Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01394

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01394

 

 

 

 

С.Чинбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00923 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Чинбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Цэнд-Аюушт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттайгаар учирсан хохирол 5 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэжлэгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Чинбат шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Цэнд-Аюуштай 2015 оны 5 дугаар сард анх уулзаж хатгамлын машин байгаа гэдгээ хэлээд түүнээс хойш Б.Цэнд-Аюуш нь хэд хэдэн удаа ирж үзэж харж байгаад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар 15 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа төлбөр байхгүйгээр төлбөрийг сар бүр 625 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон ба ямар нэгэн хүү, алданги тооцохгүйгээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хатгамлын машиныг хүйтэнд асаах боломжгүй байсан учраас мэргэжлийн хүмүүсээс асааж болох уу гэж асуухад асааж болохгүй гэж хэлсэн. Б.Цэнд-Аюушт хатгамлын машинаа дулаан газар хоёр гурван хоног хонуулаад асаагаарай гэж хэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын дундуур Б.Цэнд-Аюуш хатгамлын машиныг авч явсан.

Түүний дараа 2015 оны 5 дугаар сард над руу хатгамлын машинаа хүнээр үзүүлээд өг гэхэд нь н.Ганбаатар гэх хатгамлын машины засварчинг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэхэд 2015 оны 7 дугаар сард дэлгэцийг нь засуулж өгсөн. 2015 оны 9 дүгээр сард дахин залгаж н.Ганбаатартай уулзуулаад өг гэхэд н.Ганбаатарт хэлж уулзуулсан.

Гэрээнээс гадна машины урсгал үйлчилгээ, тосолгоог нь хийдэг засварчныг нь олж өгье гэхэд засварын зардлыг Б.Цэнд-Аюуш хариуцахаар тохиролцсон. Худалдсан мөнгөө авах гэж залгахад н.Ганбаатар гэдэг залуутай хэл амаа ололцохгүй байна гэсэн хариу хэлсэн. Үүний дараагаар би утасны зүү дагалдах хэрэгслийг нь бүгдийг нь өгсөн. Түүнд эвдрэлтэй хатгамлын машин зараагүй. Зарах үед ямар нэгэн эвдрэл байгаагүй. Засварчин зааж өгсөн учир нь урсгал тосолгоо, үйлчилгээ хийхэд мэргэжлийн хүн гэж л хэлж өгсөн. Эхний 10 сарын төлбөр болох 6 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цэнд-Аюуш түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Бараа бүтээгдэхүүн худалдан, худалдан авах гэрээний шаардлага хангагдаж, машин ажиллаад эхлэх юм бол энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Гэвч уг гэрээ хангагдаагүй учраас ямар ч төлөх боломж үүсээгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь танилцуулсан засварчинтай гэрээ хийе, засаад өгөөч гэхэд засаж өгөөгүй, 250 000 төгрөг бэлнээр аваад явсан. Энэ байдлаа С.Чинбатад танилцуулахад чи ямар сонин юм гээд утсаар учиргүй загнаад байсан тул айгаад ахиж ярьж чадаагүй. Дараа нь би бичгээр надаас ийм зардлууд гараад байна хоёулаа худалдах-худалдан авах гэрээгээ болих юм уу гэхэд шүүхээр шийдүүлье гэсэн. Гэрээгээ хангавал би машинаа засуулаад мөнгөө төлбөл төлнө, гэрээгээ хангаж чадахгүй бол би мөнгийг нь өгч чадахгүй. Шинжээч машиныг засах боломжтой засварын хөлс 800 000 төгрөг орчим болох байх гэсэн. Засварчны бэлд гэсэн бүх материалыг бэлдээд тавьсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ачилт бол 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийгдсэн. Машиныг тухайн үед ажиллуулах боломжгүй, халаалттай байранд багтахгүй байсан учир халаалтгүй айлын байшинд цонх ханыг нь нурааж байгаад оруулаад буцаагаад ханыг нь шавардсан. Оруулчхаад царцуу машиныг асаах боломжгүй, галлагаа хийгээд ч боломжгүй гэсэн учраас 5 сард гэсээд ирэхээр нь засварчинг дуудаад үзүүлтэл дэлгэц нь эвдэрсэн байна гэсэн. Тэгээд С.Чинбатад хэлэхэд 2016 оны 7 дугаар сарын сүүлчээр дэлгэцийг нь засаж өгсөн. н.Ганбаатар ирж үзээд дэлгэц нь ажиллаж байна гээд явсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр засвар хийхээр болсон ч одоо хүртэл засаагүй.

Мөн анх гэрээ байгуулахад ажиллах ямар ч боломжгүй эвдэрхий, Монголд уг машиныг засварладаг хүн ч байхгүй хэрэглэгдэх боломжгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэгэнт ямар ч ашиглагдах боломжгүй техникийг худалдаж авна гэдэг нь ойлгомжгүй. Тэгээд ч гэрээний зорилго нь хатгамлын машиныг ажиллуулан олсон орлогоороо төлбөрийг гүйцэтгэхээр тохирсон ба огт ажиллах боломжгүй машиныг надад хууран мэхэлж өгсөн байна. Иймд худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хадгалалтаас үүссэн хохирол 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үед доголдолтой байх юм бол доголдолтой гэж үзэхээр тайлбарласан байдаг. Тэгэхээр бодит байдал дээр эд хөрөнгө шилжүүлэх үед доголдолтой байсан ба худалдагч тал доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй. Хуульд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан этгээд доголдлыг засахаар тохиролцоогүй тохиолдолд худалдагч тал энэ үүргийг биелүүлдэг. Тохиролцооны зүйл нь худалдан авагч тал тухайн техникийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалтаараа төлбөрөө хэсэгчлэн хийхээр тохирсон байна. Гэтэл тухайн техник нь өнөөдрийн байдлаар өдөр бүр муудан зэвэрч байгаа, ямар ч ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдсан төмрийн хаягдал гэж үзэхээр байна. Ийм төрлийн хатгамлын машин 20 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хатгамлын машин нь 24 зүүтэй 15,000,000 төгрөг гэхэд нь маш хямдхан санагдаад худалдаж авсан. Зарсны дараа Ганбаатар гэдэг хүнийг дуудахад би 3-4 сая төгрөгөөр худалдаж авах гэж байсан гэж хэлээд засахаас татгалзсан. Б.Цэнд-Аюушийн хувьд ажиллах боломжтой байсан бол худалдаж авах сонирхолтой байсан боловч засаж болохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Чинбат сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чинбатад олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэнд-Аюушийн нэхэмжлэгч С.Чинбатад холбогдуулан гаргасан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттай холбоотой учирсан хохирол 5 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөг, хариуцагч Б.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 114 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Чинбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хатгамлын машин иь 2013 онд эвдэрч түүнээс хойш хэн хэзээ ч ажиллуулаагүй буюу эвдэрхий машины "бүрэн ажиллагаатай" гэж худалдсан. Компьютер нь ажилтай байсан чинь компьютер нь хэзээ ч ажиллаагүй, ажиллуулаагүй. 6 сарын дотор доголдлыг арилгуулах шаардлага гаргаад нэхэмжлэгч тал засварчин н.Ганбаатар гэдэг хүнийг олж өгсөн. Энэ хүн нь засаж чадаагүй. Шүүх хурал дээр "засаад өгвөл авъя" гэсэн засаж чадахгүй байна гэсэн. Монголд ижил нь байхгүй, засагдах боломжгүй, 2013 онд эвдэрснээс хойш нэг ч удаа ажиллаагүй талаар буюу одоо зөвхөн сэлбэгэнд буюу түүхий эдээр ашиглагдах цорын ганц боломжтой юм. Иймд эвдэрхий сэлбэгээс өөрөөр ажиллах боломжгүй эвдэрхий байхад 6 000 000 төгрөгөөр үнэлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч Б.Цэнд-Аюушт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттайгаар учирсан хохирол 5 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

С.Чинбат, Б.Цэнд-Аюуш нар нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хатгамлын машиныг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, 2016 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдөр эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 3-4 дүгээр тал/ Энэ талаар талууд маргаангүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин худалдагч, худалдан авагч нар гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, доголдлын талаарх шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан эсэхэд марган мэтгэлцсэн байх бөгөөд шүүх талуудын маргаж буй нөхцөл байдал, үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Худалдан авагч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор хатгамлын машины доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх учиртай ба хуульд заасан хугацааны дотор уг гомдлоо гаргаж байсан буюу 2016 оны 5, 9 дүгээр саруудад хариуцагчаас нэхэмжлэгчид хандан эд хөрөнгө доголдолтой талаар шаардлага гаргаж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал нь өөрийн шилжүүлсэн эд хөрөнгөө доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж өгсөн болохоо нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх шилжүүлэн өгөх үед овор хэмжээ ихтэй, хүйтэнд асааж ашиглаж болохгүй зэрэг шалтгаанаас эд хөрөнгийг хүлээн авах үедээ нэн даруй шалгаж авах боломжгүй байсан гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн ... Гэрээ байгуулах үед хатгамлын машиныг хүйтэнд асаах боломжгүй байсан, мэргэжлийн хүмүүсээс асуухад асааж болохгүй гэж хэлсэн. 2016 оны 05 дугаар сард над руу утасдаж машиныг үзүүлээд өгөөч гэхэд нь н.Ганбаатар гэж хатгамлын залууг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэсэн учир засуулж өгсөн. 2016 оны 09 дүгээр сард дахин залгаад н.Ганбаатартай уулзуулж өгөөч гэсэн гэх тайлбар, хариуцагчийн ... машин ажиллаад эхэлбэл мөнгийг төлөхөд бэлэн байна. 2016 оны 05 дугаар сард үзүүлэхэд дэлгэц нь эвдэрсэн байсан. С.Чинбатад хэлэхэд 2016 оны 07 дугаар сард засаж өгсөн. гэх тайлбарууд, шинжээчийн дүгнэлт зэргээр /хх-ийн 59-60, 129-131 дүгээр тал/ тогтоогдож байна. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ шалгах боломжгүй байсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх эд хөрөнгийг хүлээн авах үедээ нэн даруй шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд машин ажиллахгүй, эвдрэлтэй ... засвар хийсний дараа ашиглах боломжтой талаар заасан. /хх-ийн 129 дүгээр тал/ Худалдагч буюу нэхэмжэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой машин хүлээлгэж өгсөн болохоо худалдагч тал нотлоогүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байх тул худалдах, худалдан авах гэрээний зүйлийг доголдолтой гэж үзнэ.

Хариуцагчийн хувьд машин ашиглах боломжгүй, доголдолтой байсантай холбоотойгоор засуулах талаар шаардлага нь нотлогдож байгаа учраас доголдлыг арилгуулахаар шаардаж байсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасанд нийцсэн болно.

Харин сөрөг нэхэмжлэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын үндэслэлдээ зааж буй хууран мэхлэх замаар хариуцагч нь нэхэмжлэгчийг эвдэрхий эд зүйл өгсөн гэж тайлбарласан нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбарын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын агуулгаас харвал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч хадгалалттай холбоотой буюу эд зүйлийг өөрийн өмчлөлд байлган хадгалж байсан зардлаа нэхэж байгааг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол буюу ашиглах боломжгүй тоног төхөөрөмж өгсөн, түүнийг хадгалсантай холбоотой хохирлоо нэхэж байна гэж үзэхээр байна. Тэрээр гэрээнээс татгалзсан, цуцалсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, зөвхөн эд хөрөнгийг засуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан учраас өөрийн өмчлөлд байсан зүйлийг хадгалахтай холбоотой зардлыг нөгөө талаас нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалснаас хойш хугацаанд гэрээний нөгөө тал эд зүйлээ буцаан авах хүртэл хугацаанд эд хөрөнгийг хадгалсан болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй учир талуудад уг эрх үүрэг үүсэхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.Чинбат, Б.Цэнд-Аюуш нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 5 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Чинбатын хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Б.Цэнд-Аюушийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 5 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ