Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00946

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00946

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нт холбогдох

 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэрээр Л.Г, Л.Гантуяа, Б.Бямбажав нараас 146 430 556 төгрөгийг гаргуулж Платин капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 568 299 206 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/19348 дугаартай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвөөс холгүй цэвэр агаарт байрладаг, халаалт болон бохирыг орчин үеийн дэвшилтэт технологиор төгс шийдсэн оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан тансаг зэрэглэлийн хаус юм. Иймд Вендо ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах улсын эрхийн Ү-00000 дугаартай000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 568 299 206 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэрээр Л.Г, Л.Гантуяа, Б.Бямбажав нараас 146 430 556 төгрөгийг гаргуулж Платин капитал ББСБ-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18290221/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18290221/04 дүгээр тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 008 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилоход 568 299 206 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/19348, 4/19347 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 008 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Вендо ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Олхонууд овогт Лхагважавын Г /ЧМ73042511/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/15050 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00358 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд

Шийдвэрт ... хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан хөрөнгийн үнэлгээний хандлагыг ашиглан хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, зах зээлийн хандлагаар тодорхойлов гэжээ. Гэтэл Вендо ХХК нь зах зээлийн үнэлгээгээр үнэлээгүй ба хэт доогуур үнэлсэн уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь өөрөө 1 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгддэг. Нэгэнт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримталж томилсон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй гарсан. Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Г хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Б.Бямбажав, Л.Г, Л.Гантуяа нараас 146 430 556 төгрөг гаргуулж, Платин капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 598 807 төгрөг болон 33 135 770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-10 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Н явуулж 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах000,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна. /хх-ийн 50-51, 62-63 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцоогүйгээс Н 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолоор Вендо ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эийн зам 00/6-3 тоот хаягт байрлах000,3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь 568 299 206 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 70, 74-82 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан бөгөөд Вендо ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Эийн зам 00/6-3 тоотод байрлах000.3 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг захиалагчийн гаргаж өгсөн болон өөрсдийн олж тогтоосон мэдээлэлд тулгуурлан Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж үнэлгээний тайланд тодорхой тусгасан байна. /хх-ийн 75-82 дугаар тал/

 

Вендо ХХК-аас гаргасан хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд Вендо ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО