Нэхэмжлэгч "Тоонто гранд" ХХК-аар хэмжүүлэн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргуулсан, түүнээс хойш 2 жилийн дараа 2015 оны 05 сарын 27-ны өдөр шүүхэд хандсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацаа нэхэмжлэгчийн хувьд дууссан байхад анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнээгүй учраас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан 3 жилийн гомдлын шаардлага гаргах хугацаа хамаарахгүй юм. Орон сууцны талбайн хэмжээ нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй буюу далд дутагдал биш бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт "барилга байшингийн ийм дутагдал" гэж заасан нь дээрхтэй мөн адил хэвийн байдлаар хүлээн авахад илрүүлэх боломжгүй буюу далд дутагдалд хамаарах заалт юм. Нэхэмжлэгч нь орон сууцаа хүлээн авснаас хойш буюу 6 сарын дотор хэмжих хэрэгсэл бүхий этгээдээр шалгуулсан ч гомдол гаргаагүй 2 жил өнгөрсөн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Б.Энхсайхан шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг уг хуулийн 254 дүгээр зүйлд зааж өгсөн. Уг хуулийн 254.3-т зааснаар худалдан авагч уг эд хөрөнгийг доголдолтой гэж үзвэл хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан ч Б.Энхсайхан энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан: Анхан шатны шүүх "Хэдийгээр гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цуцласан тухай мэдэгдэлд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх боловч төлбөр авч байсан Н.Баяржавхлан байрны талбайн зөрүүг хариуцахаар тохиролцон талууд гарын үсэг зурсан, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн зэргээс үзэхэд гэрээг цуцласан гэж үзэх үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Баяржавхлан нь "Асар пропертиз" ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээд биш, төлбөр төлсөн болон хүлээн авсан нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээг цуцласан, нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс гэрээ цуцлагдаагүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч татгалзлаа нотолсон, хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан нь нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1-т зааснаар хариуцагчийн татгалзлыг нотолж буй баримтуудыг үнэн зөв үнэлсэн бол дээрх дүгнэлтүүдийг хийхгүй байсан. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэдэг ч үүнийгээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон дээрх тайлбарыг үндэслэн нотлох баримтын эргэлзээтэй байдал, бодит байдалд хэр нийцэж байгаа зэргийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхсайхан хариуцагч Асар пропертиз ХХК-д холбогдуулж гэрээнд зааснаас дутуу шилжүүлсэн орон сууцны талбайн зөрүү үнэд 18 125 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч Асар пропертиз ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А1/204 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны 101 дүгээр байрны 204 тоотод байрлах 72.40 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 2 500 000 төгрөгөөр тооцож, нийт 181 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч гэрээнд заасан 181 000 000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авах үүрэг тус тус хүлээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхсайхан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарладаг ба тэрээр 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнээр гэрээний заалт хэрэгжсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг орон сууцны талбайн хэмжээг Тоонто Гранд ХХК-иар хэмжүүлэхэд 7.25 м.кв-аар дутуу талбайтай байсан тул 7.25 м.кв-ын зөрүүг 2 500 000 төгрөгөөр тооцож, нийт 18 125 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Асар пропертиз ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг гэрээгээр тохирсны дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу м.кв талбайн үнийг буцаан төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Лэндс ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 64.77 м.кв болохыг тогтоосон боловч нэхэмжлэгч нь үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлээ өөрчлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Мөн гэрээний 1.3-т заасан тэнхлэгээс хэмжилт хийж талбайг хэмжих тухай талуудын тохиролцоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад нийцээгүй хүчин төгөлдөр бус болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэрээний талууд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцалсан тухай мэдэгдэл гэх баримт үйлдсэн байдаг /хх-ийн 158/ ба уг баримтыг үйлдсэн учир шалтгааныг нэхэмжлэгч ...метр квадрат дутуу байсан учир ирж гэрээ шинэчил гэсэн... тэгээд гарын үсэг зурсан... гэж тайлбарласныг /хх-ийн 159/ хариуцагч үгүйсгээгүй байхаас гадна ...худалдан авах гэрээнд гарсан м.кв-ын үнийн зөрүүг Н.Баяржавхлан нь буцаан төлөхийг гэрчилнэ гэсэн агуулга бүхий Гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн бичгийн баримтанд дурдагдсан Н.Баяржавхлан гэгч нь хариуцагч байгууллагад хамааралгүй гэж хариуцагч маргаагүй зэргээс үзэхэд хариуцагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу талбайтай орон сууцыг шилжүүлсэн болхыг нэхэмжлэгч мэдэж, энэ талаар маргаж байсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Орон сууцны өмчлөх эрх 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдэхээс өмнө буюу гэрээний зүйлийг нэхэмжлэгч хүлээн авахаас өмнө гомдлын шаардлага гаргаж байсан дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээргүй байна.

 

Гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс шаардах эрх үүсэхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан ба нэхэмжлэгч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасан шаардлага гаргаагүй энэ тохиолдолд мөн хуулийн 254.4 дэх хэсэгт заасан дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаан дотор шаардах эрхтэй гэж үзэхээр байх тул ...6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацаа нэхэмжлэгчийн хувьд дууссан... гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Л.Зоригтоос нэхэмжилж байгаа гэж бичсэн боловч хариуцагч нь Асар пропертиз ХХК болохыг тодорхойлсон, шүүх үүнийг тодруулсан /хх-ийн 160/ байхаас гадна нэхэмжлэгч нь Тектоник ХХК-тай гэрээ байгуулаагүй, уг компани нь гэрээний оролцогч биш тул шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг сольсон, жинхэнэ хариуцагч хэн болох эргэлзээтэй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр төлсөн эсэх талаар шаардлага гаргаагүй, хариуцагч төлбөрийн талаар болон гэрээ цуцлагдсан эсэх талаар сөрөг шаардлага гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй орхисныг нэмж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 248 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ