Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00934

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00934

 

 

Д.Бямбабазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Бямбабазарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Солонгод холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Хишигжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Бямбабазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Бямбабазар нь хариуцагч Л.Солонготой 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй зээлүүлсэн. Хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 281 хоног хугацаа хэтэрч алдангийн төлбөр 28 100 000 төгрөг болсон байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул алдангийн хэмжээг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувь буюу 10 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Л.Солонго нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлж, төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул шүүхэд хандах, цаашлаад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага үүсч өмгөөлөгч М.Баянзултай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль ёсны эрх ашгаа хамгаалах шаардлага бий болсон. Энэ нь хариуцагчийн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэний улмаас нэхэмжлэгч талд учирсан хохирол болох тул өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс болох 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.Солонгоос 35 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Л.Солонго нь өөрийн танил Б.Хишигсүрэнгийн хүсэлтийн дагуу 20 000 000 төгрөгийг дансаараа дамжуулан авсан. Мөн Л.Солонго зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч, гэрээг дураараа хийгээгүй, уг мөнгийг өөрөө хэрэглээгүй нь үнэн юм. Нэхэмжлэгч Д.Бямбабазар нь бодит байдал дээр жинхэнэ зээлдэгч нь Л.Солонго биш Б.Хишигсүрэн гэдгийг мэдэж байсан. Б.Хишигсүрэн өөрөө төлбөрийг бүрэн хариуцна гэдгээ нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Мөн Б.Хишигсүрэнд мөнгийг данснаасаа гаргаж өгснийг н.Энхтайван, н.Отгонбаяр, н.Оргилжав нар сайн мэднэ. Иймд Л.Солонго мөнгийг авч зарцуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Солонгоос 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбабазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Солонгоос 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбабазарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч Л.Солонго нь өөрийн танил Б.Хишигсүрэнгийн хүсэлтийн дагуу 20 000 000 төгрөгийг дансаараа дамжуулан авсан. Мөн Л.Солонго зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч, гэрээг дураараа байгуулаагүй, уг мөнгийг өөрөө хэрэглээгүй. Хариуцагч Л.Солонго зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэрээр төлбөр хариуцна гэж бодоогүй, тухайн үед Б.Хишигсүрэнд бүрэн итгэсэн. Мөн Б.Хишигсүрэнд мөнгийг данснаасаа гаргаж өгснийг н.Энхтайван, н.Отгонбаяр, н.Оргилжав нар гэрчилнэ. Мөн Б.Хишигсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож, төлбөрийг өөрөө хариуцах талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүх Л.Солонго жинхэнэ хариуцагч биш байхад уг зээлийн гэрээний үүргийг хариуцуулахаар шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Бямбабазар нь хариуцагч Л.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийн мөнгийг Б.Хишигсүрэн авсан тул төлбөрийг хариуцан төлнө гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ багасгаж, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон байна.

 

Зохигчид 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Бямбабазар нь Л.Солонгод 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 20 000 000 төгрөгийг хүүгүй зээлүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 16 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Д.Бямбабазар нь хариуцагч Л.Солонгоос Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талууд гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан, уг гэрээ бодитоор биелэгдсэн гэрээ байна. /хх-ийн 18 тал/

 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Л.Солонго зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо өөрөө шийдвэрлэх эрхтэй тул үүнийг хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шууд учирсан хохиролд тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч Л.Солонго давж заалдах гомдолдоо ...дээрх зээлийн мөнгийг бусдад дамжуулан өгснийг нэхэмжлэгч мэдэж байгаа тул би хариуцан төлөхгүй гэсэн үндэслэл зааж байгаа боловч дээрх үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд хариуцагч Л.Солонгоос үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин хариуцагч Л.Солонго өөрийн эрх, ашгийг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Л.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО