Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00647

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 946 дугаар магадлалтай,

Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэрээр Л.Г-, Л.Г-, Б.Б- нараас 146.430.556 төгрөгийг гаргуулж Платин капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 4-р хороо Нүхтийн зам 27/6-3 тоотод байрлах, 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 568.299.206 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/19348 дугаартай мэдэгдлийг 2018 оны 11 сарын 27-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвөөс холгүй цэвэр агаарт байрладаг, халаалт болон бохирыг орчин үеийн дэвшилтэт технологиор төгс шийдсэн оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан тансаг зэрэглэлийн хаус юм. Иймд Вендо ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 568.299.206 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018 оны 01 сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/6-3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 6 сарын 14-ний өдрийн 18290221/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 18290221/04 дүгээр тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 278 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилоход 568.299.206 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 4/19348, 4/19347 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Вендо ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Лхагважавын Ганхуяг /ЧМ73042511/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 946 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 946 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд магадлалд “...эрхгүй талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь энэ тал дээр маргаагүй ба Вендо ХХК нь үндэслэл бүхий хөрөнгийн үнэлгээ хийж чадаагүй хэмээн маргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-д заасныг баримталж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу томилсон шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн судалгаанд тулгуурлаагүй буюу үндэслэл бүхий гарч чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Г-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Л.Г-, Б.Б-, Л.Г- нараас 146.430.556 төгрөг гаргуулж Платин капитал ББСБ ХХК-д олгох Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрт заасны дагуу барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 27/6-3 тоот хаягт байрлах  372.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа хийжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж тус тус заасан байна. Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь тогтоогдсон бөгөөд хариуцагч шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэ 568.299.206 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааг зарлаж, энэ талаар нэхэмжлэгч Л.Г- болон бусад төлбөр төлөгч нарт мэдэгджээ. Л.Г- нь бусад төлбөр төлөгч болох Б.Б-, Л.Г- нарыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, гомдол гаргах эрхтэй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Г- уг хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.

Шинжээчээр ажилласан Вендо ХХК нь хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу олон улсын болон үндэсний стандартыг баримталсан, үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00358 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 946 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Л.Г- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ