Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 82

 

Э.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1105 дугаар магадлалтай, Э.А-од холбогдох 1810009970752 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А-ын гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 301 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 343 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийг нэгж нэгтгэн, нийт 3 жил 4 сар 24 хоногийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн; Боржигон овогт Э А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-ыг 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Аринболдод оногдуулсан 6 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон нийт 261 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.А- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А- гаргасан гомдолдоо “прокурор Н.Пүрэвтогтох нь Ө.Шагдарсүрэн нялх хүүхэдтэй, чиний хэрэг Улсын дээд шүүхээс ял хүчингүй болохоор энэ хэрэг чинь нэгтгэгдээд 6 жилийн хорих ял авна. Ийм болохоор хэрэг хам битгий тат гэсний хүрээнд Ө.Шагдарсүрэнг орхисон байдаг хэдий ч тухайн гэмт этгээд нь хэрэгт нөлөөлж, хамтран оролцсон асуудлыг шударга ёсны хүрээнд шалгуулж, хуулийн дагуу хамтатган шалган шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг болно. Энэхүү асуудлыг анхаарч авч үзэн надад холбогдох гэмт хэргийг нэг бүрчлэн нягтлан хянаж өгөхийг хичээнгүйлэн хүсч чин санаанаасаа гомдол гаргаж байгаа болно. Хан-Уул дүүргийн шүүх 100 гаран сая төгрөгийн хохиролтой, олон холбогдогчтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 5-6 жилийн нээлттэй хорих ял өгч байхад, урьд өмнөх ял эдэлсэн байдлаар хүнийг ялгамжтай яллаж байгаа асуудалд маш их харамсаж яваа болно. Эрхэм шүүгч та бүхэн надад холбогдох гэмт хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзэж, шударга ёсны хүрээнд шийдвэрийг гарган өгч, хэргийн байдал болон ялын хэмжээг харгалзан авч үзэж урьдын хэрэг болох 171000000097 дугаартай хэрэгт сүүлд 2 жил нэмүүлсэн 1810009970752 дугаартай хэргийг нэмж нэгтгэн нэг удаагийн шийтгэх тогтоолд хамрагдах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө гэдэгт, маш их итгэл тээж энэхүү гомдлыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан болно. Хуулийн өмнө шударга ёсны хүрээнд гэм буруутай үйлдэлдээ тохирох хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа тул дээд шатны байгууллагад асар их итгэл өвөрлөн гагцхүү үнэн зөв бүхнийг дэлгэрэнгүй бичсэн болно. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ариунболдын 2018 онд хорих ангиас суллагдахдаа үйлдсэн хулгайн хоёр үйлдэл нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн. Урьдын шийтгэх тогтоол гарах үед хоёр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан бөгөөд тус үйлдлүүдийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй. Анхан шатны шүүхээс дээрх үйлдлүүдийн талаар ярьсан. Шийтгэх тогтоол гарсны дараа прокуророос сүүлд илэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлаж хэргийг шийвэрлэсэн нь хууль буруу хэрэглээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 15-549 тоотод оршин суух Н.Оюуны монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 39 инчийн “БСБ” маркийн зурагт, “NIKE” маркийн пүүз, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 414.000 төгрөгийн хохирол,

2018 оны 4 дүгээр сарын 11-17-ны хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17-328б тоотод оршин суух Г.Отгонтуулын амбаарыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, Л.Бат-Очирын үлдээсэн “Daewoo” загварын тээврийн хэрэгслийн салгаж тавьсан байсан нум 2 ширхэг, стачер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүн байнга амьдрах зориулалтын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.А- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Ө.Шагдарсүрэнг хамтран оролцсон асуудлыг шалган шийдвэрлүүлэх хүсэлтэй, өмнөх хэрэг болох 171000000097 дугаартай хэрэгт 1810009970752 дугаартай хэргийг нэмж нэгтгэн нэг удаагийн шийтгэх тогтоолд хамрагдах ёстой атал хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулан эрх зүйн байдлыг нь доройтуулж  байгаа тухай хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан нь өмнө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой агуулга давхцаж байх бөгөөд гомдолд хоёр шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий няцаалтыг удаа дараа өгч байжээ.

Мөн тухайн хэрэгт прокурорын дүгнэлт бичигдсэн боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 604 дүгээр магадлалыг хүчингүй болгож дээрх хэрэгт нэгтгэн шалгах хууль зүйн үндэслэлгүй талаар хяналтын шатны шүүх өмнө хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ  Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх болон дээрхийн адил бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.

Хэрвээ шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчилж хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Иймээс шүүгдэгч Э.А-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж буйг харгалзан энэ гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А- нь анхан шатны шүүх дээр өмнөх зарим үйлдлээ илчилж нэгтгэн шалгуулах, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн шатанд тэдгээрийг шалгаж тогтоох, хэрэгт нэгтгэх процессын эрх хэмжээ   шүүхэд олгогдоогүйгээс гадна энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд худал мэдүүлэг өгсөнтэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах боломжгүй шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар үнэлэн хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах үндэслэл гэж хүлээж авах бас боломжгүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хүсэлтийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН