Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01653

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.У нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.У хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан, даатгалын нөхөн төлбөрт 23 934 632 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Цолмонхүү, С.Буд нар 2017 оны 04 сарын 07-ны өдөр Хас банк ХХК-аас ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан. Тус зээлд хамрагдахдаа Т ХХК -тай 1201281027930 дугаар Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь жил бүр автоматаар сунгагдах нөхцөлтэй юм. Энэхүү даатгалын гэрээний хураамжийг 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөөр ирсэн ба манай зүгээс даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчилгүй хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2017 оны 08 сарын 24-ний өдөр Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор нас барсан тул даатгалын гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу хариуцагчид мэдэгдэж даатгалын тохиолдол үүссэн тул нөхөн олговор олгож өгөхийг хүссэн боловч даатгалын гэрээнд заасан тохиолдол биш байна гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Бид дээрх шийдвэрийг болон Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талууд гэрээний нөхцөлийг чөлөөт байдлын үндсэн дээр тодорхойлох, гэрээний стандарт нөхцөл нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, гэрээ болон хуулийн хэт нэг талын баримтлан өрөөсгөл тайлбарласан гэж үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.8.1-д даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээс үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасан байх бөгөөд 2017 оны 08 сард даатгуулагч Б.Цолмонхүү нас барсан тул тухайн үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 47 869 264 төгрөгийн Б.Цолмонхүүд ногдох хэсэг буюу 23 934 632 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Т ХХК нь 2017 оны 04 сарын 07-ны өдөр даатгуулагч Б.Цолмонхүүтэй 1201281027930 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай тодорхой төрлийн гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барсан нөхцөлд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцож байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 08 сарын 24-ний өдөр даатгуулагч Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан боловч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

Учир нь, гэрээний 2.1-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл гэж даатгалын гэрээний эрсдэлийг заасан бөгөөд энэхүү гэнэтийн ослын эрсдэл гэдэгт юуг хамааруулан ойлгож үзэхийг даатгалын гэрээний 1.3.9-д тодорхойлон заасан. Харин даатгуулагч Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан болох нь 2017 оны 08 сарын 24-ний өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн хүний их эмч н.Булганы бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн эхнэр О.У бичгээр өгсөн тайлбар, 0000182280 тоот нас барсны гэрчилгээ, даатгуулагчийн эхнэр О.У 2008 оны 01 сарын 26-ны өдрийн өргөдөл зэрэг баримтаар нотлогддог. Даатгуулагч Б.Цолмонхүүгийн нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл болох гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээний 1.3.5-д заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Б.Цолмонхүүгийн өвчний улмаас нас барсан тохиолдол нь 1201281027930 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 2.1.2.1-д заасан даатгалын эрсдэл, 1.3.9.1-1.3.9.5-д заасан даатгалын эрсдэлийн төрөлд хамаарахгүй болох нь баримтаар нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Даатгуулагч Б.Цолмонхүүгийн нас барсан шалтгаан болох нойр булчирхайн хорт хавдар өвчний хувьд гэнэт бий болдоггүй хүний амьдралын тодорхой хугацаанд үүсэж бий болдог өвчин болох нь нийтэд тодорхой ойлголт юм. Энэхүү нөхцөл байдал нь даатгалын гэрээний 3.2.15-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд шууд хамаарсан болно.

Иймд даатгуулагч Б.Цолмонхүү нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл болон архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо манай шийдвэрийг үндэслэлтэй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан Т ХХК -аас даатгалын нөхөн төлбөрт 23 934 632 төгрөг гаргуулахыг хүссэн О.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн гэрээ, ба түүнтэй холбоотой зохицуулалт, хуулийн зарчмыг баримтлалгүй гагцхүү даатгалын гэрээнд заагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь, Иргэний хуульд гэрээнд оролцогч талуудын чөлөөт байдлын зарчим, гэрээний стандарт нөхцөл түүнийг тайлбарлах зохицуулалтыг оруулсан ба нэхэмжлэгчийн зүгээс дээрх тайлбарыг гаргасаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг ханаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Удвал хариуцагч Т ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 23 934 632 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Цолмонхүү, О.Удвал нар Хас банк ХХК-аас 55 370 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан, үүнтэй холбоотойгоор Б.Цолмонхүү Т ХХК -тай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч Б.Цолмонхүү даатгалын хураамжийг төлж, зээлийн төлбөр тасалдлыг даатгуулсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар талийгаач Б.Цолмонхүүгийн эхнэр О.Удвал нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Даатгалын гэрээний гол зүйл нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл бөгөөд дээрх тохиолдолд даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх ба даатгалын эрсдэл нь гэнэтийн осол байна. Өөрөөр хэлбэл гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал даатгалын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар даатгуулагч Б.Цолмонхүү нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2017 оны 08 сарын 24-ний өдөр нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. Нойр булчирхайн хорт хавдар нь гэнэтийн осолд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв ба энэ талаар гаргасан хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Дээрхээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж нь О.Удвалаас олгосон итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлоо дэмжиж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс С.Үлэмжид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссантай холбоотойгоор нэхэмжлэгч О.Удвалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч О.Удвал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР