Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00820

 

****ын нэхэмжлэлтэй

                                                                                      иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1653 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан “ **** Даатгал” ХХК-аас ****ын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулахыг хүссэн ****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1653 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд ****ын гэрээний харилцаа үүссэн гэдгийг тодорхойлсон хэр нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэдэгт ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй миний үйлчлүүлэгчийн эрх байдлыг дордуулж байна. Гэрээний ерөнхий зарчмын хувьд гэрээгээр хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн агуулгын хүрээнд гэрээнд тайлбарлах ёстой байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх тухайн нөхцөлд дүгнэлт өгөөгүй нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндсэн зарчмыг ханаагүй байна. Мөн нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хангасан хэр нь хариуцагчаас устгалд оруулсан гэх тайлбараар хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн цуглуулах болон талуудад тэгш мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** Даатгал” ХХК-аас ****ын нөхөн төлбөрт 23,934,632 төгрөг гаргуулахыг хүссэн ****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017.08.24-ний өдөр даатгуулагч Б.Цолмонхүү нь нойр булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор нас барсан тул ****ын гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу хариуцагчид мэдэгдэж ****ын тохиолдол үүссэн тул нөхөн олговор олгож өгөхийг хүссэн боловч ****ын гэрээнд заасан тохиолдол биш байна гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. ...даатгуулагч Б.Цолмонхүүд ногдох хэсэг буюу 23,934,632 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “ **** Даатгал” ХХК “...даатгуулагч Б.Цолмонхүү нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан тохиолдол нь 1201281027930 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын ****ын гэрээний эрсдэлийн төрөлд хамаарахгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд даатгуулагч Б.Цолмонхүү нойр булчирхайн хорт хавдрын өвчний улмаас нас барсан нь ****ын гэрээний зүйлд хамаарах эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. “ **** Даатгал” ХХК, Б.Цолмонхүү нар 2014.04.07-ны өдөр 1201281027930 дугаартай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын ****ын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр орон сууц худалдан авахад зориулан “Хас банк” ХХК-аас 2014.04.03-ны өдрийн 1250013993 тоот зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч ****ын хамт авсан зээлийн төлбөр тасалдлыг даатгуулж, үнэлгээг 48,906,572.73 төгрөгөөр тохирчээ. 

11.1. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан ****ын гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал ****ын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгагчид ****ын гэрээнд заасан нөхөн төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүснэ. 

11.2. Даатгалын гэрээний 1.3.9-д “...гэнэтийн осол гэж “даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно. Үүнд: 1.3.9.1. Ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, гэх мэт үед тохиолдсон осол/, 1.3.9.2. Зам тээврийн болон бусад тээврийн осол, гэмтэл, 1.3.9.3. Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл, 1.3.9.4. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол,” 1.3.9.5. Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл гэж гэрээний нэр томьёог ойлгохоор нэрлэн заасан бөгөөд гэрээний 3.2.15-д “архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт, зүрхний шигдээс, цус харвалт”-ын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй талаар талууд тохиролцжээ. 

12. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар даатгуулагч Б.Цолмонхүү нь ****ын гэрээний хугацаанд буюу 2017.08.24-ний өдөр нойр булчирхайн хорт хавдар өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. 

13. Нойр булчирхайн хорт хавдар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3.9-д заасан гэнэтийн ослын ойлголтод хамаарахгүй байх тул хоёр шатны шүүхийн “ ****ын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй” талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байхаас гадна гэрээний 3.2.15, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасантай нийцжээ. 

14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01314 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1653 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ