Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01638

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Г.Ц Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 52 520 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 967 123 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16 000 төгрөг, нийт 208 503 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ж.Л, хариуцагч Д.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Г.Цэ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нар 2018 оны 09 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад хандан гаргасан зээл авах өргөдөл болон холбогдох материалуудад үндэслэн талууд 2018 оны 09 сарын 14-ний өдөр ЗГ0701180794 тоот зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар, 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ЗБ0701180794 дугаартай барьцааны гэрээг байгуулан, Улсын бүртгэгчийн 11/145 дугаар тамгаар баталгаажуулсан.

Зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авах талаар заасан. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн.

Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүд нийт 17 753 431 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. ББСБ-н зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан ч үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулаад төлнө гэж хугацаа авдаг байсан. Мөн хуульд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй. Банк бусын хувьд сарын 2.5 хувь их биш. 2019 оны 09 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 52 520 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 967 123 төгрөг, нотариатын төлбөр 16 000 төгрөг, нийт 208 503 665 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэт өндөр хүү нэхэмжилж байна. Нийт 1,6 тэрбумын зээл авсан бөгөөд өндөр үнийн дүнтэй зээлийг банк руу шилжүүлдэг гээд зээл өгсөн боловч банкны зээл бүтээгүй. Үл хөдлөхөө худалдаад зээлээ төлөхөөр тохирсон боловч зарагдаагүй. Үндсэн зээл 150 000 000 төгрөг болон 2019 оны 09 сарын 14-ний өдөр хүртэлх хүүг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх хүүг бууруулах боломжтой. Нийт хүүгийн 20 хувийг хөнгөлөх нь зах зээлийн бодит байдалд нийцэх юм. Худалдаж авсан үл хөдлөх нь үйлчилгээний зориулалттай бөгөөд цаг үеийн байдлаас болоод зээлээ төлж чадаагүй юм. Иймд хүүгийн тодорхой хувийг багасгаж өгнө үү. Цар тахлаас болж ашиг олох боломжгүй болсон гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цэрэнжаргалаас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 208 503 665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч Д.Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цэрэнжаргал нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/, Их Монгол улсын гудамж, 802 дугаар байр, 306 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032772 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 270 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэрэнжаргалаас 1 270 688 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч нарыг банкны зээл хөөцөлдөж байгаа, үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулаад зээлээ төлнө гэсэн шалтгаанаар цаг хугацаа алдсан мэтээр тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, ийм утгатай тайлбарыг хариуцагч нар гаргаж байгаагүй билээ. Нэхэмжлэгч байгууллагаас 3 удаа нийт 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Ийм учраас өмгөөлөгчөөр дамжуулан зээлийн гэрээний хувийн хэргийг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд анх зээл авахдаа ямар өргөдөл бичиж байсан, зээлдүүлэгчтэй хэрхэн тохиролцож байсан талаарх баримтууд хэрэгт цугларч хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, үндэслэл бүхий шийдвэр гарах байсан. Гэвч шүүх энэхүү хүсэлтийг хуульд заагдаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдод тэгш хандаагүй гэж үзнэ.

Мөн хариуцагч Г.Цэрэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баттөр нь 2020 оны 05 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудаас татгалзал байгааг асуусан, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзах нөхцөл үүсэхгүй хэмээн тайлбарлаж хүсэлтийг шийдвэрлээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4, 92.6 дахь хэсэгт заасныг зөрчиж татгалзан гаргах тухай хүсэлт гарсантай холбогдуулан хэргийн бусад оролцогчдын санал, тайлбарыг сонсоогүй, татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэх талаар зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг нэгэнт авсан зээлийг төлөх нь тодорхой биз дээ гэж хэлсэн шүүгчийг тус хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ илэрсэн даруйд буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө хүсэлтийг гаргаж байхад шүүх хуралдаан эхлэхээс өмнө асуусан, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзаж болохгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж гэрээний дагуу хэн алинд нь эрх, үүрэг үүсдэг. Энэ утгаараа нэхэмжлэгч зээлийн гэрээ дуусгавар болсон үед шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

Хариуцагч Д.Б нь барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч байгааг үл харгалзан, бусад оролцогч нар хариуцагчаас татгалзах хүсэлт гаргаагүй байхад түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх үндэслэлүүд байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК нь хариуцагч Г.Ц Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 52 520 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 967 123 төгрөг, нотариатын төлбөр 16 000 төгрөг, нийт 208 503 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар үнийн дүнгийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан. /хх 1-4, 32/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн ЗГ0701180794 дугаар зээлийн гэрээгээр, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Г.Цэрэнжаргалд 150 000 000 төгрөгийг, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн үйлчилгээний болон гэрээний нөхцөл өөрчлөхөд шимтгэл суутгах нөхцөл тус бүрийг харилцан тохиролцсон байна. /хх 13-15/ Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Ц Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204032772 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон 802 дугаар байр, 306 тоот хаягт байршилтай, 140.66 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, нотариатаар болон улсын бүртгэгчээр баталгаажуулжээ. /хх 16-18/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүйн гадна барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, зээлдэгч Г.Цэрэнжаргал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, гэрээний 2.3-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх зээлдэгч Г.Цэрэнжаргалын дээрх гэрээгээр биелүүлвэл зохих үүргийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах өдрөөр бус гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцох ёстой гэж тайлбарлах боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч тал анхан шатны шүүх хариуцагч нар нэхэмжлэгчээс 3 удаагийн зээлийн гэрээгээр нийт 1,6 тэрбум төгрөг зээлсэн тул зээлдэгчийн хувийн хэргийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй, мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 150 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд хэргийн 22 дахь талд авагдсан Төлбөрийн даалгавар-ын баримтаар гэрээний 2.9-д заасан зээлийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байсан тул анхан шатны шүүх тухайн хүсэлтийг хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй. /хх 64, 73-74/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч Г.Цэрэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баттөр дээрх нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүгч шийдвэрлэсний дараа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан байна. /хх67-68/ Иймд анхан шатны шүүх уг татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй талаар болон хэргийн оролцогч нар мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны дэг дарааллын дагуу шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг асуухад татгалзалгүй гэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Д.Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэсэн нь найруулгын хувьд буруу байгааг залруулан өөрчлөв. Тодруулбал, хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний нэг тал биш боловч барьцааны гэрээний зүйлийн хамтран өмчлөгч, барьцаалуулагчийн нэг болохын хувьд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цэрэнжаргалаас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 208 503 665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч Д.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 270 688 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР