Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/01314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,  

Даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, нарийн бичгийн дарга С.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2014 онд миний үйлчлүүлэгч нь гэр бүлийн хүний хамт “Хас Банк” ХХК-тай харилцан тохиролцож, Ипотекийн зээлийн гэрээний үндсэн дээр орон сууц худалдан авсан бөгөөд Монгол Банкнаас гаргасан журмын дагуу “Б” ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ипотекийн зээлд хамрагдахдаа “Б” ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын 1201281027930 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ нь жил бүр автоматаар сунгагдах нөхцөлтэй юм.

Энэхүү гэрээний дагуу миний үйлчлүүлэгчид даатгалын хураамжийг 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөөр байгаа ба манай зүгээс даатгуулагчийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчилгүй хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор нас барсан бөгөөд манай зүгээс даатгалын гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу даатгалын байгууллагад энэ тухай мэдэгдэж даатгалын тохиолдолд үүссэн тул даатгалын нөхөн олговрыг олгож өгөхийг хүссэн. Гэвч хариуцагч байгууллагын зүгээс “Даатгалын гэрээнд заасан тохиолдолд биш байна” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Бид дээрх шийдвэрийг болон Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талууд гэрээний нөхцөлийг чөлөөт байдлын үндсэн дээр тодорхойлох, гэрээний стандарт нөхцөл нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, гэрээ болон хуулийн хэт нэг талын баримтлан өрөөсгөл тайлбарлаж байна гэж үзэж байна.

Мөн түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.8.1 дэх хэсэгт “Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээс үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар нөхөн төлбөр олгоно” гэж заасан байх бөгөөд 2017 оны 8 сард даатгуулагч Б.Цолмонхүү нас барсан тул тухайн үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 47,869,264 төгрөгийн Б.Цолмонхүүд ногдох хэсэг буюу 23,934,632 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Хас банк” ХХК-ийн зээлдэгч Б.Цолмонхүүтэй 5130139869 тоот ипотекийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар тухайн гэрээ жил бүр шинээр сунгагдах нөхцөлтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Б.Цолмонхүүтэй жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдөр зохих даатгалын гэрээг байгуулж, тодорхой төрлийн эрсдэлээс хамгаалж даатгахаар тохиролцсон.

Ингээд “Б” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр даатгуулагч Б.Цолмонхүүтэй 1201281027930 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай тодорхой төрлийн гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барсан нөхцөлд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцож байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр даатгуулагч Б.Цолмонхүү нь “Нойр булчирхайн хорт хавдар” өвчний улмаас нас барсан боловч 1201281027930 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүхий дараах нөхцөл байдал бий болсон. Үүнд:

Даатгуулагч Б.Цолмонхүүтэй 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1201281027930 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-г байгуулахдаа 2 дугаар зүйлийн 2.1.2-д “Зээлийн төлбөр тасалдлын хувьд дараах эрсдэлээс даатгана. Үүнд: 2.1-д “Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл” гэж даатгалын гэрээний эрсдэлийг заасан бөгөөд энэхүү гэнэтийн ослын эрсдэл гэдэгт юуг хамааруулан ойлгож үзэхийг даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д “Гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, г.м үед тохиолдсон осол/; зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол; даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл; байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол; гуравдагч этгээдийн буруутай үйлдлийг тус тус ойлгохоор заасан.

Харин даатгуулагч Б.Цолмонхүү нь “Нойр булчирхайн хорт хавдар” өвчний улмаас нас барсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн поликлиникийн хүний их эмч н.Булганы бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн эхнэр Аын бичгээр өгсөн тайлбар, 0000182280 тоот нас барсны гэрчилгээ, даатгуулагчийн эхнэр Аын 2008 оны 1 дүгээр сарын 26-ны өргөдөл зэрэг баримтаар нотлогддог.

Даатгуулагч Б.Цолмонхүүгийн “Нойр булчирхайн хорт хавдар” өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл болох гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.5-д “Даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулсан зүйлд учирсан хохирол, даатгалын гэрээнд тохиролцсон нөхцөл бүрдэхийг” гэж заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Б.Цолмонхүүгийн өвчний улмаас нас барсан тохиолдол нь 1201281027930 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний 2.1.2.1-д заасан даатгалын эрсдэл, 1.3.9.1-1.3.9.5-д заасан даатгалын эрсдэлийн төрөлд хамаарахгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гээд 8.5.3-д “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан ” гэж болон даатгалын гэрээний 3.1.9-д “Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол” гэж тус тус заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Даатгуулагч Б.Цолмонхүүгийн нас барсан шалтгаан болох “Нойр булчирхайн хорт хавдар” өвчний хувьд гэнэт бий болдоггүй хүний амьдралын тодорхой хугацаанд үүсэж бий болдог өвчин болох нь нийтэд ойлголт юм. Тодруулбал, хүн ямарваа нэг хорт хавдрыг ханиад томуутай адил гэнэт тусдаггүй, харин амьдралын удаан хугацааны явцад хүний биед үүсэн бий болж архагшин хүндэрч, тухайн өвчний хүндрэл, эрсдэл үүсгэдэг байхаар байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хорт хавдар өвчин нь удаан хугацааны явцад үүссэн архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй өвчин эмгэг болох нь нийтэд илэрхий үйл баримт байхаар байна.

Энэхүү нөхцөл байдал нь 1201281027930 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: гээд 3.2.15-д “Архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт, зүрхний шигдээс, цус харвалт” гэж заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд шууд хамаарсан болно.

Ддаатгуулагч Б.Цолмонхүүгийн эхнэр болох А нь Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар урьдчилан шийдвэрлэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 9/1944 албан тоотоор “даатгуулагч Б.Цолмонхүүгийн нас барсан шалтгааныг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн онош, дүгнэлтээр нойр булчирхайн хорт хавдрын улмаас гэж тогтоосон байх бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын 1201281027930 тоот гэрээний 3.2-т “Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохирол нөхөн төлбөр олгохгүй” хэсгийн 3.2.15-д “Архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт,..” гэж заасны дагуу даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн.

Иймд даатгуулагч Б.Цолмонхүү нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл болон архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо манай шийдвэрийг үндэслэлтэй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч “Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Цолмонхүү нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Б” ХХК-тай 1201281027930 дугаартай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, орон сууц худалдан авахад зориулан “Хас банк” ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1250013993 тоот зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч Аын хамт авсан 55,370,000 төгрөгийн зээлийн төлбөр тасалдлыг даатгуулсан ба даатгалын үнэлгээг 48,906,572.73 төгрөгөөр тохирч, даатгалын хураамжид 53,797.23 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т зааснаар хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагджээ.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 Талууд даатгалын гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаанд даатгуулагч нас барсан байдал, нөхөн төлбөрийн хэмжээ, хураамж төлөгдсөн эсэх болон даатгуулагч Б.Цолмонхүү нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан, А нь түүний хууль ёсны өв залгамжлагч мөн эсэх зэрэгт маргаагүй.

 

Харин даатгуулагч нь гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлийн улмаас нас барсан эсэхэд талууд маргасан ба хариуцагч “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Даатгалын гэрээ /2.1.2.1/-ээр даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барснаас зээлийн төлбөр тасалдах эрсдэлийг даатгасан байх бөгөөд гэнэтийн ослыг даатгуулагчийн амь насанд хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй “1. ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, гэх мэт үед тохиолдсон осол/, 2. зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол, 3. даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл, 4. байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол, 5. гуравдагч этгээдийн буруутай үйлдэл” гэж тодорхойлсон байна. /гэрээний 1.3.9/

 

Даатгалын эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй буюу даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар тохиолддог үйл явдал байдаг учир талуудын гэрээгээр тохирсон эрсдэлийн улмаас даатгуулагч нас барснаар даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлийг даатгалын тохиолдол бий болсон гэж ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцөлийг хамааруулж, хамтад нь даатгалын тохиолдол гэх ойлголтыг тодорхойлдог тул даатгуулагч нас барсан боловч юунаас шалтгаалсан гэдгийг тогтоох нь даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэх үндсэн нөхцөл юм. 

Хэрэгт авагдсан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Пүрэвжавын “...Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар элгэнд үсэрхийлэлтэй 3 дугаар үе гэж 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр оношлогдож, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Тухайн үйлчлүүлэгч эмчлүүлэх явцдаа хорт хавдрын үеийн химийн эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно” гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 119 тоот албан бичиг, тус эмнэлэгт Б.Цолмонхүү 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны хооронд, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 14-ны хооронд тус тус хэвтэн эмчлүүлсэн тухай 112, 44/445, 6653/90 тоот өвчний түүхүүд, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн дэд захирал С.Хүрэлсүхийн “Б.Цолмонхүү нь тус төвд нойр булчирхайн толгойн өмөн оноштой 2017 оны 2 дугаар сарын 08-аас 2017 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл өдрийн Химийн эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 18-нд Хөнгөвчлөхийн кабинетд тус тус үзлэгт орсон” гэсэн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 02/323 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Б.Цолмонхүүгийн 995 тоот өвчний түүх, Ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад “Б.Цолмонхүү 51/эр, нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан” гэсэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Булганы 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан “гэнэтийн осол” бус харин өвчлөл, түүний хүндрэл байсан нь тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

“Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж болно” гэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд “Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулахыг хүссэн Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан “Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулахыг хүссэн Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,912 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА