Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 358

 

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/00358

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун хотхон 106-р байрны 20 тоотод оршин суух, О овогт Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Үндсэн хуулийн гудамж-3, Н-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183\ШШ2017\01213 дугаар шийдвэрээр Л.Г, Л.Г, Б.Бнараас 146.430.556 төгрөгийг гаргуулж “П” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 568.299.206 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Н-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4\19348 дугаартай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвөөс холгүй, цэвэр агаарт байрладаг, халаалт болон бохирыг орчин үеийн дэвшилтэт технологоор төгс шийдсэн оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан тансаг зэрэглэлийн хаус юм. Иймд Венд ХХК-ний Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам 27\6-3 тоот хаягт байрлах улсын эрхийн Ү-2206024201 дугаартай 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 568.299.206 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183\ШШ2017\01213 дугаар шийдвэрээр Л.Г, Л.Г, Б.Б нараас 146.430.556 төгрөгийг гаргуулж “П” ББСБ-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам ... хаягт байрлах,  эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам ...тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18290221\01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18290221\04 дүгээр тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилоход 568.299.206 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4\19348, 4\19347 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ201701213 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Вендо” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч Л.Г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүхийн ажиллагааны баримтууд болон хариуцагчийн хариу тайлбартай танилцаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр Б.А гурван жилийн хугацаагаар олгосон байна /хх-1, 90, 91, 92/.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарч хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар хуралдааныг 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулсан байна /хх-88, 95-97,101-102/.

 

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ...миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг бичгээр гаргаж шүүх хуралдаанд ирээгүй /хх-105/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Л.Г нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1818 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01634 дүгээр тогтоолоор 146.430.556 төгрөгийг “ББСБ” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Н нь шүүхээс олгосон гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож нэхэмжлэгч маргаагүй /хх-34-37, 38-40, 41-43/.

 

Нэхэмжлэгч Л.Г болон хамтран хариуцагч Л.Г, Б.Б нар “П ББСБ” ХХК-д төлбөр төлөхөөр гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-44/.

 

Төлбөр төлөгч Л.Г, Л.Г, Б.Б нар төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлөөгүй тул барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18290221/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулан хураах тухай тогтоол 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна /хх-50-51,62-63/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам 27/6-3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024201 дугаартай, 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Вендо” ХХК-ийг томилсон байна /хх-70/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Вендо” ХХК нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам 27\6-3 тоот хаягт байрлах,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024201 дугаартай 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний олон улсын стандартын дагуу хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, зах зээлийн хандлагаар 568.299.206 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-74-83/.

 

Харин нэхэмжлэгч Л.Гнь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч Л.Г, Л.Г,Б.Бнар шүүхийн шийдвэрээр баталгаажсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Н барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Н нь үнэлгээ тогтоосон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулсан, нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байна /хх-86, 1/.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1818 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01634 дүгээр тогтоолоор 146.430.556 төгрөгийг П ББСБХХК-д төлөх үүрэг хүлээсэн этгээдүүд нь Л.Г, Л.Г,Б.Бнар байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бүрэн төлөөлөх, гомдол гаргах эрхийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Л.Ганхуягт гурван жилийн хугацаагаар төлбөр төлөгч Л.Гантуяа, Б.Бямбажав нар олгосон байна /хх-58/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Вендо” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч О овогт Л.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/15050 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.Я